Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/07/23-НД НИЙТЛЭГДСЭН

Ерөнхий сайд асан С.Баярт таван жил хорих ял оноож, АНУ дахь үл хөдлөх хөрөнгийг нь улсын орлого болгохоор шийдвэрлэжээ

А.Төгөлдөр, iKon.mn
2020 оны 7 сарын 23
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Давааням нарт холбогдох хэргийн эрүүгийн хэргийн шүүх хуралдаан Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж, тэднийг гэм буруутайд тооцлоо. 

С.Баяр нь 2007 оны арваннэгдүгээр сараас 2009 оны аравдугаар сарын 28-ны өдөр хүртэл Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллах хугацаандаа Засгийн газрын 2008 оны арванхоёрдугаар сарын 5-ны өдрийн Хөрөнгө оруулалтын гэрээний тухай тогтоолоор Оюутолгойн ордын ашиглах зорилгоор гадаад, дотоодын хөрөнгө оруулагчтай яриа хэлэлцээр хийхийг Эрдэнэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт, Сангийн сайд С.Баярцогт, БОАЯЖ-ын сайд Л.Гансүх нарт үүрэг болгосон. 

Мөн Оюутолгой ордыг ашиглалтад оруулах, хөрөнгө оруулалтын гэрээ байгуулахад олж авсан мэдээлэлд үндэслэн албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж албаны чиг үүргийн дагуу олж авсан мэдээллээ албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэтгэх зорилгоор найз Ч.Даваанямын хувь нийлүүлсэн “Петровис трейдинг” ХХК-нд “Айвенхоу майнз Монголиа инк” компанитай 2009 оны есдүгээр сарын 1-ний өдөр шатах тослох материал нийлүүлэх тухай гэрээ байгуулж, энэ гэрээ нь 2013 оныг дуустал хүчинтэй байх хугацаанд “Петровис” компанид 418,385,173,982 төгрөгийн орлого олох боломжийг олгон, Монгол Улсад хүнд хор уршиг учруулсан гэж үзжээ. 

Улмаар С.Баяр нь эрх мэдэл, албан тушаалын давуу байдлаа урвуулан ашиглаж, бусдад бий болгосон давуу байдлаас үүссэн хөрөнгийг эх үүсвэрийг нуун далдлах зорилгоор АНУ-руу явж Ч.Даваанямтай бүлэглэн өөрийн том охин Нандин болон Ч.Давааням нарын хамтран эрхэлдэг гэх үл хөдлөх хөрөнгийн бизнесийг үргэлжлүүлэн явуулж байгаа нэрийдлээр АНУ-ын Нью-Йорк, Сиатл хотуудад 2010 оноос 2014 оны хооронд дөрвөн үл хөдлөх хөрөнгийг нийт 11,643,000 ам.доллараар худалдан авч, улмаар дээрх үл хөдлөх хөрөнгө борлуулсны орлогыг АНУ-ын банкан дахь өөрийн болон эхнэр Сувдын дансаар 2011-2017 он хүртлэх хугацаанд 3,596,148 ам.доллар буюу 5,580,444,337 төгрөгийг авч, мөнгө угаасан үйлдэлд гэм буруутайд тооцон дараах ялыг оноожээ. 

С.Баярт нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилээр хасч, нийт таван жил хорих ялыг нээлттэй дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна

Харин Ч.Даваанямд хоёр жил хорих ял оноожээ. 

Түүнчлэн хууль бусаар олж авсан орлого гэж үзэн С.Баяраас 5,580,444,637 төгрөг, Ч.Даваанямаас 5,766,440,000  төгрөгийн үнэлгээ бүхий АНУ-ын нутаг дэвсгэр дэх орон сууцыг хурааж улсын орлого болгох шийдвэрлэсэн байна.