Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/07/16-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Ганбаатар: АНУ руу олон улсын тэмцээнд явсан хүү минь гудамжинд хаягдчихлаа. Би хүүгээ эрүүл авч ирмээр байна

Б.Даваабазар, iKon.mn
2020 оны 7 сарын 16
iKon.MN
 
Гэрэл зургийг MPA.mn

"Хилийн чанад дахь Монголчуудын зөвлөл" ТББ болон гадаадад гацсан иргэдийн ар гэрийнхний төлөөлөл УОК-т шаардлага хүргүүлж байгаа талаар энэ оны долоодугаар сарын 9-ний өдөр мэдээлэл хийсэн билээ.

Тэгвэл энэхүү шаардлагын хариуг УОК өнөөдрийг хүртэл өгөөгүйгээс гадна гадаадад гацсан иргэдийн нөхцөл байдал улам хүндэрсээр байгаа гэх шалтгаанаар Онцгой байдлын ерөнхий газрын гадна цуглаад байна.

Өгсөн шаардлагын тухайд,

  1. Татаж авах хүнийхээ тоог нэмэх
  2. Хилийн чанад дахь Монголчуудын зөвлөл ТББ-аас УОК-т хөндлөнгийн хяналт оруулах
  3. Тусгаарлах байрны асуудлыг хурдан шийдэж өгөх гэсэн агуулгатай байсан билээ.

Иргэдийн зүгээс ОБЕГ-руу орох гэсэн боловч нэвтрүүлээгүй, мөн албаны хүн гарч ирж тайлбар мэдээлэл өгөхгүй байгаа ба тайлбар мэдээллийг хүсэж, тайлбар өгөхгүй байгаад нь болон төлөвлөгөөгөө хэлэхгүй байгаад нь бухимдаж буйгаа илэрхийлсэн юм. 

"Миний хүү эрүүл явсан, одоо ч эрүүл байгаа. Хэрвээ янз бүрийн юм болбол би энэ газраас хүүгээ нэхнэ"

 
Гэрэл зургийг MPA.mn

Иргэн Д.Ганбаатар: Өвөө нь маргаашаас үүдэнд нь суулт хийнэ. Өргөдөл өгөөд ч хэрэггүй байна. Ах нь таван сарын 8-нд, зургаадугаар сарын 13-нд УОК-д өргөдөл өгсөн. Сая манай бэр Гадаад харилцааны яамны Консулын газарт  өргөдөл өглөө. Би хариугаа авч байж л эндээс сална. Миний хүүхэд нохой шиг тэнд хаягдчихаад байна.

АНУ-ын Аляска мужид олон улсын тэмцээнд яваад, тэнд ганцаараа хаягдчихаад өнөөдөр Америкийн элчин дээр нисэж очиж байгаа. Арай л хэтэрч байна. Хүмүүс авч ирээд байна гээд байгаа. Миний хүүхэд тэнд гудамжинд орох орон байхгүй хаягдчихаад байна.

Ээж нь даралт ихтэй, эмнэлгийн хяналтад байдаг. Хэрвээ янз бүрийн юм болбол би энэ газраас хүүгээ нэхнэ. Миний хүү эрүүл явсан, одоо ч эрүүл байгаа. Америкт өвчин гарчихаад өдөр болгон л нэмэгдэж байна гэнэ. Би хүүгээ эрүүл авч ирмээр байна.

"Хэзээ, хаана, хэн, хэрхэн энэ онгоцоор ирээд байгаа нь тодорхойгүй, бүх юм тодорхойгүй байхад хүмүүс бухимдахгүй гээд яах вэ дээ" 

 
Гэрэл зургийг MPA.mn

Иргэн н.Болдбаатар: АНУ-д манай гэр бүлийн хүн гацчихаад, УОК-д удаа дараа өргөдөл гомдол өгсөн. Энд гурван хүүхэд нь байхад тусгай нислэгт багтаж чадахгүй суугаа. УОК-оос бид мэдээллээ ил тод болгохыг л хүсэж байна.

Ер нь цаашид гадаадад байгаа иргэдээ хэрхэн авч ирэх талаар, иргэд ямар нөхцөлд байгаа, иргэдийн бичиг баримтын асуудлыг хэрхэн шийдэх вэ, ер нь авч ирэх үү,үгүй юу гэдгийг л асууж, шаардаж байгаа юм. Гэтэл ийм төлөвлөгөө ч байхгүй, тайлбар хариу ч өгөхгүй байна. Иргэдийг бухимдуулж байгаа зүйл нь мэдээлэл нь ил тод биш, дээрээс нь гадаадад байгаа хүмүүс рүү хандсан ямар нэгэн үйл ажиллагаа байхгүй байдал.

Ирж байгаа хүмүүс виз, тусгаарлагдах байрны төлбөр гээд бүх мөнгөө өөрсдөө 100 хувь төлж байгаа. Ийм байхад улс өөрийн үүргийн дагуу зохион байгуулах ажлаа бүрэн гүйцэд хийх ёстой.

Бас УОК-оос эрх бүхий этгээд гарч ирээд тайлбар өгөх ёстой байтал үүргээ гүйцэтгэхгүй урдаас хэдэн залуучууд тавьчихаад, нууц, онцгой бүс гэсэн тайлбар тавьж байна. Хэзээ, хаана, хэн, хэрхэн энэ онгоцоор ирээд байгаа нь, үлдсэн хүмүүсийг авах эсэх нь ч тодорхойгүй, бүх юм нь тодорхойгүй байдалд хүмүүс бухимдахгүй гээд яах вэ дээ. Улс орныг удирдагчид үүргээ гүйцэтгэж чадахгүй байна.

Манайх гэхэд гуравдугаар сарын 18-наас хойш таван удаа өргөдлөө өгсөн. Ядаж хариу шалтгаан ч өгөөгүй.  

"Зайлшгүй ирэх хүмүүс нь л өргөдлөө өгч байгаа" 

 
Гэрэл зургийг MPA.mn

Иргэн: Өргөдлөө он, сар, өгсөн дэс дараалал, регистр, орон орноор нь гаргах хэрэгтэй. Заавал ирэх шаардлагагүй хүмүүс нь визээ сунгуулаад явж байгаа. Гэтэл зайлшгүй ирэх ёстой хүмүүс нь л өргөдлөө өгч байгаа шүү дээ.  

 
Гэрэл зургийг MPA.mn
 
Гэрэл зургийг MPA.mn