Азийн хөгжлийн банк(АХБ) шинэ төрлийн коронавирус (COVID-19)-ээр үүсгэгдсэн цар тахлын Монгол Улсын нийгэм, эдийн засаг, түүний дотор хүн амын эмзэг бүлэг болох хүүхэд, эмэгтэйчүүдэд үзүүлж буй сөрөг нөлөөг бууруулах зорилгоор 26.4 сая ам.долларын зээлийн санхүүжилтийг олгохоор шийдвэрлэв.
Монгол Улс COVID-19 цар тахлын эсрэг арга хэмжээг цаг алдалгүй, үр дүнтэй хэрэгжүүлснээрээ тархалтыг хязгаарлаж чадсан. Гэсэн хэдий ч эрүүл мэндийн эрсдлийн түвшин өндөр хэвээр байгаагийн зэрэгцээ эдийн засгийн өсөлт саарч, улмаар улс орны эдийн засагт олон сөрөг асуудал тулгарч байна.
Засгийн газар цар тахлын эсрэг авч хэрэгжүүлэх бодлогынхоо хүрээнд өнгөрсөн тавдугаар сарын 6-нд хүнсний эрхийн бичиг олгох хөтөлбөрийг өргөжүүлэх зэрэг нийгмийн халамж үйлчилгээтэй холбоотой авч хэрэгжүүлэх бусад арга хэмжээг зарласан.
Хүнсний эрхийн бичиг нь мөнгөн дэмжлэгтэй адилтгахуйц бөгөөд цахим картыг цэнэглэх байдлаар, мөн алслагдсан орон нутагт байгаа иргэдэд цаасан эрхийн бичиг олгодог. Уг эрхийн бичгээр иргэд сүү, ногоо зэрэг өргөн хэрэглээний 10 төрлийн хүнсний бүтээгдэхүүн авах эрхтэй байдаг.
Хүнсний эрхийн бичиг олгох хөтөлбөрт нийт 240,500 иргэн хамрагддагаас 118,000 нь хүүхдүүд байна. Нийт хамрагдагсдын 53 хувь нь охид, эмэгтэйчүүд бөгөөд хөтөлбөр нийт 44,325 (хүн амын нэн ядуу бүлгийн 5%) өрхийн амьжиргааг дэмжиж байна.
Энэхүү төсөл нь АХБ-наас COVID-19 цар тахлын үед Монгол Улсад үзүүлж буй багц дэмжлэгийн чухал хэсэг бөгөөд уг төслөөс өмнө АХБ хэд хэдэн төрлийн багц дэмжлэг үзүүлсэн. Тухайлбал, эмнэлгийн яаралтай тусламжийн тоног төхөөрөмж, хэрэгсэлд зориулсан буцалтгүй тусламж, богино болон дунд хугацааны хариу арга хэмжээг дэмжих, үүний дотор эрүүл мэндийн аюулгүй байдлыг дэмжих 40 сая ам.долларын зээлийн санхүүжилт, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих 24 сая ам.долларын дахин хуваарилалт, мөн түүнчлэн мөчлөг сөрсөн хөгжлийн санүүжилтийг дэмжих 100 сая ам.долларын санхүүжилт зэргийг олгохоор шийдвэрлээд байна.
“COVID-19 тархсанаас үүдэн иргэд ажлын байраа алдаж, орлого нь багасаж байгаагийн зэрэгцээ хүнсний бүтээгдэхүүний үнэ өсөж байгаа нь ядуу, эмзэг бүлгийн хүн амд илүү сөргөөр нөлөөлнө” гэж АХБ-ны Нийгмийн салбарын Ахлах мэргэжилтэн Карин Шелциг онцлон тэмдэглэлээ. Мөн тэрбээр “АХБ-ны дэмжлэгтэйгээр хэрэгжих цар тахлын үед хариу арга хэмжээ авах нийгмийн хамгааллын төслийн хүрээнд хүн амд олгох хүнсний эрхийн бичиг болон мөнгөн тэтгэмжийг тодорхой хугацаанд нэмэгдүүлэх бөгөөд нийгмийн хамгааллын зорилтот бүлэгт чиглэсэн хоёр хөтөлбөрийн хэрэгжилтийг дэмжинэ” хэмээн онцлов.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!