Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/06/10-НД НИЙТЛЭГДСЭН

"Бямба гарагаас үйлчилгээнд гарах хоёр давхар, цахилгаан автобусны нэг бүр нь $200,000-ын үнэтэй"

Г.Өлзийхутаг, iKon.mn
2020 оны 6 сарын 10
iKon.MN
Зураг зураг

Энэ сараас хоёр давхар, цахилгаан автобуснуудыг нийтийн тээврийн үйлчилгээнд явуулах талаар бид өмнө нь мэдээлсэн.

Нийтийн тээврийн үйлчилгээнд нэвтрүүлэх гэж буй тухайн автобуснуудын үнэ болон аюулгүй байдлын талаар “Зорчигч тээвэр гурав” ОНӨААТҮГ-ын дарга Б.Цолмонгоос дахин тодруулав.

"Давхар автобусанд 70 хүн зорчих боломжтой бөгөөд 500 төгрөгөөр үйлчилгээ үзүүлнэ"

 
Гэрэл зургийг Mpa.mn

- Цахилгаан автобуснуудыг нийслэлийн төсвөөс 20 хувийг нь урьдчилгаа болгон өгч байгаа гэсэн. Яг нэг бүрийнх нь үнэ хэдээр орж ирж байгаа бол. БНХАУ-д үйлдвэрлэгдсэн үү?

-"Зорчигч гурав тээвэр" ОНӨААТҮГазар хоёр давхар, цахилгаан автобус 10 ширхэг, энгийн цахилгаан автобус 36 ширхгийг оруулж ирэхээр гэрээ хийгдээд, нийлүүлэгдэж байгаа. Тэдгээр автобус ойрын хугацаанд орж ирж дуусна.

Тэдгээрийг Хятадын Хөгжлийн банкнаас хөнгөлөлттэй зээлээр авч буй. Бүгдээрээ БНХАУ-д үйлдвэрлэсэн, 100 хувь цахилгаан автобус.

Тодруулбал, урьдчилгаа 20 хувийг нийслэлийн төсвийн хөрөнгөөр, 80 хувийг Монголын хөгжлийн банкны DBM Leasing компани болон Хятадын хөгжлийн банкны санхүүгийн зургаан жилийн хугацаат зээлийн эх үүсвэрээр авсан.

Давхар автобусны нэг бүрийнх нь үнэ 200 мянга орчим доллар бол нэг давхар цахилгаан автобусыг 140 мянган доллароор авч байгаа.

-Цахилгаан гэхээсээ илүү давхар автобус гэдгээрээ хүмүүсийн сонирхлыг ихээхэн татаж байна. Нэг дор хэдэн хүн зорчих боломжтой вэ?

-Хоёр давхар автобусны хувьд 4.2 метр өндөртэй, дотор нь нийт 70 хүн зорчих боломжтой. 

-Тухайн автобус нь манай орны нөхцөлд хэр тохиромжтой вэ. Аюулгүй байдал нь хангагдсан уу?

-Тухайн үйлдвэрийн цахилгаан автобусыг "Зорчигч тээвэр-3" ОНӨААТҮГ Улаанбаатарт оруулж ирээд жил гаруйн хугацаанд 48 мянган километрт туршилт хийсэн.

Өвөл, зун бүх зүйл нь асуудалгүй бөгөөд зуны улиралд агаар хөргүүр ажиллана.

-4.2 метр өндөр гэхээр зорчих хэсгийн хөдөлгөөнд ямар нэгэн байдлаар саад учруулахгүй юу. Тухайлбал, троллейбусны утас зэрэг нь саад болохгүй юу?

-Хоёр давхар автобус 4.2 метр өндөртэй гэдэг нь одоо үйлчилгээнд явж байгаа автобуснуудаас 1.14 метрээр л өндөр гэсэн үг.

Улаанбаатар хотын төв замаар байрладаг троллейбусны шугам нь 5.6 метрээс дээш өндөрт байдаг учир хоёр давхар автобусыг троллейбус газруудаар ч үйлчилгээнд явуулах бүрэн боломжтой.

-Ер нь нэг цэнэглэлтээр хэр удаан үйлчилгээнд явах боломжтой вэ?

-Одоогийн бидний туршиж байгаа нэг цахилгаан автобус нь нэг удаагийн цэнэгээрээ 06:00-23:00 цаг хүртэл тасралтгүй явж байгаа.

Давхар автобус ч бас нэг цэнэглэлтээр түүнтэй адил хугацаанд үйлчилгээ үзүүлэх бүрэн боломжтой.

-Аль чиглэлд, яг хэзээнээс үйлчилгээнд явуулах талаар та дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?

-Бүх чиглэлд гаргах бүрэн боломжтой. Автобус одоогоор Замын-Үүдийн боомтоор дөнгөж орж ирж байгаа юм.

Бид энэ долоо хоногийн Бямба гарагаас эхлэн үйлчилгээнд гаргахаар төлөвлөн, автобусны камеруудыг онлайн системд холбох, тусгай төхөөрөмжүүдээр тоноглох зэрэг бэлтгэл ажлаа хангаж байна.

-Шинэ автобуснууд хэдэн төгрөгөөр үйлчилгээ үзүүлэх бол?

- Одоогийн нийтийн тээврийн үйлчилгээний тарифаар буюу 500 төгрөгөөр л үйлчилнэ.