Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/06/09-НД НИЙТЛЭГДСЭН

Улсын Их Дэлгүүрийн баруун, хойд замыг түр хаасан. Маргааш нээгдэх байх гэв

Б.Билгүүн, iKon.mn
2020 оны 6 сарын 9
iKon.MN
 
Гэрэл зургийг MPA.mn

Энэ оны зургаадугаар сарын 07-ны өдөр Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Улсын Их дэлгүүрт гал гарч, зургаадугаар давхар болон дээврийн хэсэг шатсан харамсалтай хэрэг гарсан билээ.

Тухайн үед гал унтраах, аврах найман ангийн 100 орчим алба хаагч, 25 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж галыг бүрэн унтраасан юм. Аз болоход гал дотроо тархаагүй хэдий ч барилга бүхэлдээ утаажилтад байгааг Гал унтраах, аврах ангийн алба хаагч тухайн үед мэдээлж байсан юм.

Улсын Их Дэлгүүр нь дэлхийн шилдэг брэндийн 80 тасагт 500 гаруй ажилтан, харилцагчийн 50 тасагт 220 ажилтан, түрээслэгчийн 130 тасагт 260 ажилтан нийт 1,000 гаруй ажилтантай. 

Гал гарсантай холбоотойгоор УИД-ийн баруун болон хойд талын зам хаагдсан нь тухайн газарт бизнес эрхлэгч нарт саад учруулж байна гэх гомдол зарим бизнес эрхлэгчдээс ирсэн. 

Тухайлбал, “Алтай центр худалдаа үйлчилгээний төв"-ийн худалдааны менежер А.Адилаа "Ням гарагт гал гарч УИД-ийн үйл ажиллагааг зогсоосон. Тэгээд өчигдөр их дэлгүүрийн зүүн болон баруун талын зам хаалттай байсан.  Учир нь өчигдөр 15 цагаас эхлээд түрээслэгч нар дэлгүүр рүүгээ ороод бараагаа авч эхэлсэн.  Өнөөдөр өглөө 09:00 цагаас эхлээд мөн л бараагаа авч байсан ба зүүн талын замаа нээгээд баруун талын зам хаалттай хэвээрээ байна.

Тэгэхээр нь УИД дээр үйл ажиллагааг хариуцан ажиллаж байсан дэд хурандаад “бид ч гэсэн жижиг бизнес эрхлэгч нар, бизнесийнхээ үйл ажиллагааг эхэлмээр байна. ОБЕГ-ын үйл ажиллагаа дууссан тул тэдний зүгээс зам хаагаагүй гэсэн” гэж хэлээд шаардлага тавьсан.  

Тэгсэн та бүхэн хоёр, гурван хоног тэвччих, түрээслэгч нар ороод юм аа авч байгаа болохоор бид аюулгүй байдлыг хангаж байгаа юм гэсэн.  Түрээслэгч нар бараагаа авах нь энгийн л өдөр бүр  болдог зүйл. Тийм байхад нийтийн эзэмшлийн зам талбайг хааж, бусад бизнесийн байгууллагуудын үйл ажиллагаанд саад учруулж, эрх ашгийг зөрчиж байна” гэв. 

"Түрээслэгчид их хэмжээний бараагаа ачиж авахын тулд том тээврийн хэрэгслүүд орж, гарах гээд хөдөлгөөнд саад учруулаад байсан тул дэлгүүрийн хойд болон баруун талын замыг нь хаасан"

Зам хаасан шалтгаан болон хэзээ нээх талаар тодруулахаар тухайн хэргийн газарт хяналт тавьж ажиллаж буй Чингэлтэй дүүргийн Урьдчилан сэргийлэх хэлтэстэй холбогдож албаны эх сурвалжаас тодруулахад “Галд өртөөгүй давхруудын бараануудыг түрээслэгчдэд нь хүлээлгэн өгч, түрээслэгчид их хэмжээний бараагаа ачиж авч байгаа. Дээрээс нь Цагдаагийн байгууллагаас хэргийн газар үзлэг хийгдэж байгаатай холбогдуулан УИД-ийн хойд болон баруун талын замыг өчигдөр, өнөөдөр гээд хоёр хоног хааж байгаа. Маргаашаас нээгдэх байх.

Үндсэндээ Замын цагдаагаас хөдөлгөөнийг хаасан. Бидний зүгээс холбогдох хяналтаа тавьж, хэргийг мөрдөн шалгах баг, мэргэжлийн хяналт, прокурор зэргээс баг бүрдэн хэргийн газарт үзлэг хийж, ажиллаж байна. Мэдээж хүний юм шатчихсан болохоор хохирлыг тогтоох зэргээс эхлээд ажлууд гарна. Үзлэг нь хоёр хоногийн хугацаатай явагдаж байгаа юм. Түүнчлэн Хөдөлгөөн зохицуулах журамд хөдөлгөөнийг хязгаарлах онцгой тохиолдлууд гэж бий. Уг журмаараа л явж байгаа төдий.

Манайд бас газруудаас гомдол ирж байгаа. Гэхдээ түрээслэгчид их хэмжээний бараагаа ачиж авахын тулд том тээврийн хэрэгслүүд орж, гарах гээд хөдөлгөөнд саад учруулаад байсан тул дэлгүүрийн хойд болон баруун талын замыг нь хаасан” гэв.

Одоогийн нөхцөл байдлын хувьд УИД-ийн түрээслэгчид дэс дараалалтайгаар дотогш орж бараа бүтээгдэхүүнээ бүртгэн лацдах, хүлээн авах үйл ажиллагаа явагдаж, дэлгүүрийг тойрон цагдаагийн хамгаалалтад авжээ. 

Их дэлгүүрийн доторх нөхцөл байдал:

 
Зургийн эх сурвалж: Нийслэлийн Мэдээ нэртэй Фэйсбүүк хаягнаас зургийг ашиглав.

Эргэн тойрны нөхцөл байдал: