Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/06/09-НД НИЙТЛЭГДСЭН

"Сидней-Улаанбаатарын онгоцоор ирсэн сэжигтэй хоёр иргэнийг ХӨСҮТ-д тусгаарласан"

Г.Номин, iKon.mn
2020 оны 6 сарын 9
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Эрүүл мэндийн яамны ээлжит хэвлэлийн хуралд Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал оролцож мэдээлэл өглөө.

Тэрбээр "Өчигдөр Сидней-Улаанбаатарын онгоцоор 262 иргэнийг хүлээж авлаа. Тэднээс толгой өвдөх, ханиалгах зовуурьтай хоёр иргэнийг ХӨСҮТ-д тусгаарласан. Мөн архаг хууч өвчтэй, хавдар, элэгний хатууралтай гэх мэт шалтгаантай 15 иргэнийг Цэргийн төв эмнэлэгт тусгаарласан эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж байна. Бусад иргэдийг тусгаарлах байруудад байрлууллаа.

Тус нислэгээр бага насны хүүхэдтэй гэр бүл 79, жирэмсэн болон асран хамгаалагчтай 15, өндөр настан болон асран хамгаалагч 47, хөгжлийн бэрхшээлтэй 2 гэх мэт шалтгаантай иргэд ирсэн байгаа.

Нийтдээ тусгаарлах байранд 122 эмч, эмнэлгийн мэргэжилтэн ажиллаж байна. Яг одоо тусгаарлан ажиглах байранд 1,512 хүн байна. Өссөн дүнгээр 8,111 хүнийг улсын хэмжээнд тусгаарлан ажиглалаа. Улсын хэмжээнд давхардсан тоогоор 17,341 сорьцод лабораторийн шинжилгээ хийсэн байгаа. Үүнд сэжигтэй тохиолдлуудаас гадна, хилийн боомтууд дээр ажиллаж байгаа хүмүүс, уушгины эмгэгтэй хүмүүсийг хамруулсан.

Гэрийн тусгаарлалтад нийслэлд 399, Сэлэнгэ, Дорнод, Өмнөговь, Дархан-Уул, Орхон, Баян-Өлгий аймгуудад гэрийн тусгаарлалтад бас иргэд байгаа.

Бид орж ирж байгаа хүмүүсээ аливаа клиник эмнэл зүйн шинж тэмдэг илэрхээс нь өмнө шинжилгээнд хамруулж, баталгаажуулж авч байгаа нь эмнэлгийн тусламж үйлчилгээнд давуу талтай байна" хэмээн ярилаа.

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/746287079458890/
ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.