Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/06/09-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Янжмаа: Дорнод Европ болон Төв Азийн улсуудад халдвар өсөж байгааг ДЭМБ-аас анхааруулав

Г.Өлзийхутаг, iKon.mn
2020 оны 6 сарын 9
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа COVID-19 халдвар тархсан дэлхийн улс орнуудын нөхцөл байдлыг танилцууллаа.

Тэрбээр "Дэлхийн хэмжээнд сүүлийн ес хоногийн турш өдөрт дунджаар 100 мянга гаруй тохиолдол батлагдаж байна.

ДЭМБ-аас өнгөрсөн Ням гарагт л гэхэд 136 мянган тохиолдол дангаараа бүртгэгдсэн болохыг онцолсон бөгөөд нийт долоон сая гаруй халдварын тохиолдол бүртгэгдээд буй. 

Сүүлд бүртгэгдсэн нэг сая орчим тохиолдлын 75 хувь нь Өмнөд Америк, Зүүн Өмнөд Азийн улсуудад гарсан байна.

Итали, Испани, Их Британи, Франц зэрэг улсад халдвар буурч байгаа ч шинээр Дорнод Европын зарим улс болон Төв Азийн орнуудад халдвар өсөж байгааг анхааруулсан" гэдгийг онцолж байв.

АНУ

Дэлхийн хэмжээнд COVID-19 халдвар бүртгэгдсэн тохиолдлын тоогоор тэргүүлж байгаа улсуудын нэгдүгээрт АНУ бичигдэж байна.

Тус улсын Өвчний хяналт, сэргийлэлтийн төвийн мэдээлснээр, зургаадугаар сарын 8-ны өдөр АНУ-д нийт 17,900 гаруй тохиолдол, 474 нас баралт шинээр бүртгэгджээ.

Нийт халдварын тохиолдол тус улсын хэмжээнд 1.9 саяд хүрснээс 110 мянга гаруй хүн эндээд байгаа юм.

Холбооны муж улсын хэмжээнд 22 муж улсад халдвар өсөх хандлага ажиглагдаж байгаа бол 20 орчим муж улсад шинэ тохиолдлын тоо буурч, найман муж улсад халдварын нөхцөл байдал тогтвортой байна.

Түүнчлэн Техас, Калифорни, Флорида зэрэг муж улсад өдөрт шинээр бүртгэгдэж буй тохиолдлын тоо нь Нью-Йорк мужаас илүү гарсан бөгөөд дээрх мужуудад шинэ халдварын тоо огцом өсөж байна.

Цар тахлын эхэн үед АНУ-ын баруун болон зүүн эргийн дагуух томоохон хотуудад халдвар хүн амын дунд өргөн хүрээнд тархаж байсан бол сүүлийн хоёр долоо хоногийн турш их газрын мужуудад тархалт нэмэгджээ.

Бразил

ХБНБУ-д өчигдөр 15,600 тохиолдол, 679 нас баралт шинээр бүртгэгдсэн талаар тус улсын Эрүүл мэндийн яамнаас мэдээлжээ.

Мөн өдөр 6,000 гаруй хүн эдгэрсэн байна.

Тус улсын нийт батлагдсан халдварын тоо 707 мянга гаруй болсон бол 37,134 хүн уг өвчний улмаас нас баржээ.

Бразил улсын Засгийн газрын зүгээс өнгөрсөн Бямба гарагаас халдвар, нас баралтын нийт дүн мэдээллийг өгөхөө больсон нь дотоодод ихээхэн шүүмжлэл дагуулсан.

Үүний улмаас Мягмар гарагаас эхлэн нийт дүн мэдээг дахин өгч байхаар болсон байна. 

БНЭУ

Даваа гарагт БНЭУ-д 9,880 гаруй шинэ тохиолдол бүртгэгдэж, нийт батлагдсан тохиолдлын тоо 256,600 гаруйд хүрчээ.

Мөн өчигдөр тус улсын хэмжээнд 206 нас баралт нэмж бүртгэгдэн, нийт эндэгдэл 7,100 болов. 

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/746287079458890/

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.