Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/06/08-НД НИЙТЛЭГДСЭН

Швейцарын ROCHE компанийн "COVID-19" илрүүлэх оношлуурыг ХӨСҮТ-д хандивлалаа

Б.Даваабазар, iKon.mn
2020 оны 6 сарын 8
iKon.MN
 
Гэрэл зургийг MPA.mn

Дэлхий дахинд шинэ технологи, баталгаатай лабораторийн тоног төхөөрөмж, урвалж оношлуурын үйлдвэрлэлээрээ тэргүүлэгч №1 Швейцарын ROCHE компани өнгөрсөн тавдугаар сард COVID-19-ийг богино хугацаанд оношлох боломжтой Elecsys Anti-SARS-COV-2 оношлуурыг үйлдвэрлэн гаргасан билээ.

Тэгвэл энэхүү оношлуурыг Roche компанийн Монгол дахь албан ёсны төлөөлөгч болох Сетунари ХХК нийгмийн хариуцлагынхаа хүрээнд тусгайлан захиалж, 400 хүний шинжилгээний урвалжийг өнөөдөр ХӨСҮТ-ийн лабораторид хандивлалаа. 

 

Elecsys Anti-SARS-COV-2 шинэ оношлуур нь COVID-19-ийн вирусийн эсрэг биетийг богино хугацаанд эрт илрүүлэх 100% мэдрэг чанартай бөгөөд хүний бусад төрлийн короновирустэй харилцан үйлчлэлд ордоггүй тул хуурамч эерэг хариу гардаггүй гэдгээрээ PCR-аас бусад оношилгооны аргуудаас давуу талтай юм.

Мөн эмгэг төрүүлэгчийн эсрэг дархлаа үүссэн эсвэл үүсээгүй болохыг тодорхойлдог шинжилгээ бөгөөд хүн амын дундах вирусийн өртөлтийг илрүүлэх, тархалтыг үнэлэхэд ч ихээхэн шаардлагатай оношлуур болоод буй. 

Түүнчлэн Elecsys Anti-SARS-COV-2 оношлуур нь манай улсын хувийн болон улсын эмнэлгүүдийн лабораторид түгээмэл хэрэглэгддэг ROCHE компанийн Cobas e411 бүрэн автомат тоног төхөөрөмжийн тусламжтайгаар 9-18 минутад буюу богино хугацаанд вирусийг илрүүлэхээс гадна гар ажиллагаа шаардахгүйгээр шууд ашиглах боломжтой тул шинжилгээ хийж буй эмнэлгийн ажилчдыг халдварт өртөх эрсдлээс хамгаалах чухал ач холбогдолтой аж.  
 

Тэр ч утгаараа Сетунари ХХК-ийн нийлүүлсэн Cobas e411 бүрэн автомат төхөөрөмж нь ашиглахад хялбар, хариу богино хугацаанд гардаг, лабораторийн ажилчдад эрсдэлгүй, эвдрэл гэмтэл гардаггүй зэрэг баталгаатай байдлаараа лабораторийн эмч мэргэжилтнүүдэд өндрөөр үнэлэгддэг төдийгүй тус аппаратад зориулсан Elecsys Anti-SARS-COV-2 маш хэрэгтэй урвалж оношлуур тул өөрийн улсдаа шуурхай хүргэж буйдаа сэтгэл өндөр байгаагаа Сетунари ХХК-ийн Маркетингийн албаны дарга Д.Мөнгөнтуяа илэрхийлж байв. 

"Энэ хүнд үеийг даван туулах хүч болж, хамтран ажиллаж буй Сетунари ХХК-д их баярлаж байна"
 
Гэрэл зургийг MPA.mn

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү "Одоогийн нөхцөл байдлын хувьд цар тахал үүсгээд буй COVID-19 вирусийн эсрэг үүссэн эсрэг биеийг өвөрмөцөөр тодорхойлох боломжтой. Мөн бусад ижил титэм вирустэй харилцан нөлөөлөлд орохгүй ба хуурамч эерэг хариу гаргах боломжийг бууруулсан. Ингэснээр дархлааг хуурамчаар илэрхийлэх боломжгүй оношилгоо шаардлагатай байгаа юм.

Харин өнөөдөр лабораторийн тоног төхөөрөмж, урвалж оношлуурын үйлдвэрлэлээрээ тэргүүлэгч номер нэг Швейцарын ROCHE компанийн үйлдвэрлэсэн Elecsys Anti-SARS-COV-2 оношлуурыг ROCHE компанийн Монгол дахь албан ёсны төлөөлөгч Сетунари ХХК бидэнд өгч, энэ хүнд үеийг даван туулах хүч болж хамтран ажиллаж байгаа явдалд бидний зүгээс маш их баяртай байна.

Энэ Elecsys Anti-SARS-CoV-2 оношлуур нь ийлдэс болон сийвэнд  хүнд хэлбэрийн хурц амьсгалын хам шинж үүсгэгч коронавирусийн эсрэг биеийг in vitro орчинд чанарын аргаар тодорхойлоход зориулсан оношлуур бөгөөд хүн амын дундах вирусийн өртөлтийг илрүүлэх, тархалтыг үнэлэхэд илүү ач холбогдолтой.

Шингэнд суурилсан хос-эсрэг төрөгч бүхий сэндвич зарчмаар COVID-19-ийн шалтгаант шинэ короновирусийн эсрэг биеийг тодорхойлдог. Шинжилгээний хариу эерэг гарах нь тухайн хүн аль хэдийн вирусийн халдвар авсан мөн дархлаа үүссэн байх боломжтойг илэрхийлнэ.

Өөрөөр хэлбэл, хүн амын дундах вирусийн өртөлтийг илрүүлэх, тархалтыг үнэлэхэд ч мөн ихээхэн шаардлагатай оношлуур болоод байгаа юм. COVID-19-ийг 20 минутын дотор илрүүлж, оношилно гэдэг цаг хугацаанаас эхлээд олон давуу талтай учраас энэ урвалж оношлуурыг гарсан даруйд нь Монгол Улсдаа шуурхай хүргэж, ажилласанд Сетунари компанийн хамт олонд дахин баярлалаа. Цаашид энэ нөхцөл байдал хэр удаан үргэлжлэхийг мэдэхгүй байгаа боловч хүчин чадлаа сайн нэмэгдүүлсээр байгааг хэлмээр байна” хэмээв. 

"ROCHE компанийн Монгол дахь албан ёсны төлөөлөгчөөр 10 дахь жилдээ ажиллаж байна" 
 
Гэрэл зургийг MPA.mn

Сетунари ХХК-ийн Маркетингийн албаны дарга Д.Мөнгөнтуяа “ Манай Сетунари ХХК нь дэлхийд шинэ технологи, баталгаатай лабораторийн тоног төхөөрөмж, урвалж, оношлуурын үйлдвэрлэлээрээ тэргүүлэгч Швейцарын ROCHE компанийн Монгол дахь албан ёсны төлөөлөгчөөр 10 дахь жилдээ ажиллаж байна. Энэ оны өнгөрсөн тавдугаар сард ROCHE компани коронавирусийн халдварыг богино хугацаанд оношлох боломжтой Elecsys Anti-SARS-COV-2 оношлуурыг үйлдвэрлэн дэлхийн зах зээлд гаргасан тул бид нийгмийн хариуцлагынхаа хүрээнд зах зээлд гаргасан даруйд тусгайлан захиалж, сар хүрэхгүй хугацаанд Монгол Улсад нийлүүлж, эхний 400 хүний шинжилгээний урвалжийг ХӨСҮТ-ийн лабораторид хандивлаж байгаадаа баяртай байна. 

Мөн ROCHE компанийн Cobas e411 болон е601 бүрэн автомат төхөөрөмжийг Улсын Нэгдүгээр Төв эмнэлэг, Улсын Хоёрдугаар Төв эмнэлэг, Улсын Гуравдугаар Төв эмнэлэг, Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг, ХСҮТ, Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв болон Архангай, Баянхонгор, Баян-Өлгий, Говь-Алтай, Дархан-Уул, Дорнод, Дорноговь, Завхан, Орхон, Өвөрхангай, Өмнөговь, Увс, Ховд, Хөвсгөл, Хэнтий гэх зэрэг 19 аймгийн нэгдсэн эмнэлэг, БОЭТ-үүд төдийгүй хувийн Интермед, Сонгдо, Грандмед, Гурван Гал зэрэг томоохон эмнэлгийн лабораториудад зэрэг улсын хэмжээнд нийт 40 гаруй эмнэлэгт ашигладаг тул Короновируст халдварын оношилгоог алслагдсан бүс орон нутагт цаг алдахгүй хийх, ачааллыг хуваарилах, улсын хэмжээнд оношилгоог явуулах төдийгүй урьдчилан сэргийлэх боломж бүрдэж байгаа юм” гэв.

 
гэрэл зургийг MPA.mn

Энэхүү урвалж оношлуурыг хүлээлгэн өгөх үеэр нийгмийн хариуцлагаа ухамсарлан цар тахалтай тэмцэхэд хувь нэмрээ оруулсан Сетунари ХХК-ийн хамт олонд ХӨСҮТ-өөс талархал хадгалуулсан билээ.

 
Гэрэл зургийг MPA.mn

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.