Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/05/25-НД НИЙТЛЭГДСЭН

"Коронавирусийн 141 халдвар зөөвөрлөгдөн орж ирсэн тул 112 тэрбум төгрөгийн нөөц бэлдэх шаардлага үүслээ"

Б.МАНЛАЙ, IKON.MN
2020 оны 5 сарын 25
iKon.MN
Зураг зураг
mpa.mn

УОК-ын өргөтгөсөн хуралдааны үеэр коронавирусийн халдварын талаар эрүүл мэндийн сайд мэдээлэл өглөө.

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл "Дэлхийн 216 оронд шинэ коронавирусийн халдвар тархан 5.4 сая хүн өвчилж, 346,000 хүн нас барсан хамгийн сүүлийн үеийн мэдээлэл байна. 

Манай улсын хувьд зөөвөрлөгдөж орж ирсэн 141 тохиолдол бүртгэгдсэн. Өнөөдрийн байдлаар үүнээс 33 нь эдгэрч гарч, үлдсэн нь эмнэлэгтээ эмчлүүлж байна. Нийт 141 хүний 121 нь ОХУ-аас, Англиас 7, БНСУ-аас 3, Шведээс 3, Францаас 2, Италиас 1, Бельгиэс 1, Польшоос 1, Швейцараас 2,  Бангледаш улсаас 1 халдвартай хүн ирсэн.

Нийт тохиолдлын 78 нь Буянт-Ухаа, 63 хүн нь Алтанбулаг боомтоор орж иржээ.

Өнөөдрийн байдлаар хоногт 150-200 эмч, мэргэжилтэн эмнэлгийн тусгай үүрэг гүйцэтгэж ажиллаж байгаа. Тавдугаар сарын 25-ны өдрийн мэдээгээр тусгаарлах байранд 1,141 хүн байна. Энэ хүмүүстэй хамт 150-200 эрүүл мэндийн ажилтан гэр орондоо очихгүй тусгаарлагдаад ажиллаж байгаа гэсэн үг.

Гэрийн тусгаарлалтад байгаа хүмүүст өрх, сум, тосгоны эмч нар зөвлөгөө өгч байгаа.

Швед улсад эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байгаа иргэний биеийн байдал дээрдэж байгаа

Гадаад оронд халдвар авсан 32 монгол иргэн ЭМЯ-тай байнгын холбоотой байна.  Өнөөдрийн байдлаар 13 нь эдгэрсэн. Швед улсад нэг иргэн эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байгаа. Биеийн байдал нь наашилж байгаа мэдээлэл ирсэн. Бусад хүмүүс хөнгөн хэлбэрээр өвдсөн. 

Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чиглэлээр 8 удаагийн судалгаа хийхэд Монгол Улсад халдвар тархах эрсдэл өндөр хэвээр байна.

ДЭМБ-аас нэгдүгээр сарын 3-нд халдварын талаар анхааруулсан цагаас хойш асуудлыг шуурхай шийдвэрлэж байна.

Өнгөрсөн хугацаанд Засгийн газрын нөөц хөрөнгө, Дэлхийн банкны "Цахим эрүүл мэнд хөтөлбөр", АХБ-ны эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөрийн хүрээнд 21 тэрбум төгрөгийн санхүүжилтийг эрүүл мэндийн салбарт хийж, ажилтнуудын илүү цаг, эм бэлдмэл, тоног төхөөрөмж, оношлуур, урвалж бодисыг шийдвэрлэж байгаа.

ДЭМБ нэг зөөвөрлөгдсөн тохиолдол гарахад Монгол Улсад 4,989 хүн халдвар авч, 1,432 хүн хүндрэх юм байна гэсэн тооцоолол хийж өгсөн. Манай улсад зөөвөрлөгдсөн 141 тохиолдол болсон тул шинэ тооцоолол хийж өглөө. 

Хэдийгээр шинэ аргачлал хийсэн ч орны тооны хувьд хүндэвтэр, хүнд өвчтөнийг хүлээж авах бололцоотой гэж үзэж байгаа. 

Гэхдээ ор нэмэгдүүлэх шаардлага бий. Хан-Уул дүүрэгт баригдаж буй 880 ортой эмнэлгийг 6 дугаар сард ашиглалтад оруулахаар болсон.

Дэлхийн улс орнуудын жишгээр тусгай эмнэлэг ажиллуулах нь үр дүнтэй. Үүнтэй уялдуулан 250 ортой Түлэнхийн төвийн барилгыг ашиглалтад  оруулах шаардлага байгааг энд хэлье. Энэ эмнэлгийн барилгын явц 80 хувьтай байна. Энд ажиллаж байгаа хоёр компани эхний гэрээний санхүүжилтэд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлага тавиад барилгын ажил зогсонги байдалд байна. Тиймээс анхааралдаа авч тодорхой шийдвэр гаргах байх.

Хөдөө орон нутагт халдвар тархвал Дорноговь, Замын-Үүдийн 100 ортой эмнэлэг ашиглалтад орсон.

АХБ-ны санхүүжилтээр тоног төхөөрөмжөө нэмэгдүүлэх боломжтой.

Эрүүл мэндийн салбарт 2019 оны статистик мэдээгээр 54,687 эрүүл мэндийн ажилтан байна. Тэднээс эмч, сувилагч, бага эмч, эх баригч, лаборант, нийгмийн эрүүл мэндийн ажилтан 31,900 байна. Эдгээр хүмүүс халдвар тархвал дайчлагдан ажиллах юм. ЭМЯ-ны 21 ажилтан 21 аймгийн эмч, ажилтанд сургалт өгөхөөр явсан.

ЭМЯ-нд эмнэл зүй болон тархвар зүйн мэргэжлийн баг ажиллаж байгаа. Эмнэл зүйн зөвлөх эмч нар байгууллага болон иргэд рүү хандсан зөвлөгөөг цахимаар болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр хүргэж байна.

Шинэ коронавирусийн халдварын чиглэлээр амжилттай ажиллаж байгаа БНХАУ-ын Ухань, Шанхай, Бээжин хотын эмч мэргэжилтнүүдээс туршлага судалж байгааг хэлэх нь зүйтэй. 

Монгол Улс коронавирусийн оношилгоог 6 газар хийх боломжтой. Дархан-Уул, ЗӨСҮТ, ХӨСҮТ-ийн лабораторид шинжилгээг хийж байгаа. Цаашид хүн амын дунд тархалт гарчихвал Ховд, ЭХЭМҮТ, Орхон, Дорнод аймагт ХӨСҮТ-ийн лабораторитай дүйцэхүйц лабораторийг ажиллуулна.

Гадаадад байгаа иргэд 24 цагийн 119 дугаарт хандаж, зөвлөгөө авах боломжийг бүрдүүлсэн. Үүний хүрээнд 20 хүн зэрэг суугаад зөвлөгөө өгч байгаа юм.

Монгол Улсад амьдарч байгаа гадаадын иргэдэд зориулж Интермед, SOS мед эмнэлэг гадаад хэлээр зөвлөгөө өгч байгаа.

Цаг үеийн шинэ мэдээллүүдийг иргэдэд өгөх нь маш чухал. ЭМЯ өнөөдрийн байдлаар иргэдэд хандан өдөр бүр 11:00 цагаас 108 удаагийн хэвлэлийн хурал хийжээ.

 Түлэнхийн төвийн барилгын ажил удаашралтай байгааг шийдвэрлэж өгвөл бэлтгэл сайн байх боломж бүрдэнэ

Төрийн албан хаагчдыг орон сууцанд оруулах УИХ-ын тогтоолын дагуу эрүүл мэндийн салбарын ажилтнуудыг эхний ээлжид орон сууцанд оруулах санал оруулж байна.

Халдварын тархалт өвчлөлийн байдалд үндэслэн эмнэлгийн тоног төхөөрөмж, эм, эмнэлгийн хэрэгсэл, хувийн хамгаалах хэрэгсэл, лабораторийн шинжилгээ, ариутгал халдваргүйтгэлийн нөөцийг нэмэгдүүлэх шаардлагатай боллоо. ДЭМБ-ын хуучин аргачлалаар нөөцөө бэлдсэн байсан юм. 

Харин шинэ аргачлалаар буюу 141 халдвар зөөвөрлөгдөн орж ирсэн тул нийт хүн амынхаа 1%-д халдвар тарна гэж үзэж нөөцөө бэлтгэх зөвлөмжийг өгсөн байгаа. Энэ хүрээнд тооцоо хийхэд 112 тэрбум төгрөгийн нэмэлт санхүүжилт эрүүл мэндийн салбарт шаардлагатай болж байгаа юм. Үүнийг задалбал

  • Эмнэлгийн тоног төхөөрөмжид 29.7 сая төгрөг.
  • Эмнэлгийн хэрэгсэлд /тариур, дуслын систем/ 182 сая
  • Хувийн хамгаалах хэрэгсэлд 37.7 тэрбум төгрөг
  • Вирусийн эсрэг үйлчилгээтэй эм нөөцлөхөд 38.2 тэрбум төгрөг
  • Лабораторийн урвалж бодис, оношлуурт 6 тэрбум төгрөг
  • Ариутгал, халдваргүйжүүлэлтийн бодист 800 сая төгрөг хэрэгтэй.

Мөн Түлэнхийн төвийн барилгын ажил удаашралтай байгааг шийдвэрлэж өгвөл бэлтгэл сайн байх боломж бүрдэнэ" гэлээ.

https://www.facebook.com/iKonNews/videos/960284541072059/