Ж.Өсөхбаяр: Марш тактикийн тэмцээний үеэр осол гарч цэргийн хоёр алба хаагч гэмтлээ. Хариуцлага алдсан найман хүнд арга хэмжээ авсан

Б.Бадамгарав, IKon.mn
42 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Төрийн цэргийн байгууллагуудын аварга шалгаруулах марш тактикийн ээлжит тэмцээн энэ оны зургаадугаар сарын 9-нд Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвд болжээ.

Тэмцээний үзүүлэх тоглолтын үеэр хугацаат цэргийн хоёр алба хаагч гэмтсэн осол гарсан байна.

Энэ талаар өнөөдөр Зэвсэгт Хүчний Жанжин Штаб(ЗХЖШ)-аас мэдээлэл өгөв.​​​​​​

ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч, хошууч генерал Ж.Өсөхбаяр "Марш тактикийн тэмцээн 2007 оноос хойш болж буй бөгөөд үүнд төрийн цэргийн байгууллагуудын шилдэг баг тамирчид оролцдог уламжлалтай.

Гэвч энэхүү тэмцээний үеэр ... дугаар ангийн хоёр байлдагч харамсалтайгаар гэмтлээ. Тухайн үед эмнэлгийн тусламжийг шуурхай үзүүлсний үр дүнд нэг байлдагч жагсаалдаа орсон. Нөгөө байлдагчийн биеийн байдал харьцангуй сайжирч байна. Өнөөдрийн байдлаар Цэргийн төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа.

Бид тэр даруйд албаны шалгалт зохион байгуулсан. Ингээд албаны хариуцлага алдсан, санамсар болгоомжгүйгээс осол гаргасан гэсэн дүгнэлт гарсан. Мөн Төв аймгийн Цагдаагийн газраас шалгалтын ажиллагаа явуулж байна" гэлээ.

Марш тактикийн тэмцээнийг төрөл төрлийн цэгт зохион байгуулдаг аж. ЗХЖШ-аас өгч буй мэдээллээр гардан тулааны үзүүлэх тоглолт болох үеэр уг осол гарчээ. Тухайн цэргийн алба хаагчид эзлэгдсэн объектыг чөлөөлөх, хууль бус террористуудтай тэмцэх ажиллагааг тэрхүү цэгт үзүүлэх үедээ машинд дайруулсан байна.

Хариуцлага алдсан хүмүүст ямар арга хэмжээ авч буй талаар ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч, хошууч генерал Ж.Өсөхбаяр "Жолооч болон зарим бие бүрэлдэхүүнтэй холбоотой асуудал цагдаагийн байгууллагад мөрдөн шалгагдаж байгаа. 

Тэмцээн удирдсан, шүүж байсан, цэг дээр ажилласан зэрэг найман хүнд албан тушаалаас чөлөөлөхөөс эхлээд шат шатны арга хэмжээ авсан" гэв.