"Нэг байлдагчийн элэгний 7, 8 дугаар сегментэд эд нь няцарсан байсанд мэс заслын эмчилгээ хийсэн. Элэг бол нөхөн төлждөг эрхтэн"
Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвд зургаадугаар сарын 9-нд болсон марш тактикийн тэмцээний үеэр осол гарч, хоёр байлдагч гэмтсэн талаар Зэвсэгт Хүчний Жанжин Штаб(ЗХЖШ)-аас өнөөдөр хэвлэлийн хурал зохион байгуулсан.
Одоогоор уг хэргийг Төв аймгийн Цагдаагийн газар шалгаж буй бөгөөд ЗХЖШ-аас хариуцлага алдсан найман хүнд арга хэмжээ авснаа мэдээлэв.
Энэ үеэр сэтгүүлчид хоёр байлдагчийн биеийн байдлыг тодруулж, авсан гэмтэл нь цаашид амьдралынх нь чанарт нөлөөлөх магадлалтай эсэхийг тодрууллаа.
Цэргийн төв эмнэлгийн Гэмтлийн эмнэлзүйн төвийн захирал, дэд хурандаа Д.Нямдорж "Хоёр байлдагч марш тактикийн тэмцээний үеэр осолдож, манайд түргэн тусламжаар хүргэгдэж ирсэн. Тэр даруйд нь шинжилгээ бүрдүүлж, нэг байлдагчид яаралтай мэс засал хийсэн.
Элэг бол нөхөн төлждөг эрхтэн. Эргэшгүй өөрчлөлт ороогүй, элгийг тайраагүй. Няцарсан хэсгүүдэд мэс заслын эмчилгээ хийгдсэн. Нөхөн төлжих, эдгэрэх гээд үе шатуудаараа явна. Энэ хүүхэд элэг гэмтлээ гээд насаараа эрэмдэг болж байгаа юм биш. Шаардлагатай эмчилгээнүүдийг хийж байна. Өчигдөр хяналтын компьютер шинжилгээ хийсэн. Өөрчлөлтүүд нь засарч байгаа.
Иймээс насаараа эрэмдэг болчихвий гэж ташаа мэдээлэл бүү гаргаач ээ. Эд эрхтэн эс төлжинө, залуу хүүхэд эдгэрнэ гэдэг талаас нь мэдээлэл хүргээсэй гэж хүсэж байна.
Нөгөө байлдагчийн тухайд зөөлөн эдийн гэмтэл, доргилтоос шалтгаалж манайд 8-9 хоног хэвтэн эмчлүүлсэн. Бүх төрлийн шинжилгээ авч, хянасан бөгөөд тухайн байлдагч албаа хаагаад явж байгаа" гэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

