УИХ-ын дарга асан М.Энхболдын хүү Анарыг Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгчөөр томиллоо
УИХ-ын хаврын ээлжит чуулганы өнөөдрийн хуралдаанаар Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгчийн томилох асуудлыг шийдвэрлэлээ.
Өчигдрийн чуулганы хуралдаанаар гишүүд асуулт асууж, хариулт авч дууссан. Уг томилгоотой холбогдуулан УИХ дахь АН-ын бүлгээс хоёр хоногийн завсарлага авах хүсэлт гаргасан боловч чуулган завсарлах дөхөж, хэлэлцэх асуудлуудаа шахаж байгаа тул АН-ын бүлэгт нэг хоногийн завсарлага өгсөн.
Улмаар Ардчилсан намын бүлгийн завсарлага өнөөдөр дуусаж, дахин сунгах хүсэлт гаргасан боловч УИХ-ын дарга татгалзав. Үргэлжлүүлэн М.Анарыг Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгчөөр томилох нууц санал хураалт явуулахад 91 гишүүн оролцож, 77 нь дэмжсэнээр УИХ-ын тогтоол батлагдлаа.
Ийнхүү УИХ-ын дарга, МАН-ын дарга асан М.Энхболдын хүү Анарыг Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгчөөр томиллоо.
Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч Энхболдын Анар нь 1984 онд Улаанбаатар хотод төрсөн.
Боловсрол:
- 1992-2001 онд Нийслэлийн 10 жилийн 1 дүгээр дунд сургууль,
- 2001-2004 онд Япон улсын Хакуо ахлах сургууль,
- 2004-2008 онд Япон улсын Хакуо их сургуулийн бизнесийн удирдлага мэргэжлээр бакалавр зэрэгтэй төгссөн.
- 2007-2008 онд АНУ-ын Индианагийн их сургууль,
- 2014-2015 онд АНУ-ын Колумбын их сургуульд суралцаж, эдийн засгийн бодлогын удирдлагаар магистрын зэрэг хамгаалсан.
Ажлын туршлага:
- 2011-2013 онд Монголбанкны Гадаад валютын нөөцийн хэлтсийн нөөцийн мэргэжилтэн,
- 2013-2016 онд Монголбанкны Зайнаас хяналт тавих хэлтсийн хянан шалгагч,
- 2016-2017 онд Монголбанкны Төлбөр тооцоо, бүртгэлийн газрын захирал,
- 2017-2026 онд Монголбанкны Төлбөр тооцооны газрын захирлаар,
- 2026 оноос Монголбанкны Төлбөрийн систем, технологийн газрын захирлаар тус тус ажилласан.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

