Хэнтий аймгийн Хэрлэн сумын 10 дугаар цэцэрлэгийн барилгад хамтарсан үзлэг хийхээр болжээ

Б.Бадамгарав, IKon.mn
5 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Хэнтийн мэдээ сонин

Хэнтий аймгийн Хэрлэн сумын 10 дугаар цэцэрлэгийн барилгын асуудлыг "Хэнтийн Мэдээ сонин" мэдээлснээр олон нийтийн анхааралд оруулаад байна. 

Тэд зургаадугаар сарын 30-ны өдөр "Сэтгэлгүй гүйцэтгэгч, хяналтгүй төр" нэртэй гэрэл зургийн сурвалжилгыг цахим хуудсандаа нийтэлснийхээ дараа холбогдох албан тушаалтнуудаас тодруулга мэдээллийг цувралаар хүргэсээр буй. Тус редакцын зөвшөөрлөөр гэрэл зураг, бичлэгийг ашиглав.

Үүсээд буй нөхцөл байдлын талаар Хэрлэн сумын 10 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Б.Мөнхтуяа "Манай цэцэрлэг 2020 оны аравдугаар сарын 10-нд нээлтээ хийж, хүүхдүүдээ 19-нд нь хүлээж авч байлаа. Нийт 11 хоног хичээллээд, КОВИД-19 цар тахлын улмаас 2022 оны гуравдугаар сар хүртэл үйл ажиллагаа маань зогссон.

Харин 2022 оны гуравдугаар сарын эхээр ажилтнууд маань хүүхдүүдээ хүлээж авах бэлтгэлээ хийх үед агааржуулалтын хоолойгоор хүйтэн үлээдэг, мөн цонхоор салхи сийгж байсан тул аймгийн удирдлагууддаа албан тоотыг гуравдугаар сарын 17-нд хүргүүлсэн. Гуравдугаар сарын 18-нд нь мэргэжлийн хүмүүс ирж дулаан хэмжихэд цонх, агааржуулалтын хоолойгоор дулаан алддаг, -7 градус байна гэсэн. Улмаар гүйцэтгэгч компанид хандахад найман хүний бүрэлдэхүүнтэй баг ирж агааржуулалтын хоолойг зассан. Үүнээс хойш агааржуулалтын хоолойгоор хүйтэн үлээх нь больсон боловч цонхоор дулаан алдсан хэвээр байв.

2024 оны сүүлээр сумын Орон Нутгийн Хөгжлийн Сан(ОНХС)-д цонх, хаалга хийлгэх саналаа хүргүүлсэн. Мөн 2025 оны зун ширүүн аадар бороо орсноор гадна талын дээвэр ангайж, хойд талд тоосго бутарсан. Иймд аймгийн ОНХС-д саналаа өгөөд гадна талын өнгөлгөөний фасад, цонх, хаалга солих их засварын 523 сая төгрөгийн санхүүжилтээр ажлаа эхлүүлж байтал нөхцөл байдал ийм байна. Үнэхээр харамсалтай" гэв.

Одоогоор засварын ажил түр зогсоод байна.

Хэнтийн мэдээ сонины мэдээлснээр одоогоос зургаан жилийн өмнө Монгол Улсын Засгийн газар, Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хүсэлтээр Хэнтий аймгийн ЗДТГ болон Монгол дахь Арабын нэгдсэн Эмират улсын Элчин сайдын яамны хамтын ажиллагааны хүрээнд 1.3 тэрбум төгрөгийн санхүүжилтээр 100 ортой хүүхдийн цэцэрлэг барьж бэлэглэхээр болсон. Тус цэцэрлэгийг "АТТА-ЧР констрашн" ХХК зургаан сарын хугацаанд барьж гүйцэтгэжээ.

Энэхүү цэцэрлэгийн барилгыг барьсан уг компанид Хяналтын улсын байцаагч мэдэгдэл хүргүүлсэн бөгөөд маргааш талууд тухайн газарт хамтарсан үзлэг хийнэ гэж Газрын Харилцаа, Барилга, Хот Байгуулалтын Газар(ГХБХБГ)-ын Хяналтын инженер Б.Гантөгс хэллээ. Мэргэжлийн байгууллага, гүйцэтгэгч компани зэрэг холбогдох талуудын хамтарсан үзлэг, дүгнэлтийн дагуу шаардлагатай арга хэмжээг авч, үүний дараа дээр дурдсан 523 сая төгрөгийн засвар ажлыг гүйцэтгэх юм байна.