Улсын Дээд Шүүхийн шүүгчдийн зөвлөгөөн өнөөдөр болж, Ерөнхий шүүгчийг нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцжээ.
Тус хуралдаанаас шүүгчдийн олонхын санал авсан Д.Ганзоригийг Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр томилуулахаар Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр тогтсон байна.
Монгол Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Х.Батсүрэн өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан. Иймд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж, Х.Батсүрэнг өөрийнх нь хүсэлтээр Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалаас нь чөлөөлсөн билээ.
Өмнө нь буюу 2019 оны дөрөвдүгээр сарын 3-ны өдрийн УДШ-ийн шүүгчдийн зөвлөгөөнөөс Д.Ганзоригийг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр томилуулах саналыг Ерөнхийлөгчид хүргүүлж байсан. Гэвч УДШ-ийн шүүгчдийн зөвлөгөөнөөс гаргасан уг саналын дагуу Д.Ганзоригийг Ерөнхий шүүгчээр томилохоос Ерөнхийлөгч татгалзсан бөгөөд үндэслэлээ тайлбарлаагүй юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!