Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/05/06-НД НИЙТЛЭГДСЭН

Хятад улс ирээдүйд саран дээр хүн буулгах хөлгийнхөө туршилтын загварыг амжилттай хөөргөлөө

Р.Түвшин, iKon.mn
2020 оны 5 сарын 6
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр Хятад улсын сансар судлалын салбарт чухал үйл явдал болжээ. Мягмар гарагт Хайнань арлын Вэнчань буудлаас Long March 5B нэртэй шинэ загварын пуужинг сансарт хөөргөсөн байна.

Хүнд даацын уг пуужин нь тойрог замд ажиллах туршилтын хөлгийг тээвэрлэжээ. Энэ удаа туршилтын хөлөг сансрын нисгэгчгүй хөөрсөн байна.

Цаашдаа уг хөлгөөр зургаа хүртэл тооны сансрын нисгэгчийг дэлхийн тойрог замд, ирээдүйд саранд хүргэх зорилготой юм.

Шинэ хөлгийн туршилтын загвар газраас хөөрснөөсөө хойш найман минутын дараа пуужингаасаа амжилттай салж тойрог замд оржээ. Удахгүй өөрийн хөдөлгүүрийг ажиллуулснаар тойрог замын нам өндрөөс цааш ахиж, 8,000 км хүртэл өндөрт шилжих төлөвлөгөөтэй юм байна.

Ингэж чадвал дэлхийн дагуул буюу саранд ойртох боломж нээгдэнэ.

Хятад улс бас Tianhe нэртэй тойрог замын станцыг хөөргөхөөр төлөвлөж байгаа. Өчигдрийн хөөргөлт амжилттай болсон нь энэ зорилгод чухал түлхэц болж байна.

Учир нь Long March 5B пуужингийн тээвэрлэж тойрог замд хүргэсэн туршилтын хөлөг нь Tianhe станцтай ойролцоо жинтэй. Тиймээс пуужин дараагийн ээлжинд Tianhe станцыг тээвэрлэн тойрог замд хүргэх чадвартайгаа батлан харуулж байна.

2021 онд сансарт хөөрөх Tianhe станц нь өнөөдөр тойрог замд ажиллаж байгаа Оросын Олон Улсын Сансрын Станцтай адил үүрэг гүйцэтгэж, Хятадын сансрын нисгэгчдийн ажлын байр, амьдрах буудал болох юм.

 

Эх сурвалж: The Verge