Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/05/06-НД НИЙТЛЭГДСЭН

Т.Баярхүү: Твиттерт идэвхтэй байсан гэсэн шалтгаанаар Тагнуулын Ерөнхий газар хүн баривчлаагүй

Б.Ану
2020 оны 5 сарын 6
iKon.MN
 

Тагнуулын Ерөнхий газрын Гадаад тагнуулын хэлтсийн дарга асан хурандаа Ш.Амгалан болон тус хэлтэст ажиллаж байсан хурандаа Б.Эрдэнэбат нарыг хууль бусаар баривчилсан гэсэн асуудал гараад байгаа билээ.

Энэ талаар Ш.Амгалан хурандаагийн ар гэрийнхэн нь хэвлэлүүдэд мэдээлсэн юм. Ш.Амгаланг баривчилсан шалтгаан нь Твиттерт идэвхтэй байдгаас шалтгаалж баривчилсан гэж ар гэрийнхэн нь мэдээлээд буй.

Болсон явдлын талаар Тагнуулийн Ерөнхий Газрын Хэвлэл, Олон нийттэй харилцах албаны дарга Т.Баярхүүтэй холбогдож тодруулга авлаа.

Тэрбээр “Нэгдүгээрт, твиттерт идэвхтэй байсан гэсэн шалтгаанаар хүн баривчилсан зүйлгүй. Шалтгаан нь Монгол Улсын нэр бүхий иргэдийг гадаадын тагнуулын байгууллага, иргэнтэй хууль бусаар хамтран ажиллах гэмт хэрэгт холбогдуулан шалгаж байгаа. Энэ хэрэгтэй холбогдуулан зарим хүнийг хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд баривчилсан. Мөн үргэлжлүүлэн хорих асуудлаар прокурор, шүүх рүү саналаа хүргүүлсэн.

Энэ хэрэг нь Эрүүгийн хуулийн 19.4-т зааснаар төрийн маш нууцын зэрэглэлтэй учир илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байна” гэв.

Мөн тэрбээр баривчилгааны үйл явцад ямар нэгэн хууль зөрчсөн зүйл гараагүй гэдгийг нэмж хэллээ.

Эрүүгийн хуулийн 19.4-т “Гадаадын тагнуулын алба, байгууллага, иргэнтэй хууль бусаар хамтран ажиллах” тухай дараах байдлаар заасан байдаг байна.

Үүнд:

  1. "Монгол Улсын иргэн гадаад улсын тагнуулын албатай хамтран ажиллахаар тохиролцсон, хамтран ажилласан; гадаадын байгууллага, иргэнд шилжүүлэн өгөх зорилгоор төрийн нууцад хамаарах мэдээ, баримт, эд зүйлийг хулгайлсан, цуглуулсан, хадгалсан, дамжуулсан бол найман жилээс арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
     
  2. Энэ гэмт хэргийг төрийн өндөр албан тушаалтан, төрийн нууцыг итгэмжлэгдэн хариуцсан, албан тушаал, ажил үүргийн хувьд мэдсэн этгээд үйлдсэн бол арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар хорих ял шийтгэнэ.
     
  3. Тайлбар: Гадаад улсын тагнуулын албатай хамтран ажиллахаар тохиролцсон боловч төрийн зохих байгууллагад сайн дураараа даруй мэдэгдсэн, учирч болзошгүй хохирлоос урьдчилан сэргийлэхэд туслалцаа үзүүлсэн иргэний үйлдэл нь өөр гэмт хэргийн шинжгүй бол ялаас чөлөөлнө" гэжээ.