Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/05/07-НД НИЙТЛЭГДСЭН

Н.Түвшинбаяр: Зуслангийн бүсээс зөвшөөрөлгүй мод бэлтгэвэл эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг

Г.Номин, iKon.mn
2020 оны 5 сарын 7
iKon.MN
Зураг зураг

Нийслэлийн ногоон бүсэд амьдардаг иргэд зөвшөөрөлгүй мод бэлтгэж эрүүгийн хариуцлага хүлээх тохиолдол гардаг. Энэ талаар СБД-ийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.Түвшинбаяраас тодрууллаа.

- Бидний хэлж заншсанаар зуслангийн бүсэд амьдардаг иргэд зөвшөөрөлгүй мод бэлтгэснээс хариуцлага хүлээх тохиолдлууд гардаг. Энэ төрлийн хэрэг хэр олон бүртгэгддэг вэ, дийлэнх тохиолдолд тухайн бүсэд амьдардаг иргэд холбогддог гэж байсан. Энэ талаар тодруулж мэдээлэл өгөөч?

- Сүхбаатар дүүргийн 19, 20 дугаар хорооны нутаг дэвсгэрийн /Сэлх, Баянгол, Багабаян, Хадат цолмон, Сэлбэ, Хандгайт, Шарга морьт, Хуурай мухар/ гэх зуслангийн газрууд нь ногоон бүсэд хамаардаг. Дээрх бүсүүдэд хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг бүртгэгддэг. Бүртгэгдсэн хэргийн судалгаанаас үзэхэд тухайн хороонд оршин суугаа иргэд энэ төрлийн гэмт хэрэгт холбогдох тохиолдол байна.

Мөн тухайн хорооны бус иргэд ч холбогдож байна. Манай дүүргийн хувьд ойн сан бүхий ногоон бүс нь энэ нутаг дэвсгэрт байгаатай холбоотой юм. Энэ гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлд тусгасан байдаг. Өөрөөр хэлбэл зөвшөөрөлгүйгээр ойгоос мод бэлтгэсэн, гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод, модон материалыг бэлтгэсэн, тээвэрлэсэн, худалдсан, худалдан авсан үйлдлээр төгсдөг гэмт хэрэг юм.

Дээрх гэмт хэргийг үйлдсэн хүнд дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэл оногдуулахаар хуульчилсан.

Мөн энэ гэмт хэргийг байнга тогтвортой, бүлэглэж, Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойд, төрийн албан хаагч үйлдсэн нь гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдал болно. Энэ гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн хүнд нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр зохицуулсан байна.

Нөгөөтээгүүр ойн санд учруулсан хохирлыг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр нөхөн төлүүлэхийн хамт, олсон орлого, ашигласан техник, тээврийн хэрэгсэл бусад зүйлсийг заавал хурааж улсын орлогод авдаг.

- Хууль бусаар мод бэлтгээд хохирлоо барагдуулсан тохиолдолд дээрх шийтгэлүүдээс чөлөөлөгдөх үү?

- Гэмт хэрэг үйлдсэн этгээд хохирлоо барагдуулсан нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй юм. Харин түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх үндэслэл болдог. Энэ төрлийн гэмт хэрэг ихэвчлэн газар дээрээ илэрдэг бөгөөд модыг хураан авч улсын орлого болгодог, уг модны экологи эдийн засгийн гарсан үнэлгээг гурав дахин нэмэгдүүлж хохирлын тооцоог гаргадаг.

Иргэд хууль эрх зүйн мэдлэг дутмаг учраас ойд унасан модыг зөвшөөрөлгүйгээр бэлтгэснээр хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг үйлдэгдэж байна. Учир нь иргэд мод бэлтгэх, тээвэрлэхдээ заавал сум, дүүргийн засаг даргаас зөвшөөрөл авах ёстой ба мод, модон материалын гарал үүслийн гэрчилгээг мөн авах ёстой. Гарал үүслийн гэрчилгээ гэдэг нь модон материалыг тээвэрлэх, худалдахад ойгоос зохих журмын дагуу бэлтгэсэн мод болохыг гэрчилсэн баримт юм.

Мөн ачааны автомашинтай иргэд таньдаг хүн, найзынхаа ч юм уу хүсэлтээр очиж зөвшөөрөлгүй мод ачиж яваад хэрэгт холбогдож байна. Энэ гэмт хэргийг илрүүлэх үед эд хөрөнгө хураах албадлагын арга хэмжээ авдаг учраас хэн нэгний хүсэлт, гуйлтаар очиж, мод бэлтгэх зөвшөөрөлтэй, гарал үүслийн гэрчилгээтэй эсэхийг нь нягтлахгүйгээр машиндаа ачиж өгөөд хэрэгт холбогдох тохиолдол гарч байна.

Өөрөөр хэлбэл, хохирлын хэмжээнээс хамаарахгүйгээр дээр хэлсэнчлэн ашигласан эд зүйл, тээврийн хэрэгслийг хэрэв тээврийн хэрэгсэл нь бусдын өмчлөлийнх байвал үнийг гаргуулна. Энэ нь тухайн этгээдэд ихээхэн үр дагавартай байдаг.

Тухайлбал, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр, Хандгайтын богины ам гэдэг ойн сан бүхий газраас унасан модыг түүж авч тээврийн хэрэгсэлдээ ачиж явсан иргэнийг илрүүлэн мөрдөн шалгах ажиллагаа явуулж унасан модыг экологи эдийн засгийн үнэлгээгээр 69,724 төгрөгөөр үнэлж үнийг 3 дахин нэмэгдүүлж 209,172 төгрөгийг төлүүлсэн ба шүүхээс түүнд торгуулийн ял оногдуулж тухайн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнийн дүнг тухайн иргэнээс гаргуулж шийдвэрлэсэн байдаг.

Тиймээс тухайн гэмт хэрэг үйлдсэнээс үүсэх үр дагавар нь маш хүнд байдгийг иргэд анхаарах нь зүйтэй.

- Зуслангийн бүсэд амьдарч байгаа иргэд тухайн бүсээсээ зөвшөөрөлтэйгөөр мод бэлтгэж болох уу?

-БОАЖЯ-наас баталсан журмын дагуу сум, дүүргийн засаг даргаас зохих зөвшөөрөл буюу гоожинг авч ойгоос мод бэлтгэж, тээвэрлэх ёстой гэдгийг анхаараарай гэж иргэддээ хэлмээр байна.

- Энэ оны гуравдугаар сард БОАЖ-ын сайдын тушаалаар ойн экологи эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэн. Тэгэхээр хохирол барагдуулах мөнгөн дүн өсөж байгаа гэж ойлгож болох уу?

- Тийм. Зөвшөөрөлгүй мод бэлтгэсэн бол экологи эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлж төлнө.

- Улсын тусгай хамгаалалттай газар нутгаас зөвшөөрөлгүйгээр ан агнах гэмт хэргээс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ энэ гэмт хэргийг үйлдвэл хэрхэн хариуцлага хүлээлгэх вэ?

-Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд ховор, нэн ховор ан амьтныг хууль бусаар агнасан бол эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан. Мөн Засгийн газрын 2012 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 7 дугаартай тогтоолоор захирамж болон Амьтны тухай хуульд ховор, нэн ховор амьтны жагсаалтыг тогтоож өгсөн байдаг. Нэн ховор амьтныг төрийн захиргааны төв байгууллагын тусгай зөвшөөрлөөр зөвхөн эрдэм шинжилгээний ажил гүйцэтгэх зориулалтаар агнаж, барьж болно.

Харин ховор амьтныг Төрийн захиргааны төв байгууллагаас олгосон тусгай зөвшөөрлөөр судалгаа, шинжилгээ, соёл, урлаг, эмчилгээний зориулалтаар, Монгол Улсын болон гадаадын иргэн тусгай төлбөр төлсөн, тодорхой нутаг дэвсгэрт амьтны сүргийн бүтцийг зохицуулах болон халдварт өвчний голомтыг эрүүлжүүлэх зорилгоор агнаж, барьж болно.

Тэдгээр амьтдыг тусгай хамгаалалттай газар, ногоон бүсээс зохих зөвшөөрлийн дагуу агнаагүй ч гэсэн тэдгээрийн гаралтай түүхий эдийг тээвэрлэх, хадгалах, чихмэл хийх гэх мэт үйлдлүүдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг. Мөн амьтны аймагт учирсан хохирлын нөхөн төлбөрийн хэмжээг Засгийн газраас тогтоосон экологи эдийн засгийн үнэлгээнд заасан тухайн амьтны үнэлгээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нөхөн төлүүлнэ.

Тиймээс зохих журмын дагуу заавал зөвшөөрөл авна. Иргэд хууль эрх зүйн мэдлэггүйгээс болж ховор, нэн ховор амьтны түүхий эдээр чихмэл, цуглуулга хийж хадгалснаар эрүүгийн хариуцлага хүлээнэ гэдгээ ухамсарладаггүй бөгөөд Амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсэгт заанаар гарал үүслийн тодорхойлолт аваагүй амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эдийг цуглуулсан, худалдсан, худалдан авсан, гадаадад гаргахыг завдсан этгээдийг тухайн зүйл ан амьтныг агнасан, барьсантай адилтган үзэж, нөхөн төлбөр ногдуулна гэж заасан.

- Зуслангийн бүсэд хууль бусаар ан агнах гэмт хэрэг гардаг уу?

-Одоо мөрдөгдөж буй Эрүүгийн хуулинд Хууль бусаар ан агнах гэмт хэргийг Улсын тусгай хамгаалалттай газар нутагт зөвшөөрөлгүйгээр амьтан агнасан, барьсан эсвэл ховор, нэн ховор амьтныг агнасан, барьсан бол эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан байдаг. Тухайн зуслангийн бүс нутагт ховор, нэн ховор амьтны жагсаалтад ороогүй боловч зэрлэг ан амьтдыг зохих зөвшөөрөлгүйгээр агнасан бол Зөрчлийн тухай хулиар арга хэмжээ авахаар зохицуулсан байна.