Дэлхий нийтийг хамарсан COVID-19 цар тахлын улмаас онцгой нөхцөл байдал үүссэн энэ үед цахим хэлбэрээр ажлаа амжуулж, гэрээсээ аль болох гарахгүй байхыг Улсын Онцгой Комиссоос бүх нийтэд уриалж байгаа билээ. Ард Кредит ББСБ ХК энэхүү уриалгад нэгдэн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаа цахимаар 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр амжилттай зохион байгууллаа. Хурлыг Ард Санхүүгийн Нэгдэл ХК-ийн ТУЗ-ийн гишүүн О.Одбаяр даргалан явуулав.
Ард Кредит ББСБ ХК-ийн ТУЗ-ийн дарга Ч.Ганхуяг Унгар улсын Будапешт хотоос холбогдсон бөгөөд хуралд оролцогчдод хандан “Санхүүгийн Зохицуулах Хороо, Монголын Хөрөнгийн Биржээс хувьцаа эзэмшигчдийн хурлыг зайнаас цахимаар зохион байгуулах зөвлөмжийг хоёр сарын өмнө ирүүлсэнтэй холбогдуулан энэ удаагийн хувьцаа эзэмшигчдийн хурлаа цахимаар явуулахаар ТУЗ шийдвэрлэсэн. Хуралдаа идэвхтэй оролцож байгаа хувьцаа эзэмшигчдэдээ талархал илэрхийлээд амжилт хүсье” гэсэн юм.
Хуралд нийт саналын эрхтэй 280 сая ширхэг хувьцаанаас 84.5 хувийг эзэмшиж байгаа хувьцаа эзэмшигчид оролцлоо.
Хувьцаа эзэмшигчдийн хурлаас ОНЦЛОХ НЬ:
Ард Кредит ББСБ ХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Тэлмэн
“Манай компанийн хувьд хувьцаа эзэмшигчдийн хурлаа анх удаа цахимаар зохион байгуулж, хувьцаа эзэмшигчид маань хуралдаа идэвхтэй оролцлоо. Шинэ удирдлагын хувьд цар тахалтай холбоотой хүндрэлийг хувьцаа эзэмшигчид, харилцагч нартайгаа хамтдаа даван туулахад төвлөрөн ажиллаж байна. Манай улс дотооддоо халдварыг алдаагүй сайн талтай. Гэхдээ хөл хорио хатуу байх тусам эдийн засаг унаж байна. Аливаад уналт байдаг. Эргээд сэргэлт ирэхэд бид юуг бэлтгэсэн байх, тэр болтол бизнесийн үйл ажиллагаагаа тасралтгүй явуулах дээр төвлөрөн ажиллаж байна” гэлээ.
О.Одбаяр: “Дөрвөн хувьцаа эзэмшигч 1642 болж өссөн нь бид энэ компанийг сайн өсгөн бойжуулсныг харуулж байна”
Ард Санхүүгийн Нэгдэл ХК-ийн ТУЗ-ийн гишүүн О.Одбаяр “Ард Кредит бол Монголын ББСБ-уудын анхдагчдын нэг. Жилийн өмнө хувьцаагаа олон нийтэд санал болгосон. Энэ компанийг анх бид дөрвөн хувьцаа эзэмшигчтэй байгуулж байсан бол өнөөдөр 1642 хувьцаа эзэмшигчтэй олон нийтийн компани болсон амжилттай байна. Бас нэгэн амжилт бол компани өнөөдөр хувьцаа эзэмшигчдийнхээ хурлыг хийгээд 1.1 тэрбум төгрөгийн ногдол ашгийг 1642 хувьцаа эзэмшигчдэдээ хуваарилж буй явдал. 4 дүгээр сарын 29-нд компанийн бүх хувьцаа эзэмшигчид ногдол ашгаа авна. Шинэ залуу компани гэхэд маш амжилттай яваа. Бид энэ компанийг сайн өсгөн бойжуулсан байна” гэдгийг хурлын төгсгөлд онцолсон юм.
Ийнхүү Ард Кредит ББСБ ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурал цахимаар амжилттай зохион байгуулагдлаа. Ард Кредит ББСБ ХК нь Ард Санхүүгийн Нэгдлийн хөрөнгө оруулалттай компани ба Монголын Хөрөнгийн Биржид бүртгэлтэй, хувьцаа нь ADB тикертэйгээр олон нийтэд арилжаалагддаг, нээлттэй хувьцаат компани юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!