Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/04/28-НД НИЙТЛЭГДСЭН

УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатын бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлт гаргажээ

А.Төгөлдөр, iKon.mn
2020 оны 4 сарын 28
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Авлигатай тэмцэх газраас УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатыг яллагдагчаар татан шалгаж байгаа гэдгээ албан ёсоор мэдэгдсэн. 

Тэгвэл АТГ-аас УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатын бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг прокурорын байгууллагад хүргүүлсэн байна. Хяналтын прокурор АТГ-ын мөрдөгчийн хүсэлтийг хянаад үндэслэлтэй гэж үзвэл Улсын Ерөнхий прокурорт саналаа хүргүүлнэ. Уг саналыг Улсын Ерөнхий прокурор УИХ-д хүргэдэг хуультай. 

Энэ дагуу түүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг үндэслэлтэй гэж үзвэл УЕП бүрэн эрхийнхээ хүрээнд уг асуудлыг УИХ-д хүргүүлнэ. 

Ж.Эрдэнэбатаас гадна Б.Ундармаа гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх санал гаргасан гэх мэдээлэл зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаад буй. Одоогоор УИХ-ын гишүүн Б.Ундармаагийн бүрэн эрхийг түдгэлзүүлсэн саналыг АТГ-аас прокурорт гаргаагүй байна

УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатын холбогдсон хэргийн талаар эргэн сануулахад, Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг дахь “Улаан сайр-2” хэмээх 1463.82 га талбайг 2017 оны арванхоёрдугаар сард “Элбэг орд” ХХК-иас төрсөн дүү Ж.Эрдэнэтөгстэй хамтран эзэмшдэг “Хэрх илч” компанийн нэр дээр таван сая төгрөгөөр худалдан авч, зургаан сарын дараа уг тусгай зөвшөөрлөө “Алтай констракшн” ХХК-ийн захирал Х.Бат-Эрдэнэд нэг сая төгрөгөөр худалдсан гэх хэрэгт яллагдагчаар татагдсан билээ.