Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/08/22-НД НИЙТЛЭГДСЭН

БАРИМТ: Ж.Эрдэнэбат Тост, тосон бумбын нуруу орчим дахь тусгай зөвшөөрлөө Х.Бат-Эрдэнэд шилжүүлжээ

Б.Ану
2019 оны 8 сарын 22
iKon.MN
Зураг зураг

Ж.Эрдэнэбат Ерөнхий сайдаас огцорсныхоо дараа буюу үүрэг гүйцэтгэгч байхдаа Засгийн газрын 256-р тогтоол гаргасан тухай бид өнөөдөр мэдээлсэн.

2017 оны есдүгээр сарын 13-нд гаргасан энэ тогтоолоор Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт орших Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрын хилийн заагт талбай нь давхацсан тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй хэлэлцэн тохирсны үндсэн дээр нөхөх олговрын зориулалтаар тусгай зөвшөөрөл шинээр олгох талбайн солбицлыг баталсан байдаг.

Ноцтой нь Ж.Эрдэнэбат энэхүү шинээр тогтоож өгсөн тусгай зөвшөөрлөө өөрийн төрсөн дүүтэйгээ хамтран эзэмшдэг "Хэрх Илч" компанид шилжүүлж авсан байгаа баримтыг бид танилцуулсан.

Засгийн газрын тогтоол 2017 оны есдүгээр сард гарсан бол тусгай зөвшөөрлийг өөрийн болгох ажлыг тухайн оныхоо арванхоёрдугаар сард гүйцэлдүүлсэн байдаг.

Улмаар Ашигт малтмал, газрын тосны газар XV-020922 дугаар бүхий тусгай зөвшөөрлийг Ж.Эрдэнэбатын дүү болон түүний эзэмшдэг "Хэрх Илч" компанид шилжүүлж бүртгэснээ 2018 оны дөрөвдүгээр сарын 3-нд мэдэгдэж байжээ.

2018.4.3

 

Харин энэ явдлаас сар гаруйн дараа буюу 2018 оны тавдугаар сард нэгэн шинэ компани байгуулагдсан нь "Бэст лэнд майнинг" юм.

Тус компанийн цорын ганц үүсгэн байгуулагч болоод хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирал нь Х.Бат-Эрдэнэ.

2018.5.21

(Зураг дээр дарж томруулж үзнэ үү)

 
Эх сурвалж: Burtgel.mn

Эх сурвалжийг нягтлахын тулд ЭНД дарж шалгана уу. 

Х.Бат-Эрдэнийн эзэмшдэг бусад компанийг монголчууд андахгүй мэднэ. "Алтайконстракшн", "Алтайгрупп" гээд цааш урсаж буйг бид Улсын Бүртгэлийн Ерөнхий Газрын нээлттэй мэдээллээс үзэх боломжтой.

Ашигт малтмал, газрын тосны газрын (АМГТГ) албан ёсны цахим хуудаст Шилжүүлсэн тусгай зөвшөөрлийн мэдээлэл байнга шинэчлэгдэн мэдээлэгддэг.

Х.Бат-Эрдэнэ компаниа байгуулаад мөн л сар гаруйнхны дараа буюу 2018 оны долоодугаар сарын 5-нд Ж.Эрдэнэбатын Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч байхдаа гаргасан тогтоол бүхий шинэ тусгай зөвшөөрлийг өөрийн болгожээ.

 

Өөрөөр хэлбэл, АМГТГ-ын сайтад "Хэрх Илч" компани Х.Бат-Эрдэнийн "Бэст лэнд майнинг" компанид бүх тусгай зөвшөөрлөө шилжүүлсэн баримт ийнхүү тэмдэглэгдэн үлджээ.

2018.7.5

 
Эх сурвалж: АМГТГ ын цахим хуудас

Эх сурвалжийг нягтлахыг хүсвэл ЭНД дарж шалгана уу. 

Энэ явдлаас харвал, Ж.Эрдэнэбат Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч буюу огцорсны дараахан эрх мэдлээс салахынхаа өмнөхөн амжиж Тост, тосон бумбын нуруу орчимд ашигт малтмалын шинэ тусгай зөвшөөрлүүдийг Засгийн газрын тогтоолоор баталж "Элбэг Орд" гэдэг компанид эзэмшүүлсэн байдаг.

Улмаар дараа нь "Элбэг Орд" ХХК-иас тусгай зөвшөөрлөө өөрийн хувь эзэмшдэг "Хэрх Илч" компанид шилжүүлж аваад гурван сарын дараа Х.Бат-Эрдэнийн компанид шилжүүлжээ.

Хугацааны хувьд аажуу тайвнаар, хоёр компани дамжин шинэ тусгай зөвшөөрөл эзэндээ хүрчээ.