2020/06/04
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,807.59₮
B30
УЛААНБААТАР
23°
|
B30
УЛААНБААТАР
26°
|
11°
B30
УЛААНБААТАР
27°
|
14°
18:00
S26
21°
19:00
S26
20°
20:00
S26
18°
21:00
S26
17°
22:00
S26
15°
23:00
S26
13°
00:00
S26
12°
01:00
S40
11°
02:00
S40
10°
03:00
S29
04:00
S29
05:00
S29

Алтан аргамж ээдрэх учиргүй

ikon.mn
2020 оны 4 сарын 28
iKon.MN
Зураг
Гэрэл зургийг mpa.mn

-Нээлттэй захидал-

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.БАТТУЛГА

Монгол Улсын Их Хурлын дарга Г. ЗАНДАНШАТАР

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар танаа

Монголчууд бид эрт цагаас, эзэн Чингисийн үеэс Элчин харилцаа буюу Дипломат албыг Монгол төрийн Алтан аргамж хэмээн эрхэмлэн дээдэлж, бэхжүүлэн бататгаж ирсэн сайхан уламжлалтай билээ.

Энэ ариун үйлсийн төлөө үе үеийнхний зольсон амь нас, зориулсан билэгт ухаан, чин зоригт тэмцэл, зорилгодоо хүрсний амьд жишиг эх түүхийн маань гэрэлт хуудсанд дархлаастай бий. Өнөөгийн ардчилсан Монгол орны өөдрөг үйлс, өрнүүн дэвшил хийгээд орчлонгийн  амар амгалангийн төлөө ойр, холын түнш, олон улсын нийгэмлэгтэй хөл нийлүүлэн алхах монголчууд бидний хичээл зүтгэл ч дээрхийн үргэлжлэл юм. 
 
Сүүлийн жилүүдэд Монгол төрийн тусгай алба–Дипломат албаны нэр хүнд увайгүй заримын жигшүүртэй үйлдэл, урагшгүй заримын унхиагүй удирдлагаас болж сэвтэн доройтож байгаад энэ албаны ахмад зүтгэлтэн бид  ихэд харамсан халаглахдаа хүрч байна.

Монгол төрийн гадаад бодлого энэ хэр бурууд хөтлөгдөж, ноён нуруугаа алдаагүй нь эрхбиш үнэн. Гэвч тусгаар улсын маань эрхэм нэр төрийг гадаад ертөнцөд сэвтээсэн, тусгай албаны маань дүр төрхийг харлуулсан үйлдэл тасрахгүй гардаг болжээ.

Дотоод улс төр сайтар эмхрэхгүй, төрийн алба зөв тогтвортой төвхнөж чадахгүй, нам, бүлгүүдийн талцсан толхилцоонд төр засаг, түмэн олон зутрах янзтай байгаа нь манай гадаад харилцаанд сөргөөр нөлөөлж, түншүүд маань нүүр буруулах ч аюул нүүрлэхвий гэж санаа зовмоор болж байна. Олон улсын тогтсон хэв заншлыг үл тоомсорлох мэт, төрийн төлөөлөгч Элчин сайд нараа ч тохоон томилж чадахгүй мунгинасаар байгаа маань нэгийг хэлж, нөгөөг өгүүлэх бус уу.
 
Ийм харамсалтай байдлыг нэн даруй засан залруулахад нэг их мэргэн ухаан шаардлагагүй, асуудалд зүгээр л хариуцлагатай, төрийн хүний ёс жудагтай хандахад хангалттай  баймаар юм. Нөгөөтэйгүүр, ужгирч буй дутагдлын учир шалтгааныг сайтар тунгааж, засаж залруулахын тулд гадаад харилцааны асуудлаар шийдвэр гаргах ном журмаа боловсронгуй болгох хэрэгтэй. Чингэхдээ дипломат албыг зүй зохисгүй улс төрөөс ангижруулах асуудлыг чухалчлан авч үзвэл зохино гэж үзэж байна. 
 
Сүүлийн үед дипломат албаны хүний нөөцийн бодлого сүрхий алдагдаж, зохих түвшинд бэлтгэгдээгүй, ар өврийн хаалганы хоноцын сэтгэлтнүүд олширсны гор гарсаар байгаа нь үнэн билээ. Үүнийг мэдсээр атлаа шийдвэртэйхэн засаж шинэчлэхийн оронд өнгөлөн далдлах, өөрсдийгөө зөвтгөхийг оролдох болж байгааг олон нийт зүй ёсоор шүүмжилж байна. Түүний зэрэгцээ учир байдалд шударга дүгнэлт хийж цаг алдалгүй засаж залруулахад чиглэсэн дуу хоолой ч тодхон сонсогдох болсныг бид олзуурхан дэмжиж байна.
 
Чухамдаа дипломат албаны хүний нөөцийн бодлогыг эрс шинэчилж, Гадаад харилцааны яам, түүний системийн байгууллагуудад залуу, дунд, ахмад үеийнхээ залгамж холбоог сэргээн бататгаж, эгнээгээ эрхбиш шийдэмгий шинэчлэх шаардлага тулгараад байна. Цаашид дипломат албаны ажилтнуудыг сонгон шалгаруулах ажлыг эрс сайжруулж, тэдний мэдлэг, чадварыг байнга өсгөн хөгжүүлж байх оновчтой тогтолцоог бүрэлдүүлэх хэрэгтэй. 
 
Дипломат албыг жинхэнэ тусгай алба шиг ажиллуулах асуудал төр, засгийн байнгын анхааралд байх ёстойг энэ дашрамд дурдахад илүүдэхгүй биз ээ.
 
Бид гадаад харилцааны бусад олон чухал асуудлыг хөндөхийг зорьсонгүй. Давын өмнө шийдүүштэй гэсэн зарим нэг санааг холбогдох эрхмүүдийн сонорт хүргэхийг чухалчилсан нь энэ юм. 
 
Улс орныхоо эрхэм дээд эрх ашгийн үүднээс энэ бүхнийг Төр, засгийн удирдагчид, Гадаад харилцааны яамны удирдлага хичээнгүйлэн болгоож үзнэ гэж итгэж байна.

Монгол төрийн Алтан аргамж мөнхөд бат бэх байх болтугай.
 
     

Гадаад харилцааны яамны Ахмадын хорооны болон Монголын Элчин сайд нарын Клубийн хэсэг гишүүд
 

 

 




2020 оны УИХ-ын сонгуультай холбоотой нэгдсэн мэдээ, мэдээллийг та манай “Сонгууль 2020” хуудаснаас аваарай!

x