Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/04/01-НД НИЙТЛЭГДСЭН

АНУ-ын тэнгисийн хөлөг дээр коронавирусийн халдвар тарж, ахмад нь төвөөсөө тусламж гуйжээ

Р.Төмөр, ikon.mn
2020 оны 4 сарын 1
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын тэнгисийн флотын нисэх онгоц тээвэрлэгч USS Theodore Roosevelt хөлөг дээр шинэ коронавирусийн халдвар тарж, олон усан цэргийг өвчлүүлээд байгаа.

Нийт 4,000 орчим хүний бүрэлдэхүүнтэй уг хөлөг одоо Номхон далайн Гуам арлын боомтод зогсож байгаа юм. Хөлгийн ахмад Брэтт Крозер өчигдөр Пентагоноос тусламж гуйсан захидал бичжээ.

“Бид өнөөдөр дайнд ороогүй байна. Тиймээс усан цэргүүд маань үхэх ёсгүй” гэж ахмад захиандаа бичсэн байна.

Хөлөг дээр олон тооны усан цэрэг бага зай талбайд амьдарч, алба хаадаг тул халдвар авсан өвчтөнүүдийг тусгаарлах боломж байхгүй байгаа гэнэ.

Вирусийн тархалт улам эрчимжиж байгааг ахмад захиандаа дурджээ. “Шийдвэртэй алхам хийх хэрэгтэй болоод байна. Бүх усан цэргийг хөлгөөс нүүлгэн шилжүүлж, 14 хоног тусгаарлах зайлшгүй шаардлагатай” гэж захидалд өгүүлсэн байна.

Усан цэргүүдээс хэд нь халдвар авсан тухай албан ёсны тоо гараагүй байгаа. Сан Франциско Хроникл сонинд бичсэнээр хөлөг дээр илэрсэн халдварын тоо хамгийн багадаа 100 гарсан гэнэ.

Хятад, Умард Солонгос зэрэг бүс нутгийн дайсагнагч улс орнуудад сул талаа харуулахгүйн тулд халдвар авсан цэргүүдийн тоог нууцалж байгаа гэж зарим эх сурвалж өмнө нь тайлбарласан юм.

 

Эх сурвалж: BBC