Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/03/31-НД НИЙТЛЭГДСЭН

Хангийн боомтоор нүүрс тээвэрлэж эхэллээ

Д.Янжиндулам, ikon.mn
2020 оны 3 сарын 31
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Өнөөдрөөс Хангийн боомтоор нүүрс экспортолж эхэлжээ.

Манай улс "COVID-19" халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх хүрээнд нүүрсний экспортыг түр хугацаагаар зогсоогоод байсан ч энэ сарын 23-нд Гашуунсухайт боомтыг нээж, нүүрсний экспортыг эхлүүлсэн.

Хангийн боомтын үйл ажиллагаа ийнхүү эхэлснээр Замын-Үүд, Гашуунсухайт, Шивээхүрэн зэрэг дөрвөн боомтоор нүүрс экспортолж байна.

Засгийн газраас өгсөн чиглэлийн дагуу Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин тэргүүтэй ажлын хэсэг хилийн боомтуудын бэлтгэл ажилтай газар дээр нь танилцаж, үүрэг чиглэл өгч ажилласан.

Ингэхдээ нэн тэргүүнд мэргэжлийн байгууллагуудын заавар зөвлөмжийн дагуу тээврийн хэрэгсэлд ариутгал, халдваргүйжүүлэлтийг хийж, мөн жолооч, зохицуулагч операторууд халдвар хамгааллын хувцас хэрэгсэлтэй, тусгай журмын дагуу тээвэрлэлтийг гүйцэтгүүлэх шаардлагыг тавьсан. 

Өөрөөр хэлбэл аюулгүй байдлыг хангасан хилийн боомтуудад экспорт эхлүүлэх чиглэл барьж байгаа юм.