Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/03/28-НД НИЙТЛЭГДСЭН

Л.Саранцэцэг: Говь-Алтай аймгийн Тонхил суманд 800 гаруй удаагийн давталт газар хөдлөлт бүртгэгдээд байна

Г.Өлзийхутаг, iKon.mn
2020 оны 3 сарын 28
iKon.MN
 

Говь-Алтай аймагт энэ сарын 20-ны өдрөөс хойш 3.6-аас дээш магнитудын газар хөдлөлт найман удаа болсон бөгөөд нэг өдөрт 3-4 удаагийн давтамжтайгаар ч хөдөлсөн тохиолдол гараад буй юм.

Үүнтэй холбоотойгоор Одон орон геофизикийн хүрээлэнгийн Эрдэм шинжилгээний ажилтан Л.Саранцэцэгээс зарим зүйлийг тодрууллаа.

- Он гарсаар манай улсын нутаг дэвсгэрт хэдэн удаагийн газар хөдлөлт бүртгэгдсэн бол?

 

- 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс гуравдугаар сарын 26-ны өдрийг хүртэлх хугацаанд Монгол орны нутаг дэвсгэр болон хил орчмын бүс нутагт нийт 17,157 газар хөдлөлт бүртгэгдсэн байна.

Үүнээс 13,700 нь Монгол орны нутагт бүртгэгдсэн бөгөөд 22 удаагийнх нь 3.5 магнитудаас дээш хүчтэй байлаа.

Улаанбаатар хотын хувьд мөн дээрх хугацаанд нийт 322 газар хөдлөлт болсон байна. 

- Манай улсад хүчтэй болж байсан газар хөдлөлтийн жишээнээс дурдвал?

Монгол орон маань өөрөө Төв Азийн газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд оршдог бөгөөд Говь-Алтай, Булнай, Цэцэрлэг, Монгол-Алтай зэрэг дөрвөн газарт дэлхийд бүртгэлтэй түүхэн хүчтэй хөдлөлт болж байсан юм.

Говь-Алтайн нутагт л гэхэд газар хөдлөлтийн улмаас 270 километрийн урт хагарал үүссэн байдаг бол Булнайд 375 километр урт хагарал үүссэн байдаг.

Говь-Алтай аймгийн хувьд 1957 оны арванхоёрдугаар сарын 4-ний өдөр 8.3 магнитудын хүчтэй газар хөдлөлт тохиолдсон байдаг.

-Сүүлийн үед Говь-Алтай аймагт олон удаагийн газар хөдлөлт бүртгэгджээ. Ингэж ойр ойрхон газар хөдөлж байгаагийн шалтгаан нь юу вэ?

-Газар хөдлөлт нь ихэнхдээ хавтангуудын хил зааг болон хагарлуудын дагуу тохиолддог. Өөрөөр хэлбэл, дэлхийн өнгөн хэсэг буюу царцдас мандал нь том, жижиг хавтангуудад хуваагддаг. Тэдгээр хавтангууд нь мантийн халуун хайлмал чулуулаг дээр нууран дээрх сал мэт хөвж, мөнхийн хөдөлгөөнд оршиж байдаг юм. 

Хавтангууд хоорондын шахах тэлэх харилцан үйлчлэлийн үр дүнд газрын гүнд энерги урт хугацааны турш хуримтлагдаж байснаа чулуулгийн бат бөх чанараас давах үед энерги огцом чөлөөлөгдөж газар хөдлөлтийг үүсгэдэг гэсэн үг.

Говь-Алтай аймгийн Тонхил сумын нутагт болсон газар хөдлөлт нь 2020 оны гуравдугаар сарын 20-ны 11:03 цагт 5.9 магнитудын хүчтэй болсон.

Энэ үед голомтдоо 6-7 баллын хүчтэй чичирхийлэл үүсгэсэн нь баруун аймгуудын ихэнх нутаг дэвсгэрт буюу Говь-Алтай аймгийн нутгаас гадна Ховд, Завхан, Баян-Өлгий аймгийн төв, зарим сумын иргэдэд мэдрэгдсэн гэсэн мэдээлэл байна.

Энэхүү хүчтэй хөдлөлтөөр өдөөгдсөн газрын гүн дэх эвдрэлийн процесс эрчимтэй явагдаж тухайн бүс нутагт давталт хөдлөлүүд бүртгэгдсээр байна.

- Нэг удаагийн хүчтэй газар хөдлөлтийн давтамж нь ийм олон болж буй гэж ойлгож болох уу ?

- Ерөнхийдөө "урьтал хөдлөл – гол хөдлөл – давталт хөдлөл" гэсэн тогтсон энергийн чөлөөлөгдлөөр явагддаг.

Үүнээс хазайх тохиолдол байдаг тухай онцолж хэлэх нь зүйтэй.

Урьтал хөдлөл болохгүй гол хүчтэй хөдлөл тохиолдож, түүний дараа давталт хөдлөлүүд зарим тохиолдолд өдөрт хэдэн зуу, түүнээс олон болдог. Давталт хөдлөлийн тоо цаг хугацаа өнгөрөхөд аяндаа буурдаг. 

Тухайн газарт буюу Говь-Алтай аймгийн Тонхил сумын нутагт гуравдугаар сарын 26-ны өдрийн байдлаар нийт 800 гаруй удаагийн давталт хөдлөл бүртгэгдээд байна.

-Одоогийн байдлаар Тонхил сумын нутгаас өөр идэвхжсэн газар хөдлөлт бий юу?

- Тонхил сумын нутагт хөдөлсөн газраас урагшаа 100 километрийн зайд Тахийн шар гэх газар хөдлөлтийн голомтот бүс бий.

Он гарсаар тухайн бүсэд идэвхижилт ажиглагдаж байна.

Тахийн шарын гол газар хөдлөлт нь 1974 оны долдугаар сарын 4-нд Говь-Алтай аймгийн Бугат сумын нутагт 7 магнитудын хүчтэй болж байсан. Энэ нь мөн 20 дугаар зуунд болсон хүчтэй газар хөдлөлтүүдийн нэгд тооцогддог.

Уг газар хөдлөлтийн улмаас газрын гадаргуу дээр 17 километр орчим цууралт үүсэж, Эрдэнэчулуут болон Шар шохойтын ууланд их хэмжээний чулууны нуралт, гулгалт үүссэн байдаг.

Мөн Бугат, Төгрөг, Алтай, Цээл, Үенч, Булган сумын нутагт 6-7 баллын чичирхийлэл мэдрэгдэж, сумын төвийн зарим модон байшинд цууралт үүсэх, цонхны шил хагарах, ханан пийшингийн яндан нурж унасан зэрэг зүйл тэмдэглэгдэн үлдсэн нь бий.

-Газар хөдлөлтийг урьдчилж таамаглах боломжтой юу?

-Дэлхийн газар хөдлөл судлаач эрдэмтэд хүчтэй газар хөдлөлтийг урьдчилан таамаглаж хэлэхийн төлөө л судалгаа явуулж, боломжуудыг хайж байдаг.

Газар хөдлөлтийг одоогоор урьдаас таамаглах боломжгүй байсаар байгаа.