Уншиж байна ...

Педро Барнел Родригес: Бэлтгэл сайн байгаа тул өрсөлдөгчөө ялна гэдэгт итгэлтэй байна

Э.Тэмүүлэн, iKon.mn
20 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Мэргэжлийн боксын дэвжээнд нэг ч ялагдалгүй яваа гавьяат тамирчин Э.Цэндбаатар аваргын бүсээ хамгаалах тулааныг анх удаа орондоо хийнэ.

Тулаан энэ сарын 15-ны Бямба гарагт "Аса арена"-д болох юм. Маргааш “Баянгол” зочид буудалд хоёр тамирчин жингээ үзүүлж, нүүр тулна. 

Түүний өрсөлдөгч Мексикийн тамирчин Педро Бернал Родригес өнөөдөр нээлттэй бэлтгэл хийсэн юм. Энэ үеэр цөөн хором ярилцлаа.


- Анх удаа Монголд ирээд ямар сэтгэгдэл төрж байна вэ?

- Монголд ирсэндээ их баяртай байна. Монголын ард түмэн их найрсаг юм, сэтгэл тун хангалуун байгаа.

- Цаг агаарт хэр дасаж байна вэ. Монголын уур амьсгал танд нөлөөлж байна уу?

- Ер нь хэт хүйтэн нөхцөлд ажиллах хэцүү. Өмнө нь -30 хэмийн хүйтэнд бэлтгэл хийж байлаа. Тиймээс энэ удаа харьцангуй гайгүй байна. Монголын цаг агаар надад маш тааламжтай хүлээж авлаа гэж бодсон. Айхтар хүйтэн алга. Тиймээс уур амьсгалд гайхалтай дасан зохицож байгаа гэж хэлье дээ.

- Та хэр их жин хасдаг тамирчин бэ. Ядарч байна уу?

- Би огт ядраагүй. Яагаад гэвэл жингээ маш сайн барьдаг, формоо сайн хадгалдаг учраас жин хасах гэж зовдоггүй.

- Бэлтгэлээ бүрэн хангасан уу?

- Мэдээж тэгэлгүй яах вэ. Би улсдаа маш сайн бэлтгэл хийсэн. Өрсөлдөгчөө ялах зорилготой Монголд ирсэн учраас бэлтгэлээ 100 хувь хангаад, тулаанд бэлэн болсон байна. Энэ тулаанд ялбал дараачийн бүсний төлөөх тулаанууд миний өмнө нээлттэй болно. Миний мөрөөдөл бол дэлхийн аварга болох. Мэргэжлийн боксын ертөнцөд бусдын анхаарлыг татаж, нөлөөлөгч байхыг хүсдэг. Энэ спортын сахилга батыг олон хүнд мэдрүүлэхийг хүсэж байна.

- Өрсөлдөгчдөө зориулж ямар төлөвлөгөө зохиов?

- Ямар нэгэн зүйл төлөвлөөгүй. Рингэнд гарсан хойно л намайг мэдэх боломжтой.

- Э.Цэндбаатарыг судалсан уу?

- Тулааны арга барил нь ижил. Хүнд нударгатай, ширүүн довтолж тулалддаг тамирчин. Тиймээс бид хоёрын тулаан төстэй байх болов уу.

.- Маргааш жингээ үзүүлж, Цэндээтэй халз нүүр тулна. Сандарч байна уу?

- Сэтгэл их хөдөлж байна. Харин сандарсан зүйл байхгүй. Би угаасаа сэтгэл хөдлөл өндөртэй тамирчин. Тулааныг тэсэн ядан хүлээж байна. Мөн маргаашийн уулзалтыг ч тэсэж ядан хүлээж байгаа шүү. Эцэст нь хэлэхэд  Монголд боксын спортоор хичээллэдэг залуус олон байгаа байх. Энэ гайхалтай спортоор хичээллэж, биеэ хэрхэн зөв авч явах, тулааны спортын гайхамшгаас мэдэрч, элдэв хорт зуршлаасаа салаарай гэмээр байна.