Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/03/17-НД НИЙТЛЭГДСЭН

"Монгол Улс нэгэн зэрэг хүн амынхаа 0.4 хувийг эмнэлэгт хүлээн авч эмчлэх нөөц боломжтой. Энэ нь Хятадтай адилхан үзүүлэлт"

Б.Бадамгарав, IKon.mn
2020 оны 3 сарын 17
iKon.MN
Зураг зураг
mpa.mn

Улсын Онцгой комисс өнөөдөр шуурхай хуралдлаа. Гаргасан шийдвэрийг яг одоо мэдээлж байна.

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл нөхцөл байдлыг танилцууллаа. 

Тэрбээр "Шинэ коронавирусийн халдвар 164 оронд бүртгэгдэж, 7,000 гаруй хүн нас бараад байна. Манай улсад өнөөдрийг хүртэл 1,330 хүн тусгаарлагдсан. Харин 257 хүнийг  сэжигтэй тохиолдол гэж үзээд ХӨСҮТ-д тусгаарлаж, шинжилгээнд хамруулсан. Үүний 88 нь Францын иргэнтэй хамгийн ойрын хавьтлын хүмүүс. Тэдний шинжилгээний хариу сөрөг гарсан ч ажиглалтын 14 хоногийг дуустал тусгаарласан хэвээр байлгах юм.

Монгол Улсад коронавирусийн анхны тохиолдол болж оношлогдсон Францын иргэний биеийн байдал тогтвортой байгаа. Эмч нар маань эмчилж чадаж байгаа.

Өчигдөр шөнө Монгол Улсын гурван иргэнээс коронавирусийн халдвар илэрсэн тул өглөө PCR аппаратаар дахин шинжилж, оношийг баталгаажуулсан. Уг гурван иргэнтэй хамгийн ойр сууж зорчсон нийт 111 хүнээс шинжилгээ авахад 61 хүнээс нь илрээгүй. Үлдсэн хүмүүсийн хариу удахгүй гарах болно.

Одоогоор Монгол Улсад бүртгэгдээд буй дөрвөн тохиолдол нь гаднаас зөөвөрлөгдөн орж ирсэн. 

Эрүүл мэндийн яамнаас эмчилгээтэй холбоотой асуудалд онцгойлон анхаарч байгаа. Засгийн газар, Улсын Онцгой комисс шуурхай хуралдаж, эмнэлгийн тусламж үйлчилгээг сайжруулахад бүх талаар дэмжин, бэлтгэлийг хангаж байна" хэмээв.

Түүнчлэн "Коронавирус илэрсэн даруйд гурван хүнийхээ эмчилгээг өчигдөр оройноос эхэлсэн. БНСУ-аас ирсэн хоёр хүний биеийн байдал тогтвортой, Берлинээс ирсэн нэг хүний биеийн байдал хүндэвтэр байна" гэлээ.

Одоогийн байдлаар гадаад улсаас тусгай нислэгээр ирсэн иргэдийг зарим зочид буудалд байрлуулан тусгаарлаж байгаа юм. Ийнхүү тусгаарлаж буй нь стандартад хэр нийцэх болон Монгол Улсын эмнэлгийн байгууллагын хүртээмж, үйлчилгээний талаар Эрүүл мэндийн сайдаас тодрууллаа.

Сэтгүүлчдийн энэхүү асуултад Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл "Нийгмийн эрүүл мэндийн байдлын ноцтой байдал болон цар тахлын үеийн арга хэмжээг Эрүүл мэндийн яам, Онцгой байдлын газар зэрэг холбогдох байгууллагаад урьдчилан авч эхэлсэн байсан. Үр дүн нь ч тодорхой гарсан гэж бодож байна. 

Улаанбаатар хотод 1,033 хүүхдийн ор байдаг. Тавдугаар сар хүртэл энэ ор битүү байдаг бол одоогоор 200 гаруй хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Эмнэлгүүдийн орны ачаалал буурсан. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад төрөл бүрийн халдварт өвчний гаралт 3-3.5 дахин буурлаа. Энэ бүхэн нь коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх ажлын болон олон нийт зөв дадал хэвшилтэй болсны үр дүн юм. 

Дэлхийн ямар ч өндөр хөгжилтэй оронд нийт хүн амаа нэгэн зэрэг эмнэлэгт хүлээн авах боломж байдаггүй. 

Өндөр хөгжилтэй орнууд нийт хүн амынхаа 1.1-1.4 хувийг нэгэн зэрэг эмнэлэгт хүлээн авах нөөц боломжтой байдаг. Хятад улсад 0.4 хувь байна. Монгол Улс Хятад улстай ижил хүн амынхаа 0.4 хувийг нэг зэрэг эмнэлэгт хүлээн авах боломжтой.

Шинэ коронавирусийн халдвар болон түүнээс шалтгаалсан өвчлөл нь хоруу чанартай, халдварлах чанар өндөртэй. Хэрвээ нийтийг хамарсан халдвар гарвал яаж ч орилоод эмнэлэгт хэвтэх боломжгүй. Ялангуяа хөнгөн тохиолдолд. Тиймээс өндөр настан болон архаг хууч, суурь өвчтэй хүмүүс, аав, ээж, ахан дүүсээ илүү асран хамгаалах цаг үе ирсэн" хэмээн хариулав.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.