Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/03/04-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Сумъяабазар: Нүүрс тээвэрлэлтийн машинд квот тогтоох эсэхийг ААН-үүд болон Хятадын талтай ярилцаж шийднэ

А.Ням-Өлзий, iKon.mn
2020 оны 3 сарын 4
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазараас нүүрсний экспортын үргэлжлүүлэх гэж байгаа талаар тодрууллаа. Мөн тэрбээр АН-ын ахлах зөвлөх З.Энхболдын Эрдэнэс Тавантолгойн ХК-ийн хувьцааг хууль бусаар шилжүүлж, улмаар хувьчлахад бэлдэж байна. 2017 онд УИХ-ын тогтоол гарч байхад Д.Сумъяабазар Эрдэнэс Тавантолгойн 30 хувийг таван тэрбум ам.доллараар зарна гэсэн тайлбарыг хийж байсан. Сая хамгийн сүүлд авсан мэдээллээр нэг тэрбум ам.доллар болчихсон байна. 1 тэрбум ам.доллар гэдэг бол Эрдэнэс Тавантолгойн нэг жилийн экспортын орлого” хэмээн ярьсан асуудалд тайлбар өглөө. 

-Нүүрс, газрын тосны экспортын энэ сарын 15-наас эхлүүлэхээр болсон. Бэлтгэл ажил хэр хангагдсан бэ? 

-Түүхий газрын тосыг тээвэрлэх асуудлыг Шадар сайд Ө.Энхтүвшин хариуцаж өнөө маргаашгүй Дорнод аймагт очиж ажиллах гэж байна. Зам тээврийн сайд өнөөдөр Замын-Үүдэд ажиллаж байна. Миний бие Гашуунсухайт болон Шивээ хүрэнгийн боомтод ажиллана.

Тээвэрлэлттэй холбоотойгоор ариутгал, жолооч нарын эрүүл ахуйг хангуулах зэрэг үүрэг чиглэлийг өгсөн. Тээвэрлэлт, болон олборлолт хийж байгаа ААН-үүдэд өгсөн чиглэлийн хэрэгжилтэд хяналт тавихаас гадна хил гаалийн асуудлыг цаашид хэрхэх асуудлаар Хятадын талтай ярилцана. 

-Нүүрс тээвэрлэлтийн машинуудад квот тогтоох уу? 

-Орон нутгийн Тавантолгой, “Энержиресурс” компанийн удирдлагуудтай ярилцаж байгаад шийдвэрлэнэ. Мөн Цагаан хаднаас цаашаа гарах нөхцөл байдал ямар байна вэ гэдгийг давхар нягталж байгаад Хятадын талтай ярилцана. Юуны түрүүнд аюулгүй байдал хамгийн чухал байна. Коронавирус бидний төсөөлснөөс ч маш хурдацтай тархаж байна. Тиймээс аюулгүй байдал, эдийн засгаа хослуулах шаардлагатай. 

-Газрын тосны үнэ дэлхийн зах зээл дээр унаж байна. Цаашид үнийн өөрчлөлтийг хэрхэн тооцоолж байгаа вэ?

-БНХАУ-тай аль аль талдаа тэг зогсолт хийсэн. Энэ нь эрэлт, нийлүүлэлт гацсан анхны тохиолдол юм. Үүнийг зөв урагшлуулах үүднээс өдөрт нүүрс тээвэрлэлтийн квот 200 эсвэл 400 байх уу, зардал өртөг ямар байх вэ гэдэг асуудлаар ААН-үүдийн удирдлагатай ярилцаж байж шийдвэрлэнэ. 

-Нүүрсний экспорт зогссон хугацаанд хэдэн төгрөгийн алдагдал хүлээв? 

-Улсын төсөв нэг их наяд төгрөгөөр тасарсан тооцоо байна. 

-Төсөвт тодотгол хийх шаардлага үүсэх үү? 

-Сангийн сайд Ч.Хүрэлбаатар төсөвт тодотгол хийхгүй байх тал дээр анхаарч ажиллаж байгаа. 

-Ардчилсан намын даргын ахлах зөвлөх З.Энхболд "Эрдэнэс Тавантолгой хувьчлагдана" гэсэн мэдээллийг цахим орчинд тараасан. Энэ талаар тайлбар өгөхгүй юу? 

-2015 оны дөрөвдүгээр сарын 07-ны өдөр Тавантолгойг  хувийн компанид өгөх гэж байсныг З.Энхболд УИХ-ын дарга байхдаа зогсоосон. Би ч тэр үед ажлын хэсэгт ороод, "Тавантолгой" төрийн мэдэлд байж, цаашаа хөгжих ёстой гэдэг байр суурийг баримталж байсан. У.Хүрэлсүх даргын Засгийн газар байгуулагдсанаас хойш "Тавантолгой"-н бүлэг ордын асуудлаар  бид яах ёстой юм. Энэ асуудлыг хариуцаж байгаа сайдын хувьд судалж, санал боловсруулж, танилцуул" гэсэн чиглэлийг өгсөн.  

Тавантолгой 10 жилийн хугацаанд улс төрийн зовлонг туулсан. Мега төсөл гэдэг дандаа л улс төрийн хардалт сэрдэлт дагуулдаг зүйл.  Ингээл бид олон улсын хөрөнгийн бирж дээр нээлттэй хувьцаат компани болгоё гэж шийдсэн.  Ингэснээр илүү ил тод, засаглал сайтай, үйл ажиллагаа нь олон улсын стандартын дагуу явах нь манай ард түмний хүсэн хүлээж байгаа зүйл гэж үзэж, бирж дээр гарах нь  хамгийн зөв гэж үзсэн.

Дараа нь Засгийн газрын хуралдаанаар хэд хэдэн хувилбарыг ярилцаж байгаа 2018 оны зургаадугаар сарын 14-нд ҮАБЗ-ийн зөвлөмжийг ч гаргуулсан. "Эрдэнэс Таван толгой" компанийн 30 хувийг олон улсын хөрөнгийн биржид нээлттэй гаргахыг ҮАБЗ-өөс зөвлөмж байдлаар УИХ, Засгийн газарт хүргүүлсэн. Үүний дагуу Засгийн газар хуулийн төсөл боловсруулж УИХ-д өргөн мэдүүлсэн. Дараа нь МАН-ын бүлэг, АН-ын зөвлөлөөр хэлэлцүүлсэн. Томоохон төслийг бид нууж хаасан юм огт байхгүй. Оюутолгойн төсөл зэрэг өмнөх түүхээ давтаж болохгүй. Ялангуяа Ерөнхий сайд У.Хүрэлсүх замбараагүй явж ирсэн уул уурхайн асуудлыг цэгцэлж ирсэн.

Үүнээс хойш 10 гаруй тогтоол Засгийн газар гаргасан. Ямар нэг маргаан элдэв гүтгэлэг гарах вий гэж болгоомжилсон. Тал талын зөвшилцлийг хангаж Тавантолгойн орд ард түмний мэдэлд Төрийн өмчит компани байх нь зөв гэж үзээд холбогдох шийдвэрийг гаргасан.

Харамсалтай нь 2020 оны улс төр эхэлж байх шиг байна. Тавантолгойн ордоор битгий улс төр хийгээч ээ. Улсын эрх ашиг аль нэг намын эрх ашгаас илүү шүү.  Улс төрийн эрх ашиг байлаа ч гэсэн тоглоом тоотой нь дээр. Аливаа зүйлд зөв хандах ёстой. Өөрөө анхнаас нь дэмжээд явж байсан атлаа тухайн үед яагаад асуудал тавиагүй юм. Энэ бүхэн асуултын тэмдэг болчихоод байна. 

Яг өнөөдрийн нөхцөлд давагдашгүй хүчин бий болчихоод байна. Ордын үнэ цэнэ, насжилтийн хувьд 50-200 жил гэсэн янз бүрийн саналууд гардаг. Бид Гашуунсухайт, Зүүнбаянгийн төмөр зам ашиглалтад ороод эхэлбэл төмөр замаар жилд 50 сая тн, Ханги Мандал, Гашуунсухайтын автозамаар 20 сая тн буюу нийтдээ 70 сая тн нүүр экспортод гарна гэж тооцоолж байгаа. 

Тавантолгойн зургаан орд дээр нийт найман тусгай зөвшөөрөл байдаг. Найман тусгай зөвшөөрлийн зөвхөн нэг участик дээр нь эхний ээлжинд үнэлгээ тогтоон, үнэ цэнийг нь олон улсын стандартад хүргэх нь зөв юм байна гэж үзэж байгаа. Зөвхөн Зүүн Цанхийн ордыг 100 хувь гэж үзэх юм бол 30 хувь дээр нь л хөрөнгө босгох ажил хийхгүй бол болохгүй юм байна гэж үзэж байгаа.  

Тавантолгойн бүлэг ордын хайгуул 55 хувь дээрээ хийгдсэн зарим нь хайгуулынхаа нөөцийг олон улсын стандартад хүлээн зөвшөөрөгдсөн байдлаар хараахан тогтоож амжаагүй байна. 

-Та энэ асуудлаар шүүхэд хандаж байгаа гэсэн үү?

-С.Эрдэнэ гуай намайг зөндөө гүтгэсэн. Буруу зөрүү ойлгосон зүйл байх вий гэж би хүлээцтэй хандсаар ирсэн. Гэвч хэвлэл мэдээллийн хэрэгслээр болон мэдээлэл дутуу улсуудыг турхираад гүтгээд байгаа. Сонгууль дөхсөн энэ үед аливаа асуудлыг цааш нь хөөргөдөг хэсэг байна. Хүнийг утга учиргүй гүтгэдэг хэсэг ч байна. 

Би гүтгүүлсэн гэдэг дээр уурлаад байгаа юм биш. Дуугарахгүй яваад байвал үнэн юм байна гэдэг ойлголт нийгэмд төрнө шүү дээ. Иргэд , сонгогчид, ээж аав маань хүртэл буруу зөрүү ойлгочих вий гэдэг үүднээс С.Эрдэнийг шалгуулахаар өчигдөр цагдаагийн байгууллагад хандсан. 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.