Нохойноос дор монгол хүүхэд
Хууль сахиулахын их сургууль зохион байгуулсан сургалтад сууж байхдаа энэ талаар сонсоод чихэндээ ч итгэсэнгүй. Энэ бол хүүхэд үрчлэлийн цаана нуугдаж буй хүн худалдаалах гэмт хэргийн тухай байв. Монгол хүүхэд үрчлэх хамгийн хялбар. Учир нь манай улсын хууль эрхзүйн зохицуулалт ийм.
Манайх шиг хүүхдийг хилээр нэвтрүүлэхэд нохойг хилээр нэвтрүүлэхээс ч амархан эрхзүйн зохицуулалттай улсад энэ төрлийн гэмт хэрэг гарах хамгийн таатай нөхцлийг бүрдүүлж байгааг ч албаныхан үгүйсгээгүй.
Монгол Улсын харьяат хүүхэд үрчлэхийн тулд гуравхан төрлийн бичиг баримт бүрдүүлдэг бол нохойг хилээр гаргахад найман төрлийн бичиг баримт бүрдүүлэх шаардлагатай байдаг юм байна. Хүүхэд нохойноос дор үнэлэгдэж буйн бодит жишээ бол энэ.
Харин тухайн гэр бүлд тавих шалгуур нь олон улсын жишгийн дагуу. Тодруулбал, тухайн гэр бүлд 11 зүйлийн шалгуур тавьдаг байна. Тухайн гэр бүл таваас доошгүй жил хамтран амьдарсан байх, сүрьеэ, ДОХ, сэтгэцийн өвчин, согтууруулах ундаа болон бусад мансууруулах төрлийн бодис хэрэглэдэггүй байх, гэмт хэрэгт холбогдож, ял шийтгэл авч байгаагүй зэрэг шалгуурыг тавьдаг ажээ. Энэ шаардлагыг хангасан тохиолдолд Монгол Улсын харъяат хүүхдийг үрчлэн авах эрх нь үүсдэг юм байна.
Монгол Улс 1998 онд холбогдох хуулиудын хүрээнд Гаагийн конвенцид нэгдэн орсноосоо хойш улс хооронд хүүхэд үрчлэх асуудлыг нээлттэй болгосон байдаг. Ингэхдээ жилд 10-аас дээшгүй хүүхэд үрчлүүлдэг аж. Өнгөрсөн онд гэхэд 12 хүүхэд үрчлүүлжээ. Харин энэ асуудлыг нийтэд ил болгох боломжгүй талаар албаны хүмүүс хэлж байна. Учир нь энэ асуудал гэр бүлийн тухай хуулиар зохицуулагддаг гэх. Мөн тухайн эцэг эх, жуулчлалын байгууллага болон ГИХЭГ гэсэн хамтын гурван талт ажиллагааны хүрээнд зохицуулагддаг аж.
Мөн тухайн хүүхдийн эрхийн асуудал яригдаж байгаа учраас өргөж авсан эцэг, эх нь зөвшөөрсөн тохиолдолд энэ талаархи мэдээллийг өгч болдог гэнэ. Гэхдээ бид хүнийхээ араас чих тавих ёстой. Сэтгэл зүтгэл гаргах л үүрэгтэй. Манай улсад үйл ажиллагаа явуулж буй шашны байгууллагууд асрамжийн газрынхан ч энэ төрлийн гэмт хэргийн гар хөл болж байгааг ч нуусангүй. Монголоос хүүхэд үрчлэх хамгийн хялбар байдаг учраас энэ нь гэмт хэрэгтнүүдийн хувьд хамгийн том боломж болдог ажээ.
Сүүлийн үеийн статистик мэдээллүүдийг харж байхад гудамжны хүүхдүүдийн тоо эрс буурсан тухай баримт нүдэнд тусдаг. Гэхдээ холбогдох албаны хүмүүс үүний цаад шалтгааныг ухаж тодруулдаггүй. Үрчлэгдсэн хүүхдийнхээ араас хэн ч хэзээ ч санаа тавьдаггүй. Насанд хүрээгүй хүүхдүүд хил дамнасан хүний наймааны золиос болж байгаа харамсалтай мэдээлэл сүүлийн үед ихээр цацагдах болсон.
Хэдийгээр энэ төрлийн гэмт хэрэг Монгол Улсад бүртгэгдээгүй ч иймэрхүү тохиолдол бий гэдгийг албаны эх сурвалжууд баталж байгаа юм. Харин тэдний араас хэн ч санаа тавьдаггүй учраас хаана хэрхэн амьдарч байгаа, амьд, үхсэн эсэхийг нь ч мэдэх боломжгүй. Хүүхэд үрчлүүлснээс хойш гурван сарын дотор хэрхэн амьдарч, өсөн торниж буйг нь илтгэсэн фотог холбогдох байгууллагад хүргүүлэх ёстой байдаг юм билээ.
Гэхдээ дээрх 229 хүүхдийн хэд нь фотогоо гурван сарын дараа эх орон руугаа илгээсэн байдаг бол. Тэдний хэд нь өнөөдөр амь үрэгдэж, хэд нь эсэн мэнд байна вэ. Хэн нэгэн гаж донтон, яргачны гарт тарчилж, хүчирхийлэл, бэлгийн болон хөдөлмөрийн мөлжлөгийн хохирогч болж байгааг холбогдох албаныхан нь мэдэхгүй байгаа юм чинь бид мэдэхгүй байх нь ойлгомжтой.
Өөр нэгэн анхаарал татаж байгаа мэдээлэл бол гадныхан ихэвчлэн 0-5 насны хүүхдийг үрчилж авдаг байна. Ингэхдээ гудамжинд хаягдаж, орхигдсон хүүхдүүдийг үрчлүүлдэг ажээ. Хэрэв тухайн хүүхдийн гэр бүл, төрөл төрөгсөд, эцэг эхийг нь цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжлаад олдоогүй тохиолдолд үрчлэлийн асуудал яригддаг юм байна. Эрүүл, саруул хүүхдүүдийн үрчлэлийн асуудал ийм байхад төрөлхийн болон олдмол өвчтэй хүүхдүүдийн асуудал, бүрхэг ирээдүй анхаарын гадна үлдэх учиргүй.
Тархины саажилттай хүүхдүүдийн үрчлэлийн асуудал бүрхэг хэвээр
“Тархины саажилттай хүүхдүүдийг гадаадынхан өсгөх гэж үрчилдэг нь эргэлзээтэй. Яагаад гэвэл ийм өвчтэй хүүхдүүд хэзээ ч удаан амьдардаггүй болохоор эрхтэнийг нь ашиглах зорилго ч байдаг. Мөн гадаадад үрчлэгдсэн Монгол хүүхдүүдийн хувь заяа дэндүү бүрхэг байгаа...” Энэ бол албаны эх сурвалжийн бидэнд өгсөн мэдээлэл.
Дээр дурьдсанаар тархины саажилттай хүүхдийг үрчилсэн тохиолдолд нууцын зэрэглэлд хамаардаг нь далд учиртай юмсанж. Учир нь тархины саажилттай хүүхдийн эд эрхтэн нь эрүүл учир хүн худалдаалах гэмт хэргийн золиос болдог ажээ.
Тухайлбал, бидэнд мэдэгдэж байгаагаар тархины саажилттай болон төрөлхийн гажигтай, дутуу төрсөн хүүхдүүдийг эмчилдэг Хүүхдийн төв Сувиллын эмнэлгээс л гэхэд тархины саажилттай хэд, хэдэн хүүхдийг гадны иргэд үрчилж авсан байдаг аж. Ингэхдээ ихэвчлэн Франц, АНУ-ын иргэд хүүхэд үрчлэх хүсэлт гаргадаг байна. Дашрамд дурьдахад манай улсад тархины саажилттай 1800 гаруй хүүхэд байдаг аж.
Сүүлийн үед энэ тоо нэмэгдэх болж. Энэ бол дэлхий нийтэд 1000 амьд төрөлтөд нэг хувь тохиолддог гэж үздэг. Гэтэл манай улсад 1000 амьд төрөлтөд хоёр хувь байгаа нь тархины саа өвчний тохиолдол өндөр гэж дүгнэхэд хүрч байна хэмээн гадаадын эмч нар анхааруулжээ.
Уг нь бол гадаадад үрчлэгдсэн монгол хүүхдүүд 18 нас хүртлээ Монгол Улсын харьяанд байх хуультай ч манай улсын зүгээс тэдэнд ямар нэгэн анхаарал, халамж тавьж байсан удаагүй. Энэ нь ч гадаадад үрчлэгдсэн хүүхдүүдийн талаарх мэдээлэл одоо болтол нууц, эсвэл байхгүй байгаагаар нь батлагдах биз. Өвчтэй төрснөөсөө болж эцэг, эхдээ гологдож, ядуугаасаа болж гудамжинд амьдарч байгаа хүүхдүүд ямар буруутай гэж.
Тэр дундаа гадаадын хүмүүст хүүхэд үрчлүүлэх асуудал тун нарийн хандахгүй бол бид хүний наймаачдад зүгээр л сайхан бараа нийлүүлээд байгаа ч юм бил үү, хэн мэдлээ. Ер нь гадаад руу хүүхэд үрчлүүлэх хэрэг байна уу, үгүй юу гэдгийг ч бодож үзэх цаг болж. Хэрвээ үрчлүүлдэг юм гэхэд Монголоос албаны хүмүүс заавал биечлэн очиж, ямархуу амьдарч байгааг нь шалгадаг байхаар асуудлыг шийдэх л хэрэгтэй.
Гэхдээ нэн даруй шийдэх асуудал. Түүнээс биш яваандаа хуулиа өөрчилнө, шийдвэрлэнэ гэж явсаар байтал гадаад руу үрчлэгдсэн хүүхдүүдийн тоо өссөөр л байх нь мэдээж. Бид асрамжийн газраа олигтойхон ажиллуулчихаж чадахгүй байж гадны хүнд өөрийн иргэдээ өгсөнөөр дараа нь ямар ч үр дүнд хүрч болохоор нөхцөл байдал байсаар л байна шүү дээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!