Б.Пүрэвдорж: Казинод хэзээ ч хождоггүй. Монголчууд казино тоглох хэрэггүй
УИХ дахь АН-ын зөвлөлөөс цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж “2019-2020 оны намрын чуулган олон асуудлыг хэлэлцсэн шаргуу чуулган байлаа. Гэвч эдийн засгийн чухал асуудлууд дээр чухал шийдвэр гаргаж чадаагүй.
Нэгдүгээрт, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд бид 30 гаруй санал гаргаснаас 10 гаруйг нь оруулсан. УИХ-ын сонгууль, тойрог, мандатын асуудал дээр бид нийслэлийн мандатын тоог нэмэгдүүлэх,ядаж хасахгүй байх саналтай байсан ч нийслэлийн мандатаас хассан.
МАН нийслэлийн тойргоос санал авч чадахгүй гэдэг хэд хэдэн судалгаа гаргасны үндсэн дээр тойрог, мандатын асуудыг оруулж ирсэн. Тиймээс ч 600 орчим тэрбум төгрөгийн төсвийн хөрөнгө оруулалтыг нийслэлээс орон нутаг руу шилжүүлсэн.
Ц.Нямдорж, Ч.Хүрэлбаатар, Монголбанкны Ерөнхийлөгч асан Н.Баяртсайхан нарын хариуцлагагүйгээс Монгол Улс Саарал жагсаалтад орсон. Үүнээс болж Монгол Улсын валютын гүйлгээ БНХАУ-ын хоёрхон банкаар дамжиж байгаа. Ингэснээр манай валютын гүйлгээ ганцхан улсаас хамааралтай болчихоод байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ өөрөө тарах ёстой гэдэг уриалга гаргасан. Энэ парламентын 49 гишүүн ждү, тендер, концессын асуудалд холбогдсон. Тийм учраас энэ парламент тарах ёстой гэдэг байр суурин дээрээ бид одоо ч хэвээр байна.
Тэтгэврийн зээлийг тэглэх Ерөнхийлөгчийн санаачилгаар хуулийн төсөл батлагдсан. АН-ын зөвлөл үүнийг дэмжсэн” гэлээ.
Дээрх мэдээллийн дараа УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
-АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбатын казино тоглож байгаа зураг, бичлэг сошиалд тарсан. Үүнд зөвлөлийн зүгээс ямар тайлбар өгөх вэ?
-Д.Эрдэнэбат дарга орон нутагт томилолттой байгаа. Хувь хүний асуудлаар би тайлбар хийхгүй.
-Таны ч бас казино тоглож байгаа зураг байсан. Тэр хэзээний зураг вэ?
-Нэгдүгээрт энэ бол эртний зураг. Би гэр бүлийнхэнтэй амралтаараа явж байгаад зочид буудлаас 50 ам.долларын ваучер өгөхөөр нь түүгээр нь орж тоглосон. Хоёрдугаарт, тухайн үед казинод тоглох асуудлыг ямар нэгэн хуулиар зохицуулаагүй байсан. Энэ асуудлыг 2019 оны дөрөвдүгээр сард Төрийн албан хаагчийн ёс зүйн дүрэмд өөрчлөлт оруулж хориглосон. Үүнээс хойш би казино тоглоогүй, тоглохгүй. Яагаад гэвэл би хуулиа барьдаг хүн.
Төрийн олон тэрбум төгрөгөөр тоглосон хүмүүс байгаа. Казинод хэзээ ч хождоггүй. Тийм учраас Монголчууд казино тоглох хэрэггүй.
-АН-ын удирдлагууд БНХАУ-д ямар асуудлаар айлчилсан юм бэ. Сонгуулийн хандив авахаар явсан гэдэг мэдээлэл тараад байгаа?
-АН-ын удирдлагууд БНХАУ-д айлчилсан. Монголын эдийн засагт нөлөөтэй хоёр орны нэг болох БНХАУ-тай сайн хөршийн харилцаатай байх хэрэгтэй. АН аливаа нэг улс орон, томоохон ААН, олигархуудаас нэг ч төгрөгийг төрийн сонгуульд зориулж авахгүй.
-НДЕГ-ын дарга асан Ц.Уртнасанг цагдан хориод байгаа. Энэ асуудал нь цаашлаад АН-ын дарга С.Эрдэнэтэй холбогдсон гэх мэдээлэл байгаа?
-Нийгмийн даатгалын сангийн мөнгийг банканд хадгалуулахдаа жилийн гэрээ хийдэг. Гэрээний дагуу нийт 240 гаруй тэрбум төгрөгийн ашигтай ажилласан гэж тухайн үедээ Ц.Уртнасан даргыг магтаж байсан. Жил болгоны гэрээг шинэчилж өөр сайн банканд хадгалуулаагүй өнөөдрийг хүртэл явсан нь эрх баригчдын буруу. Тухайн үед Капитал банк Монголбанкнаас гаргасан үнэлэмжээр сайн банканд тооцогдож байсан. Тиймээс НДС-гийн мөнгийг хадгалуулсан.
Эрх баригчид НДС-гийн мөнгийг Капитал банканд алдсан асуудлыг ил болох вий гэсэн айдсаасаа болоод аль хэдийнэ ажлаасаа явсан АН-ын хүнийг барьж хорьж байна. Энэ бол цэвэр улс төрийн зорилготой.
-Өнгөрсөн хугацаанд сөрөг хүчин хэр сайн ажилласан бэ?
-Долоон хүн гэдэг үнэхээр цөөн юм. МАН-ын алдаа болгон дээр дөрөөлж шархыг нь сэдрээх боломж АН-ын цөөхөн гишүүнд байсангүй. Гэхдээ бид сөрөг хүчний үүргээ хангалттай биелүүлсэн.
МАН ждү, 60 тэрбум гээд хоёр хуваагддаг. Гэвч Ж.Эрдэнэбатын Засгийн газрын унагааж, У.Хүрэлсүхийн Засгийн газрын байгуулж, Н.Номтойбаярыг явуулж өгсөн нь АН-ын зөвлөл. Аливаа том асуудал дээр МАН-ын бүлэг хоёр хуваагддаг бол асуудлыг шийдэж өгдөг нь АН-ын зөвлөл юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

