Баасан гарагийн шөнө Киргизтэй хил залгаа Казахстаны өмнөд бүс нутагт угсаатан хоорондын мөргөлдөөн гарснаас 10 хүн амь үрэгдэж, 39 хүн эмнэлэгт хүргэгдсэн юм.
Нутгийн казах иргэд болон 19 дүгээр зуунд Хятадаас цагаачилж ирсэн дунган угсаатнуудын хооронд үүссэн маргаан өргөжиж цуст мөргөлдөөн болсон гэж мэдээлж байна.
Тэгвэл өнгөрсөн амралтын өдрүүдэд олон тооны дунган иргэд Киргизистаны нутагт орж ирсэн тухай нүдээр харсан гэрчүүд мэдээлжээ. Хүүхэд, эмэгтэйчүүд, өндөр настнууд голдуу дүрвэгчдийг Киргизэд амьдардаг хамаатнууд нь хүлээж авч байгаа гэнэ.
Баасан гарагийн орой мөргөлдөөн цөөн хэдэн хүний дунд анх үүссэн ч сүүлд сошиал сүлжээнд тавьсан мэдээллийн улмаас 300 хүн болж нэмэгдсэн байна.
Бямба гарагт Казахстаны ерөнхийлөгч Кассым Жомарт Токаев мөргөлдөөн гарсан Масанчи тосгонд дэг журам тогтоосныг мэдэгдсэн юм.
Тус тосгонд онц байдал тогтоож, цагдаа, цэргийн хамгаалалт гаргажээ. Мөргөлдөөний үеэр цагдаагийн таван албан хаагч шархдаж, бэртсэний гурав нь бууны сумны шархтай байгааг Казахстаны дотоод хэргийн яам мэдээлсэн байна.
Мөргөлдөөн цааш даамжрахаас сэргийлж Алматы хотын гол захуудыг хаасан байна. Казахстаны гадаад хэргийн яам тус улсад 100 гаруй өөр угсаатнууд эв найрамдалтай аж төрдөг тухай мэдээлжээ.
Эх сурвалж: BBC
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!