Киргизийн хилийн ойролцоох Казахстаны Масанчи тосгонд Баасан гарагийн орой угсаатан хоорондын мөргөлдөөн гарсны улмаас найман хүн алагдаж, олон арван хүн шархдсан байна.
Мөргөлдөөний үеэр 30 орчим амины сууц, 15 бизнесийн объект шатаж, сүйдсэн тухай мэдээлжээ.
Казахууд болон Дунган угсаатнуудын хооронд мөргөлдөөн гарсан байна. Казахстаны өмнөд хэсэгт оршин суудаг энэ үндэсний цөөнх нь 19 дүгээр зуунд Хятадаас цагаачилж ирсэн муслим хүмүүсийн үр хойч юм.
Цагдаагийн тусгай хүч, үндэсний гвардын дайчдыг Масанчид оруулснаар хяналтыг гартаа аваад байгааг Казахстаны ерөнхийлөгч Кассым Жомарт Токаев мэдэгджээ.
Мөргөлдөөнд оролцсон 47 хүнийг баривчилсан байна.
Мөн угсаатан хоорондын мөргөлдөөнд уриалсан мэдээллийг сошиал орчинд тараасан этгээдүүдийг баривчилж, хуулийн хариуцлага тооцохоо Токаев амлажээ.
Одоогоор Масанчи тосгонд хүрэх замыг хаагаад байгааг гэрчүүд мэдээлсэн байна. Мөн зэргэлдээх Алматы хотын захуудыг хаажээ.
Дунганууд олноор оршин суудаг энэ бүс нутагт үндэстэн угсаатан хоорондын зөрчил маргаан байнга гардаг юм байна.
Эх сурвалж: BBC, Russia Today
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!