Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/01/29-НД НИЙТЛЭГДСЭН

Коронавирусийн халдвараас маск сэргийлэх үү? буюу “мэс заслын” болон N95 маскны ялгаа

ikon.mn
2020 оны 1 сарын 29
iKon.MN

Манай улсын өмнөд хөрш болох БНХАУ-д гарсан коронавирусийн дэгдэлттэй холбоотойгоор уг вирусийн халдварыг орж ирэхээс санаа зовсон болгоомжлол монголчуудын дунд их байгаа бөгөөд ингэх нь ч зөв юм.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон Монгол Улсын Эрүүл мэндийн яамны зүгээс иргэдийг цаг үеийн болон вирусийн халдвараас урьдчилан сэргийлэх мэдээллээр тогтмол ханган ажиллаж байгаа ба тэдний зөвлөмжөөр шинэ коронавирусийн халдвараас урьдчилсан сэргийлэх гол арга нь гараа тогтмол угаах, маск тогтмол зүүх болон өвчлөл гарсан бүс нутгуудаар зорчихгүй байх явдал ажээ.

Энэ удаагийн бичвэрээр уг өвчний халдварын үед маск зүүхийг холбогдох олон улсын байгууллагуудаас зөвлөж байгаа гол хоёр төрлийн маск болох “мэс заслын” хэмээгддэг  энгийн маск болон илүү нарийн шүүлтүүртэй N95 маскны талаар товч мэдээлэл өгөхийг зорив.

Энгийн нэг удаагийн буюу “мэс заслын” маск гэж юу вэ? Хэрхэн хэрэглэх вэ?
 

Мэс заслын маск хэмээн нэрлэгдэх цэнхэр (мөн НОГООН, ШАР гэх мэт өнгөтэй бас байдаг) гадна тал, цагаан дотор тал бүхий энгийн цаасан маскийг коронавирусийн энэ удаагийн дэгдэлтийн халдвараас хамгаалах чадварын талаар дэлхий даяарх эрүүл мэндийн мэрэгжилтнүүдийн санал харилцан адилгүй байгаа авч уг маскийг зөв зүүсэн тохиолдолд вирусийн халдвараас бүрэн сэргийлэхгүй ч нэлээд хэмжээгээр хязгаарлан гаднаас халдвар авах эрсдлийг бууруулж чадна хэмээн ихэнх мэрэгжилтэн үзэж байна.

Мэс заслын маск нь вирус агуулсан амьсгалын хэт бичил дусланцруудыг чөлөөтэй нэвтэрүүлэх боломжтой ч амнаас ялгарч нүүрний түвшинд эргэлдэх дотроо халдварлуулагч бичил биетэн бүхий нүдэнд үл үзэгдэм харьцангуй том дуслуудыг шүүх чадвартай байдаг. Нэн ялангуяа, өвчтэй хүнээс халдварыг гадагш гаргахгүй амны орчимд шүүн барих чадвар өндөр бөгөөд иймийн учир мэс засал хийж буй эмчийн амьсгалын бохирдлыг өвчтөний бие рүү оруулахгүй шүүх үүрэгтэй уг маскийг “мэс заслын” маск хэмээн ерөнхийд нь нэрлэдэг.

Дээр дурьдсанчлан уг маск нь вирусийн халдвар бүхий амьсгалын бичил дусланцруудаар амьсгалан халдвар авах магадлалыг тодорхой хэмжээгээр хязгаарлах авч вирус агуулсан бичил дусланцарууд нь маскны хажуугаар аманд нэвтрэх буюу нүдний салстаар дамжин биед орох боломж бага боловч заавал байдаг.

Уг маскны үр дүнг нэмэгдүүлэхэд түүнийг зөв хэрэглэх явдал нэн чухал юм.

 

Маскийг зүүхдээ:

  1.  Маскны ШИНГЭЭГЧ ЦАГААН ТАЛЫГ нүүр лүүгээ харуулж ШҮҮГЧ ЦЭНХЭР талыг гадагш харуулан өөрийн ам, эрүү, хамрыг бүрэн халхлан зүүх,
  2. Зүүснийхээ дараа хамрын хатуулгыг хамрын хэвний дагуу дарж агаар орох зайгүй болгон тохируулна.
  3. Энгийн маскийг дунджаар 3–4 цаг зүүгээд чийгтэж зөөлөрмөгц солих нь хамгийн зөв бөгөөд хэрэв ингэх боломжгүй тохиолдолд олон нийтийн газраар яваагүй бол дээд тал нь 8 цаг хүртэл зүүж болно гэсэн зөвлөмжтэй байдаг.
  4. Зүүж дууссан маскийг зөв тайлах нь мөн зөв өмсөхөөс дутуугүй ач холбогдолтой ба хэрэглэж дууссан маскийг “вирусээр бохирлогдсон” мэт үзэж ариун цэврийн тодорхой дэс дараатай тайлна. Маскийг хоёр гараараа хоёр чихнийхээ гогцооноос нь татаж тайлах ба тайлсан маскны аман талыг дотогш харуулан нугалж хогийн саванд хаяад түүнийхээ дараа гараа савантай бүлээн усаар заавал угаах хэрэгтэй.
N95 маск гэж юу вэ? Хэрхэн хэрэглэх вэ?
 

Хэдийгээр N95 маскийг зөв зүүсэн тохиолдолд олон төрлийн вирусийн халдвараас харьцангуй найдвартай сэргийлэх өндөр хүчин чадалтай авч энэ маск нь энгийн иргэдэд олдоц муутайгаас гадна харьцангуй өндөр үнэтэй зэрэг дутагдалтай талуудтай. Мөн уг маскийг ихэвчлэн халдварын голомтод ажиллаж буй эмч ажиллагсад зүүдэг. Хэдий тийм боловч хэрэв танд сонголт байгаа тохиолдолд N95 маскийг сонгох нь зөв бөгөөд учир нь энэ маскны шүүх чадвар нь энгийн масктай харьцуулшгүй өндөр юм.

“N95” хэмээх нэрний учир нь энэ маск 0.3 микроноос том хэмжээний хэт бичил тоосонцруудын 95 хувийг шүүх чадвартай байдагт юм.

 

N95 маскийг зүүхдээ:

  1. Маскийг зүүн гараараа ам, эрүү, хамар зэргийг бүрэн халхуулан барьж баруун гараараа дээд гогцоог нь хоёр чихнийхээ дээгүүр, түүний дараа доод гогцоог нь хоёр чихнийхээ доогуур углаж, хоёр гараараа хамрын хивэн дээр дарж тохируулна. Хэрэв зөв өмссөн тохиолдолд танд амьсгалахад хэцүү, бүгчим санагдаж байх ёстой бөгөөд амьсгалахад агаар чөлөөтэй орж байвал аль нэг талаараа “сийгэж байгаа” буюу буруу өмссөн гэсэн үг юм.
  2. Хэрэглэж дуусаад тайлахдаа дээрх дарааллын эсрэгээр нь тайлах ба аман талыг нь хумин хогийн саванд хаяж гараа угаана. 
 

Маск зөв зүүж хэвших болон гараа тогтмол зөв угаах, шүлс нусаа ил задгай хаяхгүй байж сурах зэрэг ариун цэврийн зөв дадлуудыг сахиж хэвших нь өөрийн төдийгүй эргэн тойрныхон, эх орон нэгтнүүдээ эрсдлээс хамгаалж буй маш том хариуцлагатай үйл хэрэг гэдгийг хүн бүр ухамсарлах нь коронавирус болон бусад өвчнүүдийн дэгдэлтийг хязгаарлахад нэмэр болох том алхам болох юм. 

 

 

Бэлтгэсэн: Хүний их эмч Д.Мандахнаран 

 
ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.