Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/01/27-НД НИЙТЛЭГДСЭН

"Ямааг самнахгүй тохиолдолд шинэ үс ургах боломжийг хаадаг тул тарга тэвээргээ сайн авч чаддаггүй"

Б.Даваабазар, iKon.mn
2020 оны 1 сарын 27
iKon.MN
Зураг зураг
гэрэл зургийг MPA.mn

Монгол Улсад 2019 оны эцэст 70.9 сая толгой мал тоологдсон. Үүнээс 41.2 хувийг нь буюу 29.2 сая толгойг ямаа эзэлдэг. 

Монголчууд эрт үеэс эхлэн ямааг самнаж, ноолуурыг амьдрал ахуйдаа ашиглаж ирснийг бид мэднэ. Харин монголчууд ямаа самнахдаа тарчлаан зовоож, амьтны эрх зөрчдөг гэх бичлэг гарснаас хойш иргэд энэ талаар хоёр талын байр сууринд хуваагдаад буй билээ. 

Иймд манай улсын ноолуурын зах зээлийн талаарх сүүлийн үеийн мэдээлэл болон амьтны эрхийн талаар Монголын ноос, ноолуурын холбооны мэргэжилтнээс тодрууллаа.

- Монголын ноолуурын зах зээлийн өнөөгийн нөхцөл байдлаас хуваалцахгүй юу?  

- Дэлхийн хэмжээнд нийт ноолуурын нөөц 24,000 тонн байдаг. Үүнээс 10,000 тонныг Монгол Улс бэлтгэж, бэлтгэсэн түүхий эдийнхээ ердөө 20 гаруй хувиар эцсийн бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Харин нийт ноолуурын 70 хувийг угаагаад БНХАУ-руу экспортолж, үлдсэн 10 гаруй хувийг самнаж, цэвэр ноолуур болгоод өндөр хөгжилтэй Итали, Англи зэрэг оронд нийлүүлдэг. Эцсийн бэлэн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, борлуулалт, экспорт ийм хангалтгүй байгаа нь үйлдвэр, компаниудын эргэлтийн хөрөнгө дутмаг байгаатай холбоотой.   

Ноолууран ширхэг нь байгалиасаа нано бүтэцтэй учир дээд зэргийн зөөлөн, хөнгөн, дулаан, уян хатан, бөх бат, амьсгалдаг, агаар шүүдэг, галд тэсвэртэй, байгальд задардаг зэрэг давуу талтай тул хүний эрүүл мэнд, байгальд ээлтэй бүтээгдэхүүн юм. Тэр ч утгаараа ноолууран бүтээгдэхүүн нь хэрэглэгчийн түвшний тухайд дундаас дээш болон тансаг хэрэглээний бүтээгдэхүүнд тооцогдож, өндөр хөгжилтэй орнуудын зах зээлд эрэлттэй хэвээр байгаа. 

- Ноолуурын зах зээлд одоогоор учирч буй ямар сорилт байгаа вэ? 

- Одоогийн хувьд гэвэл монгол ноолуурын эсрэг өрсөлдөгч орны зах зээлд хийж байгаа PR нь хэрэглэгчдийг төөрөгдөлд оруулж, хүндрэл учруулж байна. Үүнээс гадна, 

  • Дэлхийн байгаль цаг уурын дулаарал /илүү нимгэн, хөнгөн, сийрэг бүтээгдэхүүнийг шаардаж байна/
  • Монгол ноолуурын онцлог, давуу тал монгол ахуй, мал аж ахуйн уламжлалт арга ухааныг таниулан сурталчлахад анхаарч ажиллах шаардлагатай байна. 

- Ямааг самнах нь амьтны эрх зөрчсөн үйлдэл мөн үү? 

- Монгол мал жилийн дөрвөн улиралд бэлчээрээр амьдардаг. Монгол өвөлдөө -40 градус хүйтэрдэг бол зундаа +40 градус хүрч халдаг эрс тэс уур амьсгалтай орон. Өвлийн энэ хүйтнийг давж туулахад биологийн нөхцөлөөсөө үүдэн ноолуур үс ургаж, биеийг нь хамгаалдаг. Харин дулаарахад уг үсний шаардлагагүй болж гуужиж унадаг. Гэвч гуужилт удаан явагддаг тул малчин хүн ноолуурыг самнаж авдаг юм. Намар хүйтрэхээс өмнө дахин ургаж эхэлдэг. Өөрөөр хэлбэл, ямааны биен дээр ургалт, гуужилт ээлжлэн явагддаг зүй тогтолтой. Гуужилт хэр хурдан явагдана төдий чинээ хавар, зуны улиралд мал тарга тэвээргээ авах, хүйтнээс хамгаалах ноолуур үс нь ургаж байдаг.  

Мөн ямааг самнадаг сам нь үндэсний MNS1012:2016 стандарттай бөгөөд самны хэмжээ, шүдний үзүүрийн налууг тогтоосон байдаг. Үсний налуугийн дагуу ноолуурыг самнадаг.

Ямааг гурван төрлийн самаар самнадаг. Үүнд, 

  1. даахь самнадаг бүдүүн шүдтэй, мохоо сам 
  2. нарийн шүдтэй, үзүүр нь налуу өнцөгтэй сам 
  3. ноолуур үсийг гүйцээж самнахад ашигладаг, налуу өнцөгтэй нарийн сам байдаг.

Иймд арьсны хөрсөнд ямар нэгэн гэмтэл үүсгэдэггүй ба арьс ширний үйлдвэрүүдээс гомдол огт гардаггүй. 

Иймээс ямааг самнах нь ямааны эрхийг зөрчих гэхээсээ илүү тус дэм болж байгаа үйл ажиллагаа гэдгийг ойлгох хэрэгтэй. Ямааг самнасны дараа ямаа таатай байгаагаа цовхорч дэвхэрч, гүйж харайж илэрхийлдэг. 

 
Гэрэл зургийг MPA.mn

- Тэгвэл биологийн болон нийгмийн ач холбогдлыг нь та ярихгүй юу? 

Биологийн ач холбогдол гэвэл олон зүйлийг дурдаж болно. Тухайлбал, 

  • Арьсан дээр үүссэн хачиг хувалз, төрөл бүрийн шавж хорхой, празитыг устгахад дэм болдог.
  • Нуруун дээр бий болсон ачааллаас чөлөөлж өгдөг.
  • Арьсны амьсгалах боломжийг эрс нэмэгдүүлж, цусны эргэлтийг сайжруулж тарга, тэвээрэг хурдан авч идээшлэх боломжийг бий болгодог.
  • Самнаснаас үлдсэн хялгас үсний гуужих процессыг хурдасгадаг.
  • Самнахгүй тохиолдолд ноолуур болон хялгас үс нь буцаж сууж биеийн үсэн бүрхүүл нь даахирч, шинэ үс ургах боломжийг хаадаг тул тарга тэвээргээ сайн авч чаддаггүй.

Нийгэм эдийн засгийн ач холбогдлын тухайд 

  • Монголын нийт малчдын орлогын ихэнх хувь нь ямааны ноолуур самнаснаас бүрддэг. Малчин хүн эрс тэс уур амьсгалтай, жилийн дөрвөн улиралд мал маллах хүнд хөдөлмөр эрхлэхдээ жилд нэг удаа л ямааны ноолуураас өндөр орлого олдог. 
  • Монголын нийт хүн амын 1/3 хувь нь ямааны ноолууртай холбоотой ажил хөдөлмөр эрхэлдэг.
  • Нийгмийн эмзэг давхарга болох эмэгтэйчүүдийг олон мянгаар нь ажилтай, орлоготой байлгадаг.
  • Байгалийн эрдэс баялгийн дараах экспортын гол бүтээгдэхүүн
  • Монгол ноолуур бол Монголын брэнд бүтээгдэхүүн

- Жилд дунджаар манай улс хэчнээн ямаа самнаж, хэр хэмжээний ноолуур гаргаж, тушаадаг вэ? 

  - 2018 оны байдлаар 27 сая ямаанаас 9,600 тонн ноолуур бэлтгэсэн. Харин 2019 онд 29.2 сая ямаанаас 10,000 тонн ноолуур бэлтгэнэ.

- Ноолууртай холбоотой хэчнээн төрлийн гэрээ хэрэгжиж байгаа бол?

- “НООЛУУР” үндэсний хөтөлбөр, Монгол Улсын Засгийн газрын 2018 оны хоёрдугаар сарын 6-ны өдрийн 47 дугаар тогтоолоор батлагдсан.

Ноолуурын бүрэн боловсруулалтын түвшинг 60 хувьд хүргэж, байгаль орчинд ээлтэй эцсийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, экспортыг нэмэгдүүлж, ноолууран бүтээгдэхүүний олон улсад өрсөлдөх чадварыг дээшлүүлэхэд хөтөлбөрийн зорилго оршино.

Түүнчлэн Монголын ХААН ширхэгт тохирлын тэмдгийг бий болгосон. Монгол ноос ноолууран ширхэглэгээрээ хэрэглэгчдэд илүү үнэ цэнтэй, чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг гэдгийг гэрчилгээжүүлж өгөх юм. Өөрөөр хэлбэл, монгол ноолуур, сарлагийн хөөвөр, тэмээний ноосны онцлог, давуу талыг дэлхийд таниулж, үнэ цэнийг нь баталгаажуулан, өрсөлдөх чадвартай үндэсний брэнд бүтээгдэхүүн бий болгоход Монголын Хаан Ширхэгт тэмдэг чухал үүрэг гүйцэтгэнэ.

Монголын ХААН ширхэгт тохирлын тэмдэг нь дараах үзүүлэлтүүдийг баталгаажуулж гэрчилнэ. 

  1. Бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн чанарын хяналтын тогтолцоог мөрддөг.
  2. Хэрэглэгчийн хэрэглээний шаардлагыг Монгол Улсын MNS, Олон улсын ISO стандартын шаардлагыг хангасан.
  3. Тогтвортой нийгмийн хариуцлагатай ноос, ноолуурын үйлдвэрлэл эрхэлдэг.

- Та бүхний малчидтай ажилладаг хамтын ажиллагаа ноолуурын экспортыг нэмэгдүүлэхэд чухал. Хамтын ажиллагааны хувьд ямар зарчим баримталж байна.  Малчид өөрсдийн хөдөлмөрийн хөлсийг дутахааргүй авах ёстой шүү дээ?

- Тийм ээ, хамтын ажиллагаа мэдээж чухал. Хамтын ажиллагааны хувьд, 

  1. Ноос, ноолуурын үйлдвэрлэгчид малчид, малчдын хоршоодтой “Малжуулах төсөл”- ийг хэрэгжүүлж, түүхий эдийг ангилж, ялгах, зэрэглэхээс эхлэн анхан шатны тордолтыг хэрхэн хийж чанартай түүхий эд бэлтгэн нийлүүлэх тал дээр хамтран ажиллаж байна. 
  2. Үйлдвэрлэгчид чанартай түүхий эд бэлтгэдэг малчин, малчдын хоршоодтой гэрээ байгуулан зах зээлийн ханшаас дээгүүр үнээр түүхий эдийг худалдан авдаг.
  3. Ямааны үүлдэр угсаа, үржил селекцийг сайжруулах, нэг ямаанаас гарах ноолуурын хэмжээг нэмэгдүүлэх, ноолуурын ширхгийг нарийсгах туршилт, судалгааны ажлыг хийж, малчдад түүхий эд бэлтгэлийн сургалтыг зохион байгуулдаг.
  4. Тогтвортой ноолуурын үйлдвэрлэлийн бий болгохоор Тогтвортой ноос, ноолуур эвсэл /SFA/, AVSF-ын Step Ecolab төсөлтэй хамтран “Тогтвортой ноолуур” төслийг хэрэгжүүлж байна.

Нэмж хэлэхэд малчидтай хамтарч ажилласнаар ноолуураа ангилж ялгаад, нэмүү өртөг шингээж, түүнийгээ үйлдвэрлэгчдэдээ нийлүүлж, гадаадад брэнд болгох тал дээр хамтарч ажилладаг.