Монгол ТВ "Нүүдэл Шийдэл" нэвтрүүлгээр "Улаанбаатарын хөрөнгө оруулалт 2020" сэдвээр ярилцлаа.
Видео: Нэвтрүүлэг бүрэн эхээр нь үзэх бол ЭНД дарж үзнэ үү.
Нэвтрүүлэгт оролцсон зочдын онцлох эшлэлээс хүргэж байна.
Хотын дарга С.Амарсайхан:
- Энэ хуулийг шинэчилж байж нийслэл эрх зүйн чадамжтай, өрсөлдөх чадвартай, эдийн засгийн хөшүүрэг болсон зах зээлийн салбаруудаа хөгжүүлэх боломжтой болно.
- Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг бид хамгийн зөв хувилбараар өргөн барьсан. Одоогийн УИХ батална гэсэн хүлээлттэй байна.
- Нийслэл гэдэг өөрөө онцгой статустай, эдийн засаг нийгмийн тусгай цогцолбор учраас тэр хүрээнд эрхийг нь олгох хэрэгтэй.
- Хүн амын тал хувь нь амьдарч байгаа нийслэлд төсөв хөрөнгө маш бага хэмжээтэй ногдож байна.
- Улаанбаатар хотын замын түгжрэлийг бид 5 жилийн дотор бүрэн шийдвэрлэх боломжтой гэж үзэж байгаа.
- Улаанбаатар их онцлог хот. Баруун хойд, зүүн хойд хэсгээр их уулархаг учраас зарим иргэд уул, толгод дээр амьдарч байна. Тэр хэсэгт агаарын такси буюу дүүжин тээврийг нэвтрүүлье гэж байгаа юм.
- Сургуулийн автобусыг бид туршилтын журмаар нэвтрүүлсэн. Амжилттай явж байгаа. Өнөөдрийн байдлаар 5,000 гаруй хүүхдийг зөөж байна. Үүнийг нэвтрүүлснээр 2,500 авто машины ачаалал буурч байна гэсэн үг.
- гэж тооцож байгаа.
- Улаанбаатар хотод 3.5 их наяд төгрөгийн өмч хөрөнгө байна.
- Улаанбаатар хотод байгаа олон нийтийн өмчүүд тухайлбал, цэцэрлэгт хүрээлэн, явган хүний зам талбайг бүгдийг нь бүртгэлжүүлж, хотын тусгай хэрэгцээнд заримыг нь авч, үнэлээд хотын эдийн засгийн хөшүүрэг болгох ёстой.
- Олон нийтийн өмчүүдээс олж байгаа ашгаас иргэд хүртдэг байх хэрэгтэй. Тухайлбал, СТӨ-ний 1 метр квадрат талбайн түрээсийн үнэ 8,000 төгрөг байхад, нөгөө талд нь 25,000-30,000 төгрөгөөр түрээсэлж байх жишээтэй.
- Хамгийн түрүүнд бид иргэдээ ажилтай болгох ёстой. Ингэхийн тулд ААН-үүдээ дэмжих ёстой.
- Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг боловсруулсан. Үүнд шинэ хотуудыг байгуулах асуудлыг Барилга хот байгуулалтын яамнаас Засгийн газраас өргөн барьж байна.
- 10,000 айлын орлогод нийцсэн орон сууцны хөтөлбөрийн хүрээнд СХД-ээс эхлээд 5 га газар чөлөөлөлт хийж эхэлж байна.
- Чингэлтэй орчимд гэр хорооллыг чөлөөлж Үндэсний урлагийн их театрыг байгуулна. Газар чөлөөлөлт хийгдээд явж байгаа.
Улаанбаатар Худалдааны Танхимын Ерөнхийлөгч Ч.Ганхуяг:
- Манай улсын төсөв сүүлийн жилүүдэд нэмэгдэж байгаа учраас бидэнд боломж нэмэгдэж байна гэсэн үг.
- Нийт хүн амын 50 хувь нь амьдарч байгаа нийслэлийн иргэдийг төлөөлж их хуралд суугаа төлөөлөл нь 25, 30 хувь байна. Тэр хэмжээгээрээ төсөв мөнгө хуваарилах асуудал нь хангалтгүй байна.
- Улаанбаатар хотын иргэд зохион байгуулалтад ороод эрх ашгаа хамгаалах Төрийн бус байгууллага байдаггүй.
- Иргэдийн дуу хоолойг хүргэдэг төлөөллийн байгууллагууд шаардлагатай байна.
- Эхний ээлжинд Улаанбаатар хотын утаа шингэрлээ, үнэргүй боллоо. Үүн дээр тулгуурлаад бид дараа дараагийн том асуудлуудаа зоригтой шийдэх ёстой.
- Хуучин Хэвлэл үйлдвэр хувийн эзэмшилд очсоноор ямар сайхан өнгө үзэмжтэй болсныг бид бүгд харж байна. Яг үүн шиг нийслэлийн өмчийг иргэдэд эзэмшүүлэх хэрэгтэй. Ингэхдээ ганц хүн, ганц компани түүний ашиг, өгөөжийг хүртэх биш иргэд, олон нийт эзэмших эрхийг бий болгоод олон хүн түүнээс өгөөж хүртдэг байх ёстой.
- Бид бүхэн 21-р зууны хотод амьдарч байж наад захын хаягжилтын систем байхгүй.
- УИХ-ын гишүүдэд уриалмаар байна. Сонгуулиас өмнө аймагт үйл ажиллагаа явуулж байгаа ААН-үүдийг татвараас чөлөөлөөд өгчих. Тэнд байгаа иргэдээс нь орлогын албан татвар авахаа больчих. НДШ авахаа больчих. Тэртээ тэргүй төсөвт 1-2 хувийн нөлөө үзүүлдэг зүйлийг авна гэх хэрэггүй.
МҮХАҮТ-ын дэд ерөнхийлөгч О.Байгаль:
- Би Улаанбаатар хотын иргэн гэдгээрээ бахархдаг. Гэхдээ байнга сорилт бэрхшээлүүд тулгарч байгаа.
- Хөрөнгө оруулалтын орчныг сайжруулахад зөвхөн төсөв мөнгө, том стратегиас гадна цаана нь хүний эрх, хүүхдэд ээлтэй байх шалгуурууд үүсэж байгаа учраас үүнд анхаарал хандуулах цаг болсон.
- Улаанбаатар хот маань НҮБ-ын хүүхдийн сангийн Хүүхдэд ээлтэй хот дэд хөтөлбөрийг 2021 он хүртэл хэрэгжүүлээд явж байгаа.
- Хувийн хэвшил, Төр, Иргэний нийгмийн байгууллагуудын хамтарсан гадны сайн жишээнүүдийг судалж нийгмийн асуудлаа шийддэг бизнес байх ёстой.
- Бид хотын төвийн үнэ цэнэтэй байршлаа эдийн засгийн эргэлтэд оруулж чадаж байна уу гэдэг асуудал гарч ирж байна.
- Бид Мега хотуудын төлөвлөлтийг харах ёстой.
- МҮХАҮТ хамтарч, нэгдсэн бодлоготой болох үүднээс хамтарч ажиллаж байгаа.
- Төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд олон амжилтгүй төслүүд байгаа. Эдгээр төслөөс хэрэгтэйг нь төр аваад, бизнес эрхлэгчдэд заримыг нь хариуцуулж өгөөч гэсэн саналууд байдаг.
- Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа иргэндээ хүрч байх ёстой.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!