Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/01/24-НД НИЙТЛЭГДСЭН

ТАНИЛЦ: Технологийн хөгжлөөс ахмадуудыг хоцроодоггүй "Хайлаас" халамжийн төв

Х.Алтанзагас, iKon.mn
2020 оны 1 сарын 24
iKon.MN
 

Кофе шоп, кино театр, "Силбот робот", дуу бичлэгийн студи, насан туршийн боловсролын сургалтын өрөө, хөгжим сурах танхим, сэтгэл заслын төв. Энэ бүхнийг багтаасан, БНСУ-ын Сөүл хотын Сочу дүүрэг дэх "Хайлаас" нэртэй, гурван давхар барилга бол ахмадын төв. 1997 онд тус улсын Нийгмийн халамжийн сангаас уг төвийг байгуулжээ. Сочу дүүрэгт ахмадуудад зориулсан гурван төв үйл ажиллагаагаа явуулдгийн нэг болох "Хайлаас" төв ахмадуудыг технологийн хөгжлөөс хоцроохгүй байхаар тохижуулагдсанаараа онцлог.  

"Хайлаас" ахмадын төвийн тохижилт, үйл ажиллагаа

Нэгдүгээр давхарт байрлах "Силбот робот" ахмадуудын зүүн, баруун тархийг хөгжүүлэх тоглоом тоглуулж, дасгал хийлгэдэг бол дуу бичлэгийн студид тэд өөрсдийн ажлын туршлага, залууст зориулсан зөвлөгөө, нэвтрүүлэг зэргийг бэлтгэж, youtube-т оруулдаг байна. Солонгост альцгеймер буюу мартах өвчин элбэг ажээ. Тиймээс уг өвчнөөс сэргийлэх зорилгоор өндөр настнуудын тархийг дасгалжуулах үүргийг энэхүү робот гүйцэтгэдэг байна. 

Хажуу талд нь хиймэл оюун ухааныг танин мэдрэх танхим бас байсан юм.

Хоёрдугаарт давхарт байрлах Сургалтын танхим. Насан туршийн боловсролын сургалт үүн дотроо жендэрийн тэгш эрх, хүний эрх зөрчигдөж байгаа эсэх тухай сургалтыг явуулдаг. Мөн энэ давхарт нарийн боовны цех байдаг. Ахмадууд энд ажилладаг. Тэд гурилан бүтээгдэхүүн хийх болон баристагийн сургалтад хамрагдан сертификат авч, цалинждаг системтэй. Бүтээгдэхүүнээ кофе шопоороо борлуулах, гаднаас захиалга авах зэргээр нийлүүлдэг тухай тус төвийн захирал Чой Юнжэүн танилцуулсан юм.

Сургалтад хамрагдахад бага хэмжээний хураамж авдаг бөгөөд үүнийгээ хичээлийн хэрэглэлд зарцуулдаг.

Мөн энэ давхартаа кино театртай байв.

Ахмадын төвийн гуравдугаар давхар дахь Сэтгэлзүй заслын төв. Энэ төвд сэтгэлзүйн зөвлөгч, сэтгэл заслын эмч ажилладаг. Зөвхөн ахмадуудаас гадна гэр бүл, эмэгтэйчүүд болон хүүхдэд сэтгэлзүйн зөвлөгөө өгч, сэтгэл заслын эмчилгээ хийдэг.

Бага насны хүүхдүүдэд тоглоомоор, дуу хөгжмөөр дамжуулан сэтгэл заслын эмчилгээ хийдэг. 

Долоо хоногт 50 минутын сэтгэлзүйн зөвлөгөө авахад 30,000 вонын үнэтэй. Энэ нь бусад төвүүдээс хамгийн хямд үнэ аж.

Мөн энэ төвд жендэрийн тэгш эрх, хүйсийн ялгаварлалтай холбоотой зөвлөгөөг өгдөг байна.

Санхүүжилт

Тус ахмадын төвийн санхүүжилт нь ихэвчлэн хандиваар цугладаг. Тухайлбал, хуучин хувцас, эдлэл худалдах өдөрлөг зохион байгуулах зэргээр хандив босгодог.

Түүнчлэн олон нийтийн байгууллагуудтай хамтран ажиллаж, эвэнтүүдийг зохион байгуулснаар санхүүгийн асуудлаа шийддэг байна.

Ахмадын төвөөр үйлчлүүлэхэд бүртгүүлж, гишүүнчлэлтэй болох ёстой гэнэ. Гишүүнчлэлтэй хүн долоо хоног бүрийн нэг өдөр гэр бүлээрээ ирж хоол хийх зэргээр цагийг үр бүтээлтэй өнгөрөөдөг байна. Солонгосын аль ч нутаг дэвсгэрт амьдарч буй хүн энэ төвд бүртгүүлээд сургалтад хамрагдах боломжтой.

БНСУ-ын иргэдийн дундаж наслалтыг 86 орчим гэж үздэг бөгөөд төрийн албан хаагчдыг эрэгтэй, эмэгтэй гэж ялгалгүй 60 насандаа тэтгэвэртээ гардаг хуультай.



БНСУ-ын Сөүл хотын Сэжон их сургууль дээр зохион байгуулагдсан "Жендэр-Боловсролын жендэр" сургалтад хамрагдсан БСШУСЯ-ны мэргэжилтэн, ДБСБ-ын багш нар болон сэтгүүлчид "Хайлаас" ахмадын төвөөр зочилсон нь энэ юм.