Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/01/15-НД НИЙТЛЭГДСЭН

Сангуудыг цэгцлэх хоморгонд Үйлдвэрлэлийг дэмжих тухай хууль хүчингүй болжээ

Б.Жаргалмаа, IKON.MN
2020 оны 1 сарын 15
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Засгийн газрын тусгай сангуудыг цэгцэлж, нэгтгэх зорилгоор УИХ 2019 оны арваннэгдүгээр сарын 13-ны өдөр Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийг шинэчлэн батлах үйл явцдаа Үйлдвэрлэлийг дэмжих санг татан буулгаад зогсохгүй Үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийг хүчингүй болгожээ

Тодруулбал, Засгийн газрын 29 тусгай санг 21 болгохоор хуулийн төсөл боловсруулсан талаараа Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцуулахдаа “Тариалан эрхлэлтийг дэмжих сан, ЖДҮ-ийг дэмжих сан, Мал хамгаалах санг нэгтгээд Үйлдвэрлэлийг дэмжих сан болгохоор төсөлд тусгасан” хэмээн тайлбарлаж байв. Гэвч УИХ хууль батлахдаа ЖДҮ-ийг дэмжих санг хэвээр үлдээгээд Үйлдвэрлэлийг дэмжих санг нь татан буулгасан. Харин Үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийг хүчингүй болгох тухай яриагүй. Түүнчлэн батлагдчихаад буй Засгийн гарын тусгай сангийн тухай хуультай холбоотой дагаж өөрчлөгдөх хуулиудын жагсаалтад ч Үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн нэр ороогүй аж. 

 

Тус хуулийг 2015 оны долдугаар сарын 9-ний өдөр УИХ-аар баталсан бөгөөд баталсных нь дараа УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн асан талийгаач Г.Батхүү нар “Үйлдвэрлэлийг дэмжиж тухай хуулийг баталсан нь үйлдвэрлэгчдэдээ барьж байгаа бэлэг” хэмээн мэдээлэл хийж байв. 

Хуулийн гол зорилго нь экпортын бүтцийг өөрчлах буюу экспортын чиглэлийн баримжаатай үйлдвэрүүдийг дэмжихэд хоёр заалт байсан. 

Нэгдүгээрт, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийхээ 30-аас дээш хувийг экспортолж байгаа үндэсний бүх үйлдвэрт техник технологийн шинэчлэл болон эргэлтийн хөрөнгөд гаргасан зардал, арилжааны банкнаас олгосон зээлийн хүүгийн зөрүүг улсаас олгох. Өөрөөр хэлбэл төрөөс бодлогоор гаргаж байгаа хүү 9-10 хувь, арилжааны банкнаас гаргаж байгаа хүү 18 хувь байна гэвэл зөрүүг нь Үйлдвэрүүдийг хөгжүүлэх сангаас буюу улсаас олгож дэмжих.

Хоёрдугаарт, өндөр үр ашиг бүхий төсөл, технологи  болон өндөр технологийг бий болгож нэвтрүүлээд экпортын бараа бүтээгдэхүүн болгож чадсан компаниудад оруулсан хөрөнгө оруулалтын 75 хүртэлх хувийг тухайн аж ахуйн нэгжид буцаан олгоё гэсэн заалт оруулсан. 

Өөрөөр хэлбэл, Монгол Улс эдийн засгийн олон тулгуурт, бие даасан, тогтвортой хөгжилд шилжихийн тулд экспортыг нэмэгдүүлэх,импортыг орлох, нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх чиглэлийг төрөөс онцгойлон анхаарч, нэгдсэн бодлого зохицуулалт, хууль эрх зүйн орчинг бүрдүүлэх шаардлагад нийцүүлэн уг хуулийг баталж байж. 

Энэ дагуу 2015 ондоо Үйлдвэрлэлийг дэмжих санг байгуулсан боловч тус сангийн дүрэм журам батлагдаагүйн улмаас сангийн үйл ажиллагаа бүрэн хэрэгжээгүй, үйл ажиллагаа явуулаагүй аж. 

Ийнхүү гадаадад экспортлогч томоохон үйлдвэрүүдээ дэмжих зорилгоор баталсан уг хууль хүчингүй болсон талаар хуульч, өмгөөлөгч О.Алтангэрэл твиттер хуудастаа “2015 онд батлагдсан үйлдвэрлэлийг дэмжих хуулийг хэрэгжүүлэхгүй байсаар, чимээгүйхэн хүчингүй болгочихож. Үндэсний үйлдвэрлэгчид хөөцөлдсөн боловч Сангийн яаман дээр гацаад байсан юм. Бүтээгдэхүүн экспортолдог ААН-үүдийг дэмжих хууль. Зүгээр л байгалийн баялгаа түүхийгээр нь зөө!” хэмээн жиргэжээ.

Түүнэс энэ талаар тодруулахад “Үйлдвэрлэл эрхлэгчдээс энэ талаар хийсэн судалгаагаар хуульд заасан санхүүгийн хөнгөлөлт урамшуулал, дэмжлэгийг хүртэж чаддаггүй, Үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн санхүүгийн дэмжлэг, хөнгөлөлт урамшуулал олгохтой холбоотой зүйл заалт хэрэгжиж байгаа эсэх нь тодорхойгүй, мөн үйлдвэрлэл эрхлэгчид хуульд заасан санхүүгийн дэмжлэг, хөнгөлөлт урамшууллыг хэрхэн авах талаар мэдлэггүй байсан нь тодорхой болсон.  

Хуулийн хэрэгжилтийн талаар Монгол Улсын Засгийн газар, Хүнс, хөдөө, аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Сангийн яаманд албан ёсоор хандсан ч хариу ирээгүй. Өөрөөр хэлбэл, үйлдвэрлэгчид энэ талаар маш их хүлээсэн. Хууулийг шинэчлэхэд ч чих тавьж байсан. Гэтэл Үйлдвэрлэлийг дэмжих хуулийг хүчингүй болгочихсоныг саяхан legalinfo-оос харлаа” гэв.

Хуулийг хүчингүй болгохдоо УИХ-аар хэлэлцэх ёстой талаар түүнээс лавлахад “Ямар нэгэн хууль шинээр батлагдахад түүнтэй холбоотойгоор өөрчлөлт оруулах хуулиудын жагсаалтыг гаргаж, УИХ-аар баталдаг. Тиймээс уг жагсаалтад шургуулчих уу гэж хардаж байна. Жагсаалтыг УИХ-ын чуулганы хуралдаан дээр бөөнд нь уншуулаад танилцуулчихдаг тул магадгүй зарим гишүүн ямар хууль хүчингүй болгосноо мэдэхгүй байгаа байх” гэлээ.