Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/07/09-НД НИЙТЛЭГДСЭН

“Үйлдвэрлэлийг дэмжиж тухай хуулийг баталсан нь үйлдвэрлэгчдэдээ барьж байгаа бэлэг”

Л.Одончимэг, iKon.mn
2015 оны 7 сарын 9
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Б.Бямба-Очир /mpa.mn/

Засгийн газар, Аж үйлдвэрийн яамнаас өргөн барьсан Үйлдвэрлэлийг дэмжиж тухай хуулийг өнөөдөр УИХ-ын чуулганаар баталлаа. Тус хуулийн талаар Аж үйлдвэрийн сайд, УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат, хуулийн төслийн ажлын хэсгийн ахлагч Г.Батхүү нар танилцуулга, мэдээлэл хийсэн юм. 

Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат “Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Үйлдвэржилтийг эрчимжүүлэх талаар Засгийн газарт чиглэл өгөх тухай зарлиг”, “Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлого”-ийн эрх зүйн орчныг сайжруулах зорилтын хүрээнд бодит алхмуудыг хэрэгжүүлэн энэхүү хуулийг батлан гаргалаа. Хууль хэрэгжсэнээр Монголын аж үйлдвэрийн салбарт маш их өөрчлөлт ирнэ гэсэн хүлээлт зөвхөн Засгийн газар, УИХ бус нийт баялаг бүтээгч нарт байгаа гэдгийг онцоллоо. 

Мөн тэрбээр “Үйлдвэрлэлийг дэмжих хуулийн гол утга агуулга нь экспортын чиглэлийн баримжаатай үйлдвэрүүдийг дэмжихэд чиглэгдсэн. Өөрөөр хэлбэл үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийхээ 30-аас дээш хувийг экспортолж байгаа үндэсний бүх үйлдвэрт техник технологийн шинэчлэл болон эргэлтийн хөрөнгөд гаргасан зардал, арилжааны банкнаас олгосон зээлийн хүүгийн зөрүүг улсаас олгох тухай хуулинд тусгаж өгсөн. Энэ бол маш том хөнгөлөлт. Өөрөөр хэлбэл төрөөс бодлогоор гаргаж байгаа хүү 9-10 хувь, арилжааны банкнаас гаргаж байгаа хүү 18 хувь байна гэвэл зөрүүг нь Үйлдвэрүүдийг хөгжүүлэх сангаас буюу улсаас олгож дэмжинэ.

Хоёрдахь гол заалт бол бид олон жил үйлдвэрлэл, шинжлэх ухаан, технологи, инновацийг хөгжүүлье гэж ярьсан боловч ямар ч үр дүн өгөхгүй шинжлэх ухаан үйлдвэрлэл хоёрын холбоос олон жил хангалтгүй явж ирсэн. Үүнийг зохицуулах зорилгоор өндөр үр ашиг бүхий төсөл, технологи  болон өндөр технологийг бий болгож нэвтрүүлээд экпортын бараа бүтээгдэхүүн болгож чадсан компаниудад оруулсан хөрөнгө оруулалтын 75 хүртэлх хувийг тухайн аж ахуйн нэгжид буцаан олгоё гэсэн заалт оруулсан. Энэ бол онцгой ач холбогдол юм. 

Түүнээс гадна тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулснаар үйлдвэрлэлийг  хөгжүүлэх сан гэж байгуулж буйгаараа онцлог юм. Үйлдвэрлэлийг дэмжих сан бол Монгол Улсад экспортыг нэмэгдүүлж байгаа үйлдвэрүүдэд нэмэлт боломжийг өгөх юм

Мөн энэ хуультай холбоотой хэд хэдэн хууль гарсан. Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хууль өөрчлөлт орж байгаа. Чанар стандартын шаардлага хангасан барааг дотоодын үйлдвэрлэлээр хангах боломжтой тохиолдолд тендер шалгаруулалтад гадаадын бараа нийлүүлэгчийг шалгаруулахыг хориглох заалтыг оруулж ирж байгаа. Дотоодын үйлдвэрээс худалдан авах барааны жагсаалтыг Засгийн газар батлахаар тусгасан.

Мөн нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийг юугаар онцолж байна гэвэл манайд арьс шир түүхий эдээ хоорондоо борлуулахдаа НӨАТ төлдөг мөртлөө гадагш гаргахдаа НӨАТ төлдөггүй байсан гаж тогтолцоог зохицуулж буй юм. Мөн НӨАТ-тай холбоотойгоор малчид үйлдвэрлэгчид хоорондоо түүхий эд бараа бүтээгдэхүүн солилцоо хийхдээ НӨАТ төлөхгүй байх юм. Үүнээс гадна Үндэсний үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор Импортын татварын зохицуулалтыг Засгийн газар хийснээр дотооддоо үйлдвэрлэж чадаж байгаа барааг гадаадаас оруулж ирвэл импортын татвар төлөх юм. Энэ нь дотоодын бараагаа зарж чаддаггүй хүндрэлээс гаргана. Энэ хууль батлагдсан нь наадмын өмнө  баялаг бүтээгчид, үйлдвэрлэгчиддээ барьж байгаа нилээн том бэлэг гэж хэлж болох юм” гэлээ. 

Г.Батхүү: Экспортыг дэмжих томоохон алхам боллоо

“Засгийн газар юм уу, аль нэг сангаас бизнес эрхэлэгчидэд олгодог байсан зээлийг олгохдоо төсөл нь банкны шалгуур даваад ашигтай, банк зээл өгөх боломжтой гэж үзвэл зээлийн хүүгийн зөрүүг олгодог болж байгаа нь маш зөв харилцааны систем рүү орж байна гэж хэлж болно. Энэ нь валютын эх үүсвэрийг нэмэгдүүлэх боломж болж байгаа юм.

Учир нь нэг талаасаа экспортын бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг үйлдвэрүүдийг дэмжиж байгаа. Зарим томоохон үйлдвэр байгуулах гэхээр Монголын дотоодын зах зээл маш жижиг байдаг. Тиймээс зөвхөн Монгол Улсын зах зээлд зориулж биш, хоёр хөрш, цаашлавал гуравдагч хөршид зориулсан сайн чанарай бүтээгдэхүүн үйлдвэрлсэн үйлдвэрийг дэмжих бодлого явуулж байгаа нь маш зүйтэй. Энэ хууль батлагдаснаар гаалиар орж ирж байгаа бүтээгдэхүүний татварыг Засгийн газар тухайн үед зохицуулж богино хугацаанд шуурхай шийдвэрлэдэг, зах зээлээ хамгаалдаг байх бололцоог олгох эхний алхам тавигдаж байгаа юм.
Тэд мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-Зээлийн хүүгийн зөрүүг олгоно гэж байна. Энэ мөнгийг төсвөөс гаргах уу. Төсөвт хэр хэмжээний ачаалал үүсэх бол?

Д.Эрдэнэбат: -Зээлийн хүүгийн эх үүсвэрийг Үйлдвэрлэлийг хөгжүүлэх  сангаар дамжуулан улсын төсөвт баталж байна гэж хуульд заасан. Тиймээс Засгийн газраас энэ тооцооллыг хийгээд ирэх оноос шаардагдах эх үүсвэрийг УИХ-аар батлаж, санхүүжилтийг суулгаж өгнө. Өнөөдөр хууль батлагдсан учраас тэдэн үйлдвэрт хэдий хэмжээний зээл өгнө гэсэн тооцоолол байхгүй байна. 30-аас дээш хувийн бараа, бүтээгдэхүүнээ экспортод гаргаж байгаа үйлдвэр байхгүй байна. 20-иос дээш хувиар экспортод бараа бүтээгдэхүүнээ гаргадаг компани нэлээн олон бий. 

Г.Батхүү: -Засгийн газар нийт үйлдвэрлэж байгаа бараа бүтээгдэхүүнийхээ 50-иас доошгүй хувийг экспортолно гэсэн төсөл оруулж ирсэн. УИХ холбогдох тооцоо судалгаан дээр үндэслээд эхний ээлжинд 50 хувь арай өндөр байна. Олон үйлдвэрийг хамруулахын тулд 30 хувь болгон бууруулсан. 

-Тус хууль хэрэгжиж эхэлснээр том компаниудад ихээхэн дэмжлэг болох юм байна. Харин жижиг8 дунд үйлдвэрүүдэд  хэр зэрэг дэмжлэг үзүүлэх вэ?

Д.Эдэнэбат: -Энэ хууль жижиг, дунд үйлдвэрт хамаарахгүй гэдэг заалт орсон. Жижиг, дунд үйлдвэр цар хүрээний хувьд өөр. 
Экспортод бүтээгдэхүүнээ гаргаж байгаа компаниудад тавигдах шаардлага бий. Үүнд нээлттэй компани байх, санхүүгийн аудитаар баталгаажсан гэх мэт онцгой шаардлагууд бий. Экспортын бүтээгдэхүүн олон улсын чанар, стандарт шаарддаг учраас хариуцлагатай компанийг төлөвшүүлэхэд чиглэж байгаа юм.