Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/01/14-НД НИЙТЛЭГДСЭН

Манай дэлхий дээр байгаа хамгийн эртний материалыг эрдэмтэд илрүүлжээ

Р.Түвшин, iKon.mn
2020 оны 1 сарын 14
iKon.MN
Зураг зураг

Эрдэмтэд нэгэн солирын бүтцийг судалж үзээд одоогоор мэдэгдэж байгаа манай дэлхий дээрх хамгийн эртний материалыг илрүүлсэн байна.

Энэ нь 1960-аад оны үед дэлхийд унасан солирын дотор агуулагдаж байгаа тоосонцрын ширхэг юм байна. Уг тоосонцор нь манай нарны аймгийг үүсэхээс өмнө оршиж байсан од эрхсээс гаралтай ажээ.

Эрдэмтэд судалгааны тайлангаа өчигдөр “Proceedings of the National Academic of Sciences” сэтгүүлд нийтлүүлсэн байна.

Од унтрахдаа өөрт байсан тоосонцрыг сансрын уудамд цацдаг. Тэдгээр нь эргэн нэгдэж, бөөгнөрөхдөө шинэ од, гараг, астероид, солир зэргийг бүтээдэг байна.

“Энэ бол гарцаагүй одны хэлтэрхийнүүд буюу одны тоос юм” гэж Чикагогийн их сургуулийн профессор Филипп Хэк дүгнэжээ.

АНУ болон Швейцарийн эрдэмтдийн баг 1969 онд Австралид унасан Murchison нэртэй солирын дотор агуулагдаж байсан тоосонцрын 40 ширхэгийг судалсан юм байна.

Тоосны ширхэг тус бүрийг сансрын цацраг туяанд хэр удаан ил байсныг орчин үеийн технологийн тусламжтай тодорхойлжээ. Ингэж насыг нь тодорхойлоход хамгийн эртний тоосны ширхэг 7.5 тэрбум жилийн настай байсан гэнэ.

Харьцуулбал нар 4.6 тэрбум, дэлхий 4.5 тэрбум жилийн настай юм.

“Тоосны ширхэгүүдийн 10 хувь нь 5.5 тэрбум жилээс дээш настай байгаа бол 60 хувь нь харьцангуй залуу буюу 4.6-4.9 тэрбум жилийн настай байна. Үлдсэн хэсгийн нас нь тэдгээрийн хооронд байгааг тогтоолоо” гэж профессор Хэк ярьжээ.

Өмнө нь илрүүлж байсан хамгийн эртний тоосонцрын хэлтэрхий нь 5.5 тэрбум жилийн настай байсан юм. 

 

Эх сурвалж: BBC