Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/01/14-НД НИЙТЛЭГДСЭН

Харри, Меган нарын тусдаа амьдрах төлөвлөгөөг Хатан хаан зөвшөөрчээ

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 1 сарын 14
iKon.MN
Зураг зураг
00:00 00:00
Харри, Меган нарын тусдаа амьдрах төлөвлөгөөг Хатан хаан зөвшөөрчээ
Sara, ikon.mn - text to speech

Өчигдөр Британийн язгууртнууд хуралдаж, ханхүү Харри, түүний эхнэр Меган нарын бие дааж, тусдаа амьдрах төлөвлөгөөг хэлэлцжээ.

Уулзалтын эцэст хатан хаан Элизабет ач хүүгийнхээ хүсэлтийг ёсоор болгож, язгууртны гэр бүлээс өрх тусгаарлахыг нь зөвшөөрсөн байна.

Хосууд Британийн хатан хааны гэр бүлээс салж, Умард Америкт бие дааж амьдрах гэнэтийн шийдвэрээ өнгөрсөн долоо хоногт зарласан юм.

Өчигдрийн хурал зүүн Английн Сэндринхэм шилтгээнд болж, Харригийн аав ханхүү Чарльз, ах ханхүү Уилльям нар оролцжээ.

“Хэдийгээр бид тэднийг язгууртны гэр бүлийн бүрэн эрхэт гишүүн байлгах хүсэлтэй ч бие дааж тусдаа амьдрах хүслийг нь хүндэлж байна. Гэхдээ тэд миний гэр бүлийн чухал хэсэг хэвээр байх болно” гэж 93 настай Элизабет хатан хааны мэдэгдэлд өгүүлсэн байна.

Мэдэгдэлд цааш нь “Харри, Меган нар шинэ амьдралаа Британи улсын төсвөөс санхүүжүүлэх хүсэлгүйгээ тодорхой илэрхийлсэн. Гэхдээ Суссексын гүн, ахайтан нарт Канад, Британийн дунд амьдрах шилжилтийн хугацаа байх ёстой гэдэгтэй бүгд санал нийллээ” гэжээ.

35 настай Харри, 38 настай Меган нар өнгөрсөн долоо хоногт гэнэтийн мэдэгдэл хийхдээ хатан хаантай болон эцэг ханхүү Чарльзтай урьдчилж зөвлөлдөөгүй нь сүүлд тодорхой болсон юм.

Канадад хүү Арчитайгаа байгаа Меган өчигдрийн хуралд утсаар холбогдон оролцжээ.

Ийнхүү Харри, Меган нар Европын язгууртнуудын олон зууны уламжлалыг эвдэж, 21 дүгээр зууны гэр бүл болохоо харуулахаар шийдээд байна.

 

Эх сурвалж: Reuters