Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/01/13-НД НИЙТЛЭГДСЭН

Бүрэн эрхийг нь түдгэлзүүлсэн 17 шүүгчийн долоогийнх нь эрхийг сэргээжээ

А.Ням-Өлзий, iKon.mn
2020 оны 1 сарын 13
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрсөн оны зургаадугаар сард зарлиг гаргаж, 17 шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлсэн билээ. Харин дээрх 17 шүүгчийн долоогийнх нь бүрэн эрхийг өнгөрөгч Баасан гарагт сэргээсэн байна. Албаны эх сурвалжуудын хэлж буйгаар гэм буруугүй гэж үзсэн анхан, давж заалдах болон Улсын дээд шүүхийн нэр бүхий долоон шүүгчийн бүрэн эрхийг сэргээжээ

Тодруулбал, Улсын дээд шүүхийн Иргэний танхимын тэргүүн Х.Сонинбаяр, шүүгч П.Золзаяа, нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Д.Байгалмаа, Б.Нармандах болон Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхжаргал нар эргэж ажилдаа орох боломжтой болсон байна. 

Шалгалтын явцад давж заалдах шатны шүүхийн дээрх дөрвөн шүүгч Салхитын мөнгөний ордын маргалдагч талуудын гомдлыг хянаад анхан шатны шүүхэд буцаасан нь тогтоогдсон байна. Тэднээс гадна нэр дурдсан гурван шүүгчээс гэмт хэргийн шинжтэй үйлдэл илрээгүй нь батлагдсан учраас эрхийг нь сэргээжээ.

Салхитын ордын тусгай зөвшөөрлийг эзэмшигчдийн маргааныг шийдвэрлэхдээ хээл хахууль авсан гэх үйлдэлд Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын шүүгч Д.Цолмон, Г.Цагаанцоож, Ц.Амарсайхан, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Халиунбаяр, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Цолмонбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Сайханцэцэг нарыг буруутган яллах дүгнэлт үйлдэж, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлээд байгаа аж. Харин хил давсан шүүгч Ц.Амарсайханы хэргийг тусгаарлаад буй. 

Эдгээрээс гадна бүрэн эрхийг нь түдгэлзүүлмэгц ОХУ-аар дамжин АНУ-ыг зорьсон, нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч асан С.Төмөрбатыг эх оронд нь шилжүүлэн авах эсэхийг ирэх тавдугаар сард Америкийн шүүхэд хэлэлцэнэ гэсэн мэдээлэл бий.