Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/01/07-НД НИЙТЛЭГДСЭН

Харь гарагийнхан байдаг, тэд бидэнтэй зэрэгцэн амьдарч байх боломжтой гэж Британийн анхны сансрын нисэгч ярьжээ

Р.Түвшин, iKon.mn
2020 оны 1 сарын 7
iKon.MN
Зураг зураг

Харь гарагийн оюун ухаант амьтад байдаг нь тодорхой, тэд бидэнтэй зэрэгцэн дэлхий дээр амьдарч байх боломжтой гэж Британийн анхны сансрын нисэгч ярьжээ.

1991 онд Их Британиас анх удаа Зөвлөлтийн Мир станцад ажиллаж байсан Хелен Шармэн өнгөрсөн Ням гарагт “The Observer” сонинд өгсөн ярилцлагадаа энэ тухай үзэл бодлоо хуваалцсан байна.

“Энэ ертөнцөд тэрбум тэрбум одод оршдог, тэдгээрт амьдралын бүх хэлбэрүүд оршин байх боломжтой. Тэд бидэн шиг нүүрстөрөгч, азотоос бүтсэн гэж бодож байна уу? Үгүй л болов уу. Тэд одоо ч энд байх боломжтой. Бид зүгээр л тэднийг харахгүй, мэдрэхгүй байгаа” гэж Шармэн ярьжээ.

Химич мэргэжилтэй Хелен Шармэн 27 насандаа тойрог замд найман өдөр ажиллаж, хамгийн залуудаа сансарт ниссэн хүмүүсийн нэг болж байв.

Тэрээр харь гарагийнхан хүн төрөлхтөнтэй зэрэгцэн оршиж байж магадгүй тухай онол дэвшүүлсэн анхны хүн биш юм. UFO буюу үл танигдах нисдэг биетүүдийг судлах ажил хариуцаж байсан Пентагоны албан хаагч харь гарагийнхан дэлхийд ирдэг гэдэгт итгэдэг тухайгаа 2017 онд CNN сувагт ярьж байжээ.

Хелен Шармэн ярилцлагадаа бас “сансраас дэлхий юунаас ч илүү үзэсгэлэнтэй харагддаг” тухай дурссан байна. 

 

Эх сурвалж: CNN