ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/01/02-НД НИЙТЛЭГДСЭН

Японоос оргосон Ниссаны экс боссыг Илон Маск элэглэв

Р.Төмөр, ikon.mn
2020 оны 1 сарын 2
iKon.MN
Зураг зураг

Японы Ниссан компанийг удирдаж байгаад санхүүгийн асуудалд орооцолдон шалгагдаж байсан Карлос Гон өнгөрсөн Даваа гарагт Токио дахь гэрээсээ оргож, Ливанд ирсэн нь батлагдсан билээ.

Бразил, Франц, Ливаны давхар иргэншилтэй тэрээр бүх паспортоо хураалгасан байсан ч 24 цагийн хяналттай гэрийн хорионоос яаж зугтсан нь тодорхойгүй хэвээр байгаа.

Ливаны хэвлэлд түүнийг шинэ жилийн баярын тоглолт үзүүлэхээр гэрт нь уригдсан хөгжимчдийн хамт хөгжмийн зэмсгийн хайрцагт нуугдан оргосон гэж мэдээлсэн юм.

Гоныг оргосон тухай мэдээ тарсны дараа АНУ-ын Тесла компанийн гүйцэтгэх захирал Илон Маск өөрийн твиттер хуудсанд салбар нэгтнээ элэглэсэн зүйлсийг нийтэлжээ.

Тэр эхлээд “Carlos Gone” гэж бичсэн нь Карлос Гоны (Carlos Ghosn) нэрийг ижил сонсогддог англи үгээр гуйвуулан “Карлос алга боллоо” гэсэн утгыг илэрхийлж байв.

Дараа нь тэр Японд алдартай бамбаруушны чихмэлийн зургийг нийтлээд “Зүсээ хувилгасан түүнийг хэн ч таньсангүй” гэж хошигножээ.

Карлос Гон нь Францын хоёр паспорттой байсан бөгөөд нэгийг нь хураалгалгүй нууж байгаад ашиглан хил давсан байж болзошгүй гэж Японы NHK суваг өнөөдөр мэдээлсэн байна.

Тэрээр Ливанд ирмэгцээ тус улсын ерөнхийлөгчид бараалхсан тухай зарим эх сурвалжууд мэдээлжээ. Карлос Гон нь Бразилд төрсөн ливан хүн юм. Тэрээр Ливанд асар их нэр хүндтэй нэгэн ажээ.