ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/01/02-НД НИЙТЛЭГДСЭН

Ниссаны экс босс Ливан руу нууцаар оргож, Японы хуулийнхныг гайхшруулав

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 1 сарын 2
iKon.MN
Зураг зураг

Нэгэн үе Японы Ниссан компанийг удирдаж, тус компанийг уналтаас аварсан баатарт тооцогдож байсан Карлос Гон өнөөдөр олон улсад эрэн сурвалжлагдаж байгаа оргодол болоод байна.

Компанийн хөрөнгийг хувьдаа ашигласан, татвараас зугтсан хэрэгт удаан хугацаанд шалгагдаж байгаа Гон өнгөрсөн дөрөвдүгээр сард нэг тэрбум иений ($8.9 сая) барьцаа төлснөөр суллагдаж, Токиод гэрийн хорионд шилжсэн юм.

Түүнийг хилээр гарахыг хориглож, бүх харилцаа холбоог нь салгасан ба 24 цагийн камерны хяналтын дор амьдарч байв.

Гэтэл Гон өнгөрсөн Даваа гарагт өөрийн хүүхэд насаа өнгөрүүлсэн Ливанд гэнэт очсон нь япончуудыг цочролд оруулжээ.

“Бид бүхэлдээ шоконд ороод байна. Хэрхэн ийм зүйл хийж чадсаныг нь би түүнээс асуумаар байна” гэж Гоны өмгөөлөгч Жүничиро Хиронака сэтгүүлчдэд мэдэгдсэн байна.

Ливаны MTV сувгийн мэдээлснээр Гон хөгжмийн хамтлагийн тусламжтай Японоос оргожээ. Түүний Токио дахь гэрт тоглолтоо үзүүлэхээр ирсэн хөгжмийн хамтлагийн дотор оргуулах ажиллагааг зохион байгуулагчид байсан гэнэ.

Тоглолтын дараа хөгжимчид явахад 65 настай, 167 см өндөр нуруутай Гон томоохон хөгжмийн зэмсгийн саванд орж нуугдсан байна.

Хөгжимчид Токиогоос шууд Туркийн Истанбул рүү хувийн онгоцоор нисэж, тэндээсээ Ливан руу мөн хувийн онгоцоор ниссэн гэнэ. Хэвлэлүүдийн мэдээлж байгаагаар нэгэн хувийн хамгаалалтын компани Гоныг оргуулах ажиллагааг эртнээс төлөвлөж, зохион байгуулжээ.

Зарим эх сурвалжууд уг ажиллагааг захиалсан гол хүнийг Гоны эхнэр Кэрол Гон гэж мэдээлсэн байна. Тэрээр нөхрийгөө Ливанд угтаж авсан бөгөөд дараа нь сэтгүүлчдэд “бид эргэн нэгдсэн үйл явдал бол миний амьдралын хамгийн том бэлэг” гэж ярьжээ.

Карлос Гон нь Бразил, Франц, Ливаны паспорттой хүн юм. Гурван паспортыг нь Японы хуулийн байгууллага хурааж авсан байжээ.

Ямар ч паспортгүй Гон хэрхэн Ливаны нутагт хөл тавьсан нь тодорхойгүй байна.

Карлос Гон нь Ливанд үндэсний баатар мэт өргөмжлөгддөг бөгөөд түүний хөрөгтэй шуудангийн марк хүртэл хэвлэгдэж байсан гэдэг.

Ливаны засгийн газар Гоныг оргуулах ажиллагаанд оролцоогүйгээ мэдэгджээ.

Франц, Турк улсууд ч түүний оргох төлөвлөгөөний талаар ямар ч мэдээлэлгүй байснаа зарласан байна.

Япон, Ливан улсуудын дунд гэмт хэрэгтэн харилцан солилцох гэрээ байхгүй тул Гоныг шүүх ажиллагаа цааш хэрхэн өрнөх нь тодорхойгүй болоод байна.

 

Эх сурвалж: BBC