Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/12/09-НД НИЙТЛЭГДСЭН

Өлссөн зураач $120,000-ын үнэтэй урлагийн бүтээлийг иджээ

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 12 сарын 9
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн долоо хоногт Майами хотод нээгдсэн Art Basel Miami үзэсгэлэнд Италийн уран бүтээлч Маурицио Каттелан нэгэн өвөрмөц инсталляц дэлгэсэн нь ердөө хананд наалтын туузаар тогтоосон гадил жимс байв.

Кателлан өмнө нь цул алтан жорлонгийн суултуур бүтээж байсан хүн юм.

Гадил жимсээр урласан түүний өвөрмөц бүтээлийн гурван хувилбарыг Перротин урлагийн галарей Баасан гарагт зарж борлуулжээ. Тэдний нэг нь $120,000-ын үнэ хүрч хүмүүсийг гайхшруулсан юм.

Харин нөгөө хоёрыг нь ямар үнээр зарснаа галарей нууцалж байгаа. Зарим хүмүүс ямар ч утгагүй, урлагийн бүтээл гэж хэлэхэд хэцүү зүйлийг өндөр үнэ хүрсэнд гайхаж, шүүмжилж байв.

Гэтэл энэхүү өндөр үнэ хүрсэн бүтээлийг өчигдөр зураач Дэвид Датуна олны нүдэн дээр идэж орхисон байна. Тэрээр өөрийн энэ үйлдлийг “Өлсгөлөн зураач” нэртэй урлагийн бүтээл гэж тайлбарлажээ.

Перротин урлагийн галарейн захирал Люсиен Террас “Тэр урлагийн бүтээлийг сүйтгээгүй. Жинхэнэ бүтээл нь гадил жимс биш, санаа нь байсан юм” гэж хэвлэлд ярьжээ. Өөрөөр хэлбэл тус бүтээлийг худалдаж авсан хүмүүс үнэндээ гадил аваагүй, санааг нь худалдаж авсан гэнэ. Тэдэнд ердөө энэ санааг эзэмших эрх, хэрхэн бүтээх 14 хуудас заавар өгсөн байна.

Тиймээс галарейн ажилтнууд дараа нь өөр гадил авч ирээд бүтээлийг сэргээж байрлуулсан байна.

 

Эх сурвалж: AFP