Финландын хил орчимд хуурамч хилийн шугам байгуулж, Европын Холбооны орнууд руу нэвтрэх хүсэлтэй дүрвэгчдийг залилсан этгээдийг Оросын эрх баригчид баривчилжээ.
Гэмт этгээд нь Оросын талд хуурамч хилийн шугам, хилийн самбар байгуулж, Европын Холбооны Финланд улс руу нэвтрүүлж өгнө гэж амлаад өмнөд Азийн орнуудын дөрвөн дүрвэгчээс нийт $10,000 орчмыг авсан байна.
Тэрээр мөнгө авсныхаа дараа дүрвэгчдийг тойруу замаар төөрүүлэн өөрийн байгуулсан хуурамч хилд хүргэж яваад өнгөрсөн долоо хоногийн Пүрэв гарагт баривчлагджээ. Замдаа тэр хил давуулах ажиллагааг үнэмшилтэй болгохын тулд автомашинаар явж, явган алхаж, нуурыг завиар гаталсан байна.
Өчигдөр Санкт Петрбург хотын шүүх хууль бусаар хил давах гэсэн дүрвэгчдийг торгож, нутаг буцаах шийдвэр гаргажээ. Тэднийг аль орны иргэд байсныг нууцалсан байна.
Харин хуурамч хил давуулж, залилан хийсэн этгээд нь Төв Азийн нэг улсын иргэн байсан бөгөөд луйврын хэргээр шийтгүүлэхээр болжээ.
ОХУ нь Европын Холбооны хэд хэдэн гишүүн оронтой хил залгадаг бөгөөд гадаадын дүрвэгчид Оросоор дамжин Европт хүрэх арга замыг үргэлж хайж байдаг гэнэ.
Эх сурвалж: AFP
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!