Ханэда Нориюуки: Төрөлхийн зүрхний гажиг юунаас болж үүсч байгааг шинжлэх ухаан тогтоогоогүй байна
Япон улсын "Heart saving project” буюу “Зүрхээ хамгаалъя сан” -гийн эмч нар манай улсын П.Н.Шастины нэрэмжит Гуравдугаар төв эмнэлэгтэй хамтран ажилладаг.
Тэгвэл тус сангийн эмч нарын баг өнгөрсөн бямба гаригт манай улсад саатаж, төрөлхийн зүрхний гажигтай бага насны 20 гаруй хүүхдэд судсан дотуурх тэс заслыг хийлээ.
Ханэда Нориюуки:Уг нь зүрхний цоорхой нь төрснийхөө дараа аяндаа битүүрэх ёстой юм. Битүүрэхгүй удах л юм бол яаралтай хагалгаанд оруулах зайлшгүй шаардлагатай.
Тэдэнтэй манай улсын ЭХЭМҮТ болон Гуравдугаар эмнэлгийн эмч нар хамтран ажилласан байна. Зүрхний хавхлаг хаах энэ мэс заслыг нэг хунд хийхэд дунджаар 2000 орчим ам.доллар байдаг ч япон эмч нар монгол хүүхдүүдэд үнэ төлбөргүй хийжээ.
Тэд энэ удаа эмчилгээний болон унтуулгын гэсэн хоёр багийн 14 орчим хүний бүрэлдэхүүнтэй ирсэн бөгөөд хагалгаагаа амжилттай хийж дуусаад өчигдөр нутаг буцсан юм.
Тэднийг хагалгаагаа хийж дуусах үеэр эмчилгээний багийн эмч Ханэда Нориюукитай ярилцлаа.
-Энэ удаа хэчнээн хүүхдэд хагалгаа хийв?
-Бид 30 хүүхдэд хагалгаа хийхээр төлөвлөж байсан. Эдгээрээс дөрөв нь хагалгаа хийлгэх шаардлагагүй зүгээр байсан. Харин бидний сая авчирсан эмчилгээний тоног төхөөрөмж таараагүйгээс болоод нэг хүүхдэд ирэх жил хагалгаа хийхээр боллоо. Ингэснээр нийтдээ 25 хүүхдэд эмчилгээ хийлээ.
-Насны хувьд?
-Олонхи нь нэгээс хоёр насны хүүхдүүд байсан. Энэ хагалгаанд хамрагдсан хүүхдүүдийн 60 хувь нь Улаанбаатарынх, 40 хувь нь орон нутгаас ирсэн. Бидний хийж байгаа энэ эмчилгээг зургаан сараас дээш настай хүүхдэд хийхгүй бол болдоггүй.
-Тэгэхээр аль болох бага байхад нь хийдэг гэсэн үг үү?
-Уг нь зүрхний цоорхой нь төрснийхөө дараа аяндаа битүүрэх ёстой юм. Битүүрэхгүй удах л юм бол яаралтай хагалгаанд оруулах зайлшгүй шаардлагатай. Өөрөөр хэлбэл, зүрхний ховдлын цоорхойных нь хэмжээ томорчихсон байвал яаралтай хагалгаа хийх ёстой. Түүнээс биш насны хязгаар заасан зүйл байхгүй. Энэ цоорхой жижигхэн байсан ч гэсэн хүүхдийг аль болох бага байхад нь хагалгаа хийх хэрэгтэй. Гэхдээ хэтэрхий жижиг байвал заавал эмчлүүлэх шаардлагагүй л дээ.
-Хагалгаа хийлгэх хүүхдүүдийг яаж сонсгосон юм бэ?
-ЭХЭМҮГ-өөс хагалгаа хийлгэх шаардлагатай хүүхдүүдийн нэрс бидэнд ирдэг. Бид хамгийн түрүүнд хагалгаа хийлгэх шаардлагатай гэснийг нь сонгож авдаг. Өөрөөр хэлбэл, ЭХЭМҮГ-ийн зүрхний эмч нарын ирүүлсэн хүснэгтийг хараад дахин тэр хүүхдүүдийг үзэж байгаад хагалгаа хийх эсэхээ шийддэг.
-Энэ удаа судсан дотуурх хагалгаа хийсэн гэсэн. Энэ нь ямар онцлогтой юм бэ?
-Хүүхдийн гуяны гол судсаар гуурс оруулж хийдэг юм. Энэ нь өвчтөнд хүндрэл багатай, зовиургүй гэсэн үг. Хагалгаа хийлгэчихээд л маргааш нь тэр хүүхэд эмнэлгээс гарна.
-Тийм хурдан эдгэрдэг гэсэн үг үү?
-Зүрхний цоорхой дээр нь эмчилгээнийхээ төхөөрөмжийг тавьснаар тэр хүүхэд эдгэрч байна гэж ойлгож болно. Бид ойролцоогоор нэг өвчтөнд цаг орчмын хагалгаа, эмчилгээ хийсэн.
-Сүүлийн жилүүдэд зүрхний төрөлхийн гажигтай хүүхдийн тоо нэмэгдэж байна гэх болсон. Энэ нь юутай холбоотой юм бол?
-Монголд зүрхний гажигтай хүүхэд олон төрөөд байгаа болохоор ийн ярьж байгаа юм биш. Харин ч эсрэгээрээ Монголын эмч нар оношилж чаддаг, чадварлаг болсон учраас төрөлхийн зүрхний гажигтай хүүхдүүдийн тоо олон болоод байгаа болов уу.
-Төрөлхийн зүрхний гажиг өвчний гол шалтгаан нь юу вэ?
-Одоогоор зүрхний гажиг өвчин юунаас болоод үүсч байгааг шинжлэх ухаан тогтоогоогүй байна.
-Төрөлхийн зүрхний гажигтай гэдгийг нь яаж мэдэх боломжтой вэ. Гол зовиур нь юу байдаг юм бол?
-Уушгинд их ачаалал өгдөг. Ингэснээр амьсгалахад хүндрэлтэй. Ийм өвчтэй хүүхдүүд амархан ханиад хүрдэг. Ханиад хүрэхээрээ тэр нь уушгиндаа нөлөөлөөд эдгэрч өгөхгүй, хүндэрдэг.
-Энэ өвчнөөс болоод амиа алдах эрсдэлтэй юу?
-Зүрхний цоорхойтой хэрнээ эмчлүүлэхгүй байвал эцэстээ амиа алдах аюултай. Бид Монголд жил бүр ирж зүрхний цоорхойтой хүүхдүүдийг үзэж, эмчилгээ хийдэг. Биднийг ирэх үеэр эмчилгээнд хамрагдаж чадаагүйн улмаас нас барсан тохиолдол бий. Жилд хоёр хүүхэд нас барж байна.
-Таны хувьд бусад орны хүүхдүүдэд энэ төрлийн хагалгааг хийж байсан уу?
-Үгүй. Харин манай төслийн ахлагч гадаад орнуудад урилгаар очиж хагалгаа хийдэг.
-Та Монголд хэд дэх удаагаа ирж байна вэ?
-20 гарсан байх. Одоо бараг тоогоо алдсан.
-Энэ хугацаанд хэчнээн хүүхдийн амийг аварсан бэ?
-350 орчим хүүхдэд эмчилгээ хийсэн. Бид Монголын 21 аймгийг тойрох төлөвлөгөөтэй байгаа. Одоо ганц, хоёр л аймаг үлдсэн дээ.
Б.Ууганцэцэг: Хүүхдийн минь зүрх нь түргэн цохилж, хурдан амьсгалдаг байсан
Бид мэс засалд орсон хүүхдүүдийн эцэг эхтэй уулзсан юм. Тэдний нэг нь Б.Ууганцэцэг байлаа.
-Хүүхэд чинь зүрхний цоорхойтой гэдгийг хэзээ мэдсэн бэ?
-Cap гаруйн өмнө хүүхэд минь өвдөөд тэгээд ЭХЭМҮТ-ийн зүрх, судасны эмчид үзүүлсэн. Тэгсэн ‘Танай хүүхэд зүрхний цоорхойтой байна. Арваннэгдүгээр сарын 23-нд япон эмч нар ирэх ёстой. Тэдэнд үзүүлээд хагалгаа хийлгэ" гэсэн.
-Ямар шинж тэмдэг илэрдэг байсан юм?
-Хүүхэд маань уйлж, хөлрөөд, зүрх нь түргэн түргэн цохилж, хурдан амьсгалдаг байсан.
-Эмч нар юунаас болсон гэж хэлж байх юм?
-Би дутуу төрсөн юм. Тэрнээс л болсон байх гэж бодож байгаа.
-Япон эмч нар хагалгаа л хийлгэсэн бол эрүүл болсон гэсэн үг гэж байсан?
-Тийм ээ. Япон эмч нартаа өртөг өндөртэй энэ хагалгааг үнэ төлбөргүй хийж өгсөнд баярлаж байна. Хүүхдээ эрүүл саруул болгосон учраас маш их баяртай байгаа. Мөн Гуравдугаар эмнэлгийнхэнд ч баярлалаа. Хагалгаанд орсон хүүхдүүдийг хэвтэн эмчлэх тусгай тасагтай хүртэл болсон байна.
Ц.Мөнхжаргал: Манай эмч нарын онош япончуудынхтай яг таарч байна
Ц.Мөнхжаргалын охин хоёр нас долоон сартай. Тэрбээр охиноо зүрхний цоорхойтой гэдгийг нь дөрвөн сартай байхад нь мэдсэн байна. Тэгвэл япон эмч нар түүний охины зүрхний цоорхой том биш учраас хагалгаа хийх шаардлагагүй гэж үзээд эмчилгээ хийжээ. Тэрбээр ийн ярьлаа.
-Энэ өвчин нь янз бүрийн зовиур байдаггүй, яваандаа л мэдэгддэг юм билээ. Эмчилгээ хийж өгсөн хүмүүст маш их баярлалаа гэж хэлье. Тэр хүмүүс хэнээр ч гуйлгахгүй сайн дураараа ирж, 30 хүүхдэд амьдрал хайрлалаа. Би нэг зүйлийг хэлэхийг хүсч байна. Монголын 30 хүүхдэд зүгээр нэг гадаадын байгууллага ямар ч үнэ төлбөргүй эмчилгээ хийж өгч чадаж байна. Гэтэл манай улсын ямар байдалтай байна вэ. Манай Засгийн газар оюутнуудад 70 мянган төгрөг өгөхийнхөө оронд эрүүл мэндийн салбар руугаа жаахан анхаарч болдоггүй юм болов уу. Манай эмч нарын онош япончуудынхтай яг таарч байна билээ. Уг нь монгол эмч нар чадвартай байна. Гэхдээ тэдэнд тоног төхөөрөмж, технологи нь алга байна шүү дээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

