Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/11/29-НД НИЙТЛЭГДСЭН

С.Амарсайхан: Амралтын өдрүүдэд Богд уул руу нийтийн тээврийн хэрэгсэл явуулах боломжтой

ikon.mn
2019 оны 11 сарын 29
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Нийслэлийн ИТХ-ын ээлжит ХХIX хуралдаан өнөөдөр болж байна.

Хурлаар хэлэлцсэн эхний асуудал нь хоёр байршлыг орон нутгийн тусгай хамгаалалтад авах тухай асуудал байлаа.

Тодруулбал, Баянзүрх дүүргийн Гачуурт голын хөндийн Бага Шар хоолойн Бэрх төгөл орчмын хүлэрт намгархаг 103 га газар болон Дээндийн нурууны ховор амьтан, ургамлын баялаг нөөцтэй 6,130 га газрыг орон нутгийн тусгай хамгаалалтад авах тогтоолын төслийг хуралдаанд Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан танилцуулсан юм.

Нийслэлийн нутаг дэвсгэрт улсын тусгай хамгаалалттай газар 3, орон нутгийн тусгай хамгаалалтад авсан газар 4, дүүргийн хэмжээнд тусгай хамгаалалтад авсан газар 24 байдаг бөгөөд орон нутгийн тусгай хамгаалалтад авсан газруудын харуул хамгаалалт, ашиглалт, менежментийн үйл ажиллагааг нийслэлийн Байгаль орчны газар хариуцдаг байна.

Энэ удаа орон нутгийн тусгай хамгаалалтад авахаар оруулж ирсэн Дээндийн нуруунд Монгол орны ховор амьтны жагсаалтад орсон буга үржиж байгаагийн дээр хотжилтын нөлөө, мал бүхий иргэдийн суурьшлын бүс тэлж буйгаас шалтгаалж сүүлийн жилүүдэд энд зэрлэг амьтад олноор нүүдэллэж ирэх болжээ. Тиймээс нэг талаар зэрлэг амьтдыг харж хамгаалах, нөгөө талаар нийслэлчүүд хүүхэд багачуудтайгаа байгальд очоод ан амьтдыг ойроос харуулдаг байгалийн цогцолборт газар бий болгох зорилгоор орон нутгийн хамгаалалтад авахаар санал оруулж ирсэн гэдгээ нийслэлийн Байгаль орчны газрын дарга Э.Баттулга дарга онцолсон.  

Бага Шар хоолойн Бэрх төгөл болон Дээндийн нурууг орон нутгийн тусгай хамгаалалтад авахаар боллоо      

Хэлэлцүүлж буй асуудалтай холбогдуулан төлөөлөгчид асуулт асууж, саналаа хэлсэн бөгөөд энэ үеэр Сэлбэ, Дунд гол орчмыг орон нутгийн хамгаалалтад авч, сурагчид анги хамт олноороо экскурс аялал хийдэг, нийслэлчүүд гэр бүлээрээ аялж зугаалдаг бүс болгох, нийтийн эзэмшлийн гудамж талбайг олон нийтээс булаан “дээрэмддэг” явдлыг цэгцлэх саналууд гарч байв. Түүнчлэн Богд хан уул руу амралтын өдрөөр иргэд олноороо явган аялал хийдэг болсон тул тухайн чиглэлд нийтийн тээврийн шинэ чиглэл гаргах, авто зогсоолыг  нэмэгдүүлэх асуудлыг ч төлөөлөгчид хөндөж байлаа.

Амралтын өдрүүдэд Богд хан уул руу нийтийн тээврийн хэрэгсэл явуулах боломжтой гэдгийг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан хэлж, хариуцсан орлогч энэ асуудлыг ойрын хугацаанд шийдэхээр боллоо.        

Улаанбаатар хотын хэмжээнд орон нутгийн хамгаалалтад авах, тусгай хэрэгцээнд авах шаардлагатай газрууд цөөнгүй байгаа тул ямрыг нь орон нутгийн хамгаалалтад авах, ямрыг нь тусгай хэрэгцээнд авбал зохих талаар судалгаа хийж, 2040 он хүртэл Улаанбаатар хотыг хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулан төлөвлөх, холбогдох газрууд ажлын уялдаа холбоогоо сайжруулах шаардлагатай гэдгийг Нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва тэмдэглэлээр үүрэг болгов.

Ингээд төлөөлөгчдийн 78.79 хувийн саналаар хуралдаанд оруулсан асуудал дэмжигдсэнээр Баянзүрх дүүргийн Гачуурт голын хөндийн Бага Шар хоолойн Бэрх төгөл орчмын хүлэрт намгархаг 103 га газар болон Дээндийн нурууны ховор амьтан, ургамлын баялаг нөөцтэй 6,130 га газрыг орон нутгийн тусгай хамгаалалтад авахаар боллоо. 

 

 

Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс