Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/11/29-НД НИЙТЛЭГДСЭН

Ачааны вагон засварыг үүрэлцэх Хөдлөх бүрэлдэхүүний засварын депо байгуулагдлаа

А.Ням-Өлзий, iKon.mn
2019 оны 11 сарын 29
iKon.MN
Зураг зураг

Сэлэнгэ аймгийн Ерөө суманд орших Баянгол төмөр замын Хандгайт өртөөнд Хөдлөх бүрэлдэхүүний засварын депогийн нээлт өнгөрөгч Ням гарагт боллоо.

Одоогоос 10-аад жилийн өмнө “Болдтөмөр Ерөө гол” ХХК-ийн охин компани болох “Монголиан транс ложистик” ХХК 115 км урттай Баянгол төмөр замыг барьж, ашиглалтад оруулж байжээ. Харин энэ удаад дээрх төмөр замаар явдаг өөрийн эзэмшлийн, 3,000 ачааны хагас вагоныг засварлах хүчин чадал бүхий бүрэн автомат засварын депог ашиглалтад оруулав.

Түүнчлэн уул уурхайн олборлолтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Болдтөмөр Ерөө гол” ХХК-ийн 15 жил, тус компанийн дэд бүтэц хариуцсан “Монголиан транс ложистик” ХХК-ийн 10 жилийн ойг угтан байгуулсан 1,500 хүнийг байрлуулах хүчин чадалтай Баянгол цогцолбор хотхоны нээлт энэ үеэр болсон юм. 

Энэхүү арга хэмжээний хүндэт зочноор Монгол Улсын Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, "Улаанбаатар төмөр зам" хувь нийлүүлсэн нийгэмлэгийн дарга Д.Жигжиднямаа, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Нандинжаргал тэргүүтэй төрийн болон бизнесийн салбарын төлөөллүүд уригджээ. 

Тээврийн вагоны засвар, угсралтын хүчин чадал хоёр дахин нэмэгдлээ 

Монгол Улсад 11,000 хөдлөх бүрэлдэхүүн төмөр замаар явдаг. Түүний 7,000 нь улсынх. Харин “Монголиан транс ложистик”  ХХК 3,003 вагонтой. Үүнээс харахад манай улсын төмөр замын ачаа тээврийн 45 хувийг тус компани дангаараа гүйцэтгэдэг байна.  

Энэ талаар “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн дарга Д.Жигжиднямаа “Төмөр замын тээврийн үйл ажиллагаанд хөдлөх бүрэлдэхүүний засвар, найдвартай ажиллагаа маш чухал. Баянголын төмөр зам дээр шинэ тоног төхөөрөмжөөр тоноглогдсон, шинэлэг технологи нэвтрүүлсэн депо нээгдэж байна. Энэ бол Монголын төмөр замын тээвэрт өндөр ач холбогдолтой юм.

 

Өнөөдрийг хүртэл бүх вагон зүтгүүрийн засварыг Улаанбаатар төмөр замын Зүүнхараа дахь вагон депогийн хамт олон гүйцэтгэдэг байсан. Энэ депо ашиглалтад орсноор Монгол Улсын төмөр замын тээврийн вагоны засвар, угсралтын хүчин чадал хоёр дахин нэмэгдэж байна. 

Уг депо нь Зам тээврийн яамнаас лецинзээ авсан учраас цаашдаа бусад хувийн хэвшил, улсын вагонуудын засвар, үйлчилгээг хийх боломжтой. Өмнө нь Зүүнхараагийн вагон депо нийтдээ 7,000 гаруй вагоны засвар, үйлчилгээг хийдэг байсан бол одоо ачааллаа хуваалцах депотой болоод байна” гэлээ. 

“MTL” депогийн орлогч дарга О.Эрдэнэчулуун: Шинэ депо жилд 1,000 вагон засах хүчин чадалтай 

 

-Баянгол төмөр замын Хандгайт өртөөн дэх Хөдлөх бүрэлдэхүүн засварын депог дэвшилтэт технологиор тоноглосон гэж танилцуулсан. Энэ талаар тодруулахгүй юу? 

-Манай депогийн барилга, газар шорооны ажил 2018 оны наймдугаар сарын 20-ноос эхэлсэн. Тоног төхөөрөмж маань бүрэн автомат, сүүлийн үеийн тоон системтэй. Энэ нь хөдөлмөр хөнгөвчилж, аюулгүй ажиллагааг хангах зэрэг олон давуу талтай. Бид ОХУ-ын “Судотехнология” болон ХБНГУ-ын Хятад дахь үйлдвэр “NSH-CTI”-ээс токарийн машин авчирсан. Мөн БНХАУ-ын “Бээжин Тиэкө Хөли”, “Railteco” зэрэг төмөр зам хариуцсан томоохон үйлдвэрүүдийн тоног төхөөрөмжийг авчирч, суурилуулсан. 

-Шинэ тоног төхөөрөмжийг дагаад өмнө нь манайд хийхэд хүндрэлтэй байсан засвар, үйлчилгээг хийх боломж бүрдсэн гэж ойлгосон

-Өмнө нь хятад вагоныг Монголд засах боломжгүй байсан. Технологи нь ч байхгүй, тоног төхөөрөмж нь ч байхгүй байсан. “Болдтөмөр Ерөө гол” компани олборлосон төмрийн хүдрээ урд хөрш рүү гаргах 100 гаруй км төмөр замтай. Уг зам дээр явдаг манай эзэмшлийн, ОХУ-д үйлдвэрлэсэн 1,000, БНХАУ-д үйлдвэрлэсэн 2,003 вагонтой. Эдгээр вагоныг засахын тулд засварын депо байгуулах нь зөв юм гэсэн шийдэлд хүрээд, өнөөдөр нээлтээ хийж байна.

-Засварын депогийн хүчин чадлын тухайд? 

-Бид эхний ээлжинд өдөрт гурван вагон засварлана гэж тооцож байгаа. Сард 90, жилд 1,000 вагон засах төлөвлөгөө бий. Засварын баталгааны хугацааг гурван жил гэж тооцсон. Гүйлтээрээ ойролцоогоор 250 мянган км байна. 

Боловсон хүчний тухайд голчлон орон нутгийн иргэдийг ажиллуулахыг зорьдог тухай Баянгол төмөр замын Вагоны албаны дарга А.Жигжидсүрэн ярьж байсан. Учир нь “гадны” хүнийг тоон систем бүхий тоног төхөөрөмж дээр дөнгөж ажиллуулж сургамагц “алдчих” тохиолдолд дахиад л өөр хүн сургах шаардлага гардаг байна. Тиймээс тогтвор суурьшилтай ажиллахыг нь бодолцон орон нутгийн иргэдийг сурган ажиллуулдаг тухай учирласан. Энд нийтдээ 280 орчим төмөр замчин ажиллаж байна. 

Ажилчид нь шилэн коридороор явдаг анхны уурхай

 

“Болдтөмөр Ерөө гол”-ын уурхайн будаг нь ханхалсан шинэ хотхонтой танилцахад ёстой л “Хүний хэрэгцээ цөм багтсан” хэмээх дууны мөр санаанд бууж байв. Тус уурхай нь 1,100 гаруй ажилтантай бөгөөд 20/10 гэсэн ээлжээр ажилладаг аж. 

Цогцолбор хотхон нь нийт 18 объекттэй. Ажилчдын амралтын байрнаас гадна оффис, зочид буудал, интернэт кафе, номын сан, фитнесийн өрөө, спорт заал, амралтын өрөө, халуун усны газар, уурын зуух, бохир цэвэрлэх станц гээд дутуу зүйл үгүй. Тэр ч бүү хэл ээлжийн ажилчид амралтын өрөөнөөсөө спорт заал руу эсвэл гал тогоо руу явахдаа гутлаа сольж, гадуур хувцас өмсөх шаардлагагүй. Эдгээрийг холбосон шилэн хүзүүвчээр хэд алхаад л спорт заал руу орох юм. Ерөө сумаас 30 гаруй км-т орших буйдхан газарт ажилчдын амрах боломж, тав тухыг дээд зэргээр хангасан нь үнэхээр гайхмаар. 

“Уурхайн ажилчдын 60 гаруй хувь нь Сэлэнгэ аймгийн харьяат”

“Болдтөмөр Ерөө гол” ХХК-ийн Гүйцэтгэх захирал П.Чулуунхүү “Манай компани үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойших 15 жилийн хугацаанд нийт 303.6 тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлсэн байна.

 

Мөн энэ хугацаанд орон нутгийн төсөвт нийт 1.6 тэрбум, үүнээс түгээмэл тархацтай ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр 199.6 сая төгрөг, тусгай зөвшөөрлийн төлбөрт 435.2 сая төгрөг, газрын төлбөрт 296.1 сая, үл хөдлөх эд хөрөнгийн татварт 272.3 сая, авто тээврийн өөрөө явагч хэрэгслийн албан татварт 290.2 сая, ус ашигласны албан татварт 161.8 сая төгрөгийн татвар шимтгэл төлжээ” хэмээн дурдсан. 

Сэлэнгэ аймгийн ЗДТГ-ын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга А.Эрдэнэгэрэл “Болдтөмөр Ерөө гол” ХХК нь 1,100 гаруй ажилтантай. Тэдний 600 гаруй нь Сэлэнгэ аймгийн иргэд. 

 

Тус компани нь Сэлэнгэ аймгийн хөгжилд онцгой хувь нэмэр оруулдаг. Хамгийн сүүлийн жишээ дурдахад, манай аймаг шилэн гүүртэй аймаг болох зорилт тавин бэлтгэл ажлаа хангаж байгаа. Шилэн гүүрийг 2020 онд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн. Энэ ажлын гол хөрөнгө оруулалтыг “Болдтөмөр Ерөө гол” компани шийдвэрлэж байгаа. Мөн нийгмийн хариуцлагын хүрээнд Ерөө суманд 200 хүүхдийн цэцэрлэгийг иж бүрэн тоног төхөөрөмжийн хамт хүлээлгэн өгсөн. Түүнчлэн Бугант, Дулаанхан тосгоны авто замуудыг ашиглалтад оруулж, Жавхлант суманд хүүхдийн зуны цэцэрлэг байгуулсан гэхчлэн тоочоод байвал олон ажил хийсэн" хэмээн танилцуулсан юм.  

“Болдтөмөр Ерөө гол” ширэм, ган үйлдвэрлэнэ 

Монгол Улсын төмөр замын сүлжээ нийтдээ 1,890-ээд км байдаг. Тэгвэл 10-аадхан хоногийн өмнө энэ тоо 12 км-ээр нэмэгдсэн байна. Тодруулбал, “Болдтөмөр Ерөө гол” ХХК-ийн Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутаг дахь Төмрийн хүдэр баяжуулах үйлдвэрийн 12 км төмөр замыг ашиглалтад оруулжээ. “Монголиан транс ложистик” компани өмнө нь 100 гаруй км төмөр зам тавьсан туршлагаараа уг замыг өөрсдийн хүч, хөрөнгөөр хоёр сарын хугацаанд барьсан байна. 

Энэхүү 12 км төмөр замыг ашиглалтад оруулснаар Сэлэнгэ аймгийн Ерөө суман дахь хүдрийн уурхайгаас түүхий эд тээвэрлэн, Дорноговь аймгийн Алтанширээ суман дахь Төмрийн хүдэр боловсруулах үйлдвэрт хүргэх замыг дөтлөх юм. Тус үйлдвэрт жилд хоёр сая тн төмрийн хүдрийг 66 хувиас дээш агууламжтайгаар баяжуулах юм байна. “Болдтөмөр Ерөө гол”-ынхон баяжуулсан төмрийн хүдрээ кокстой хольж, ширэм, ган үйлдвэрлэхээр зорьж байгаа ажээ.