Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяр нь 2019 оны арваннэгдүгээр сарын 15-ны өдөр Үндсэн хуулийн цэцийн нийт гишүүдэд хандан хүсэлт гаргасан. Уг хүсэлтийг хэлэлцэх Цэцийн нийт гишүүдийн хуралдаан өнөөдөр 11.00 цагт болно.
Энэхүү хуралдаанаар Үндсэн хуулийн цэц Д.Одбаяртай холбоотой асуудлыг зөвхөн түүний гаргасан хүсэлтийн хүрээнд хэлэлцэн шийдвэрлэх тохиолдолд Д.Одбаярыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээс эгүүлэн татах асуудал яригдахгүй бөгөөд тэрбээр Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүн хэвээр үлдэх магадлалтай байна. Учир нь Д.Одбаярын гаргасан хүсэлт нь “Үндсэн хуулийн цэцийн даргын албан тушаалаас чөлөөлөгдөх" агуулга бүхий аж.
Дээрх хуулийн заалтын агуулгыг мэргэжлийн хуульчаас тодруулахад “Эдгээр нөхцөл хоёулаа хангагдаж байж Улсын Их Хурал Цэцийн даргыг эгүүлэн татна гэсэн үг. Цэцийн шийдвэр гарчихаад байхад илгээсэн байгууллага саналаа ирүүлэхгүй бол эгүүлэн татах боломжгүй. Нөгөөтэйгүүр, илгээсэн байгууллага саналаа ирүүлсэн ч Цэцийн шийдвэр гараагүй бол мөн эгүүлэн татах боломжгүй юм” гэх тайлбарыг өгч байна.
Үүнээс үзэхэд өнөөдрийн Үндсэн хуулийн цэцийн нийт гишүүдийн хуралдаанаар Д.Одбаярын зүй бус үйлдэлтэй холбоотой асуудлыг өргөн хүрээнд авч үзэн “Д.Одбаярыг цэцийн гишүүнээс чөлөөлөх буюу эгүүлэн татах нь зүйтэй” гэх шийдвэрийг гаргасан ч энэ нь эцсийн шийдвэр болж чадахгүй аж.
Учир нь дээр дурдсанчлан Үндсэн хуулийн цэцийн дарга, гишүүнийг эгүүлэн татах асуудлыг Үндсэн хуулийн цэцийн шийдвэр, анх илгээсэн байгууллагын саналыг үндэслэн Улсын Их Хурал эцэслэн шийдвэрлэх боломжтой юм.
Д.Одбаяр нь 2016 оны арваннэгдүгээр сарын 17-ны өдөр УИХ-аас нэр дэвшин Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилогдсон тул түүнийг анх илгээсэн байгууллага нь Улсын Их Хурал өөрөө болж таарах нь.
Тиймээс Үндсэн хуулийн цэцээс түүнийг Цэцийн гишүүнээс эгүүлэн татах тухай шийдвэр гарахын зэрэгцээ Улсын Их Хурлаас эгүүлэн татах саналыг гаргаснаар Д.Одбаярыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээс эгүүлэн татах асуудал эцэслэн шийдвэрлэгдэх боломжтой болно.
Нэмж хэлэхэд, Олон улсад энэ тохиолдолд тухайн албан тушаалтан үг дуугүй огцордог жишиг тогтсон. Харин манай улсад төрийн өндөр албан тушаалтан ёс бус үйлдэл, ёс зүйн зөрчил гаргасан тохиолдолд хэрхэх асуудлыг нарийвчлан зохицуулж өгөөгүйгээс хариуцлагын асуудал нэр төдий үлдэх боломжийг олгож байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!