Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/25-НД НИЙТЛЭГДСЭН

Жилийн 8 хувийн хүүтэй НОГООН ЗЭЭЛийг танилцуулах үзэсгэлэн нээгдлээ

Г.Номин, iKon.mn
2019 оны 10 сарын 25
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Ногоон санхүүжилтийн чуулган буюу “Ногоон технологи, Ногоон зээл”-ийг танилцуулах зорилготой арга хэмжээ Туушин зочид буудалд зохион байгуулагдаж байна.

“Эко дулааны шийдлийг Бид дэмжинэ” уриатайгаар явагдаж буй чуулган нь Эко хэрэглээний зээлээр халаалт, дулаалгын шийдэл борлуулах сонирхолтой бүтээгдэхүүн нийлүүлэгч аж ахуйн нэгж байгууллага, иргэд, олон нийтэд нээлттэй зохион байгуулагдаж байгаа юм.

 
Гэрэл зургийг mpa.mn

Чуулганы үеэр зээл олгож байгаа тал, иргэд, болон ногоон зээлийн олголтын талаар мэдээллийг тодруулсан юм.

"Есдүгээр сараас хойш өнөөдрийг хүртэл 20 гаруй өрх манай банкнаас Ногоон зээл авсан"

БОАЖЯ, Орчны Бохирдлыг Бууруулах Үндэсний Хорооны дэмжлэгтэй хэрэгжиж буй Ногоон зээлийг Хас банк, Хаан банк, Төрийн банкнаас олгож байгаа юм. Уг зээлийг жилийн 8 хувийн хүүтэйгээр есдүгээр сараас олгож эхэлсэн хэдий ч иргэдэд мэдээлэл бага байгаагаас үүдэн зээл олголт цөөн байгааг ХасБанкны Эко Банкны хэлтсийн захирал Г.Туул хэлж байлаа.

 
Гэрэл зургийг mpa.mn

Мөн тэрбээр "Манайх 2019 оны есдүгээр сараас Ногоон зээлийг олгож эхлээд байна. Гэхдээ өмнө нь 2017-2018 онд энэ төрлийн зээлийн туршилтын хөтөлбөрийг хэрэгжүүлсэн. Энэ хүрээндээ айл өрхүүд ямар өртгөөр байшингаа дулаалж, ямар үнэтэй халаалт худалдан авч байна вэ гэдгийг судалсан юм. Ингэхэд гэр хорооллын 30-60 м/кв байшинтай айлууд дунджаар 7 сая төгрөгөөр байшингаа дулаалж байсан бол халаагуурыг дунджаар 5 сая төгрөгөөр худалдан авч байсан. Эсгий гэртэй айлуудын хувьд бүр хямд 1-2 сая төгрөгт багтаан халаагуур худалдан авах боломжтой. Тиймээс энэ үр дүнгээ үндэслээд есдүгээр сараас олгож эхэлсэн Ногоон зээлийн шалгуураа боловсруулсан.

Ногоон зээл авах сонирхолтой өрхийн байшингаа дулаалах зардал нь 7 сая төгрөгт багтаж байвал урьдчилгаагүй, түүнээс дээш бол 20 хувийн урьдчилгаатай, халаагуур авах өртөг 5 сая төгрөгт багтаж байвал урьдчилгаагүй, түүнээс дээш бол мөн 20 хувийн урьдчилгаа төлнө. Дулаалгын зээлд хөдлөх болох үл хөдлөх хөрөнгийн барьцаа шаардаж байгаа. Харин халаагуур худалдан авч байгаа тохиолдолд тэр нь барьцаа болоод явчихна.

2019 оны есдүгээр сараас хойш өнөөдрийг хүртэл 20 гаруй өрх манай банкнаас Ногоон зээл авсан. Мөн манайх дулаалгын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 3, халаагуур борлуулдаг 5 ААН-тэй хамтран ажиллаж байгаа хангалтгүй тоо гэж үзэж байгаа. Ногоон зээлийн хөтөлбөр 2020 оны долоодугаар сарын 31-н хүртэл хэрэгжинэ. Энэ хугацаанд 8 хувийн хүүтэй зээл олгоод цааш БОАЖЯ-наас олгох татаас зогсож хэрэглээний зээлийн хүүгээр гэрээ байгуулах учраас иргэддээ энэ хугацаанд амжиж зээл авахыг зөвлөмөөр байна. Ногоон технологи санал болгох ААН-үүдтэй мөн бид хамтарч ажиллахад бэлэн байгаа" хэмээн ярилаа.

Байшингийнхаа халаалтыг цахилгаанаар шийдсэн нь нүүрс түлэхээс бага зардалтай байгаа гэв
 
Гэрэл зургийг mpa.mn

Форум, үзэсгэлэн хамт гарч байгаа энэ удаагийн арга хэмжээнд зээл авч, байшингаа цахилгаанаар халаах болсон БЗД-ийн иргэн Л.Тогтох "Манайх 120 м/кв байшингаа нам даралтын зуухаар халаадаг байсан.

Нүүрс, цахилгааны төлбөр нийлээд сард дунджаар 300,000 төгрөг зарцуулдаг байсан бол 2018 онд цахилгаанаар халаалтаа шийдсэнээс хойш цахилгааны төлбөр 300,000 төгрөг гарч, үүний 100,000 орчим төгрөг нь шөнийн тарифын хөнгөлөлтөөр хасагдаж байгаа.

Жижиг байшин, гэрт үүнээс бага зардал гарахаар байсан учраас би дүү нартаа цахилгаан халаалт тавиулахыг зөвлөсөн" хэмээж байв.

Тэрбээр цахилгаан халаалттай болохынхоо өмнө байшингаа дулаалсан нь үр дүнтэй болсон хэмээн үзэж байгаагаа мөн хэлж байлаа.

М.Тамир: Гэр хороолол дахь байшингуудын 3-4 хувийг л зөв дулаалсан байна

Европын холбоо, Франц улсын хөгжлийн агентлаг, Чех улсын хөгжлийн агентлагийн санхүүжилтээр хэрэгжиж буй "Дулаан шийдэл" төслийг Франц улсын "Жэрэс" олон улсын төрийн бус байгууллага, Чех улсын "Пипл ин нийд" олон улсын төрийн бус байгууллага, Монголын үндэсний барилгын ассоциаци, Гэр иргэдийн оролцоотой амьдрах орчны зураглалын төв, ШУТИС-ын Барилгын эрчим хүч хэмнэлтийн төв нар хамтран хэрэгжүүлж байгаа юм. Төсөл Улаанбаатар хотын гэр хорооллын өрхүүдийг хамрах бөгөөд ялангуяа бага, дунд орлоготой иргэдэд түлхүү чиглэхээр төлөвлөжээ.

Тус төслийн багийнхан Ногоон санхүүжилтийн чуулганд оролцон дулааны алдагдлыг багасгах талаар зөвлөгөө мэдээллийг өгч байлаа.

"Пипл ин нийд" төслийн менежер М.Тамир "Гэр хорооллын 200 мянган өрхийн 60 орчим хувь нь байшинд амьдарч байна. Эдгээр 100 гаруй мянган өрхөд дулаан алдлаа бууруулах талаар мэдээллийг хүргэх нь төслийн зорилго. Дулаан алдагдлыг бууруулснаар түлшинд зарцуулах зардлыг 30-60 хувиар багасгах боломжтой байдаг. Гэтэл бидний хийсэн суурь судалгаанаас харахад нийт гэр хороолол дахь байшингуудын 3-4 хувийг л зөв дулаалсан гэж дүгнэж болохоор байна.

Тиймээс иргэдэд байшингийнхаа дулаан алдагдал хэр хэмжээнд байгааг хялбар аргаар мэдэхэд зориулсан аппликешныг тун удахгүй хэрэглээнд нэвтрүүлэх гэж байна. Иргэд тус аппликешн руу нэвтрэн байшингийнхаа хэмжээ, материал, цонх, насжилт гэх мэтийн талаар асуумжийг бөглөхөд аппликешн дулаан алдагдлыг баримжаагаар тодорхойлж өгөх юм. Нарийн тодорхой хэмжилт хийлгэе гэвэл мөн манай төсөлд хандаж болно. Төслийн зүгээс тоног төхөөрөмжөө аваад очоод хэмжээд өгнө. Энэ үйлчилгээ төлбөргүй бөгөөд тээврийн зардал 20,000-30,000 төгрөгийг иргэнээс авдаг" хэмээн ярилаа.

Иргэд өөрийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн эрчим хүчний хэмнэлттэй цахилгаан халаагуур авах, гэр байшингаа дулаалах, стандартын шаардлага хангасан эко жорлон байгуулахад иргэдэд 40 хүртэл сая төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгож байгаа.  

Нийт 3 тэрбум төгрөгийн дүнтэй гэрээний дагуу иргэн Төрийн банк, Хас, Хаан банкнуудаас жилийн 8 хувийн хүүтэй зээл авах боломжтой юм.

Ногоон зээлийн санхүүжилтийн хэмжээ бага учраас тусгайлсан бүсийг сонгон авч үр дүнг нь харахаар болсон бөгөөд эхний ээлжинд Гандангийн дэнжид амьдарч байгаа өрхүүдэд хөнгөлөлттэй зээл олгож байгаа ч цаашдаа нийслэлийн гэр хороолол дахь 200 мянган өрхөө Ногоон зээл авах боломжоор хангахын төлөө ажиллаж байгаагаа БОАЖ-наас мэдэгдээд байгаа.

“Ногоон технологи, Ногоон зээл”-ийг танилцуулах үзэсгэлэн маргааш өдрийг дуустал Туушин зочид буудалд үргэлжилнэ.

Фото

Гэрэл зургийг mpa.mn